Өмнөд Солонгос шатахууны үнэ өсөхөөс сэргийлж дээд хязгаарыг тогтоохоор боллоо

БНСУ шатахууны үнийг хязгаарлах арга хэмжээ авч, баасан гарагаас эхлэн бензин болон дизель түлшний жижиглэнгийн үнийн дээд хязгаар тогтоохоор боллоо. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа хэрэгжиж буй алхам юм.
Засгийн газар энэ шийдвэрийг дэлхийн газрын тосны үнэ өсөж, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд болон бизнесийн байгууллагуудад учирч буй дарамтыг бууруулах зорилгоор гаргасан байна.
Шинэ журмын дагуу шатахуун түгээх станцууд бензин болон дизель түлшийг засгийн газраас тогтоосон дээд үнээс өндөр үнээр худалдахыг хориглоно. Тус үнийн дээд хязгаарыг дэлхийн нефтийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр долоо хоног тутамд шинэчилж байх юм.
Өмнөд Солонгос нефтийн ихэнх хэрэгцээгээ импортоор хангадаг бөгөөд нийлүүлэлтийн ихээхэн хэсгийг Ойрх Дорнодын бүс нутгаас авдаг. Иймээс бүс нутгийн зөрчил, хямрал нь тус улсын шатахууны үнэ болон эдийн засагт шууд нөлөөлдөг.
Засгийн газар шатахуун түгээх станцуудын үнийг хянах механизмыг чангатгаж, дүрэм зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах боломжтойг анхааруулжээ.
Эх сурвалж: Ройтерс
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.