Улс төрийн мэдээ

Нэг дороос | Н.Учралын Засгийн газар 16 яам 19 сайдтайгаар бүрдлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын даргад С.Бямбацогтыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэнэ. Eguur News агентлаг уг процессийг цаг алдалгүй хүргэх болно.


Нэмэлт: 02:10 цаг

Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлж, сайд нар тангараг өргөлөө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулсан билээ. Н.Учралын Засгийн газар 16 яам 19 сайдтайгаар бүрдэж байна.

УИХ-ын чуулганы хуралдаанд сайдад нэр дэвшигч нараас гишүүд асуулт асууж, хариулт авч үг хэлсэн бөгөөд хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүний тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авлаа. Маргааш уг бүрэлдэхүүнээрх Засгийн газрын анхны хуралдаан болно.

Сайд нарын нэрсийг эргэн сануулахад,

  • Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр
  • Шадар сайд Н.Номтойбаяр
  • Шадар сайд Т.Доржханд
  • ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр
  • Эрчим хүчний сайд Б.Найдалаа
  • Сангийн сайд З.Мэндсайхан
  • Батлан хамгаалахын сайд Д.Батлут
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Боловсролын сайд Л.Энх-Амгалан
  • ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбэт
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан
  • АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
  • ССАЖ-ын сайд Ж.Алдаржавхлан
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан
  • БОУАӨ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ
  • Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир
  • ЦХИХХ-ны сайд Ч.Номин
  • Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан

Нэмэлт: 00:23 цаг

УИХ-ын гишүүд танхимын сайд нараас асуулт асууж, үг хэлж байна

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал,

Ардчилсан нам хоёр жилийн дараа сөрөг хүчний байр сууринд эргэн ирсэнд баяр хүргэе. Төсөв дээр ноён нуруу нь хугарсан шигээ битгий дахиад хугараад явчихаасай. Анхнаасаа хэрэг ярьдаг хуулийн сайдлыг томилж байгаад эсэргүүцэж байгаа. Манай хууль зүйн салбар хэрэг наймаалцдаг улс төрчдийн арга хэрэгсэл болдог гэдэг яриагаа боливол яасан юм бэ. Энэ чинь нийгмийн үнэт зүйл. Улс төрч, нийгэм, хуульд итгэх итгэлгүй болж байна. Хуулийн салбарыг ямар ч амьгүй болголоо. Энэ салбарт одоо нэг өөриймсөг хандаасай.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,

Би бас намын дарга байсны хувьд жаргал зовлонг ойлгож байна. С.Бямбацогтын хийх ажил их байна. Сайд нарын эрх, ямба гэдэг ойлголтыг алга болгох гэдэг ажлыг хийж байж л дараагийн цомхон, мэргэжлийн гэдэг рүү явах юм байна. Сайд нараас асуухад Засгийн газрын хөтөлбөрөөс ядаж гурвыг хэлчих. Ирэх оны төлөвлөгөөнөөс мөн 3, 3 зүйлийг хэлмээр байна. Гоё ярих биш гол зүйлдээ л анхаарах хэрэгтэй. ҮАБ-ын түвшинд харанга дэлдэж байгаа хэд хэдэн асуудал байна. Эрчим хүчний асуудал, Оюу Толгойн хэлэлцээр, мөн Баялгийн санд та нар гар дүрэх гэж байна. Үүнийг Н.Учрал болиулах хэрэгтэй. Ирээдүйд хадгалж байгаа мөнгийг зарцуулахыг бид улдан эсэргүүцнэ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара,

Ерөнхий сайдаас асуухад Б.Энхбаяр чинь АТГ-т шалгагдаж байгаа биш юм уу. Энэ хүн таны Засгийн газарт байхгүй л бол болдоггүй хүн үү. Н.Учралд хэлэхэд, замын эхэнд урвагчтай ханьсвал замын төгсгөлд гашуун байх вий. Чингис хааны ганц үздэггүй байсан юм нь урвалт байсан юм шүү. АТГ дээр гомдол нь баримт нотолгоотойгоо оччихсон байгаа Б.Энхбаяр заавал засаг төрд байхгүй бол болохгүй юм уу.

Ерөнхий сайд Н.Учрал,

Засгийн газрын гишүүдийг томилохдоо АТГ-аас урьдчилан сэргийлэх мэдүүлэг авдаг. Түүн дээр нь үндэслэж томилдог. Тэгэхээр тийм асуудал байхгүй. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд ЗГХЭГ-ын даргаар ажиллавал


Нэмэлт: 23:23 цаг

Асуулт хариулт үргэлжилж байна

ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр,

Ойрх дорнодод үүсээд байгаа асуудлын эсрэг ямар хариу арга хэмжээ авч ажиллах талаарх бодлогын 6 агуулгыг Засгийн газраар хэлэлцүүлээд дэмжсэн.

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням,

Өмнөх Засгийн газарт Оюу Толгойн гэрээтэй холбоотой асуудлаас миний хувьд менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Хэлцэл ер нь тун нааштай буюу хэлцэл шийдэгдэх шатандаа ирсэн.

Онтрэ-гийн хэлэлцээр дээр хувь эзэмшихээсээ илүү роаялти суурьтай хийе гэдэг дээр хэлэлцэж байгаа.

Шадар сайдад нэр дэвшигч Н.Номтойбаяр,

Тойргоос сонгогдсон гишүүд орон нутгийнхаа хөгжиж болох агуулгаар хамтарч ажиллахыг хүсэж байна. Онцгой байдлын тухайд нэр томъёололтой холбоотой, аливаа асуудлыг урьдчилан сэргийлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлд бэлэн байх бодлогыг шинэ түвшинд гаргана гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа,

Засгийн газар тогтвортой байх ёстой гэж боддог. Э.Батшугарт хэлэхэд, амьдарч байсан Бостоны Бэнтлигийн их сургуулийг төгссөн юм байна лээ та. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль байгаа. Уг хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээг дан ганц үзүүлэх биш хүргэх гэдэг концепц бүхий хуулийн төсөл юм. Үүнийг та анхаарч заавал хараарай. Цахимжилт, мэдээлэлжилт сайн байж иргэний мэдээлэл шатлал хооронд алдагдахгүй. Тиймээс үүн дээр та мэдлэг, мэргэжлээ сайн ашиглаарай. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үр бүтээлтэй, үр ашигтай болгох байх гэж их аятайхан нүдээ олсон томилгоо болчихов уу гэж харж байгаа. Өөрийнхөө дэргэд та салбараа гэсэн мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулаарай. Эмч нарт нийгмийн асуудал зөндөө бий. Гэхдээ та сайд болж байгаа учраас иргэд рүү чиглэсэн бодлогуудыг хийгээрэй. Чанарын асуудлыг хөдөө орон нутагт илүү сайн хүргээрэй, дэмжиж хамтран ажиллах болно.


Нэмэлт: 22.30 цаг

Н.Учралын танхимын сайд нараас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Очирбат

МАН хоёр хуваагдаад нэгнээ хулгайч гэж сүүлийн хэдэн сар зарлалаа. 110 сая долларыг Б.Энхбаяр сайдыг авсан гэдэг. Гэтэл Б.Энхбаяр сайд Бортээгтэй холбоотой асуудлыг ярьдаг, хүн шатаагаад алчихсан гэдэг. Энэ их хулгай луйварыг хэзээ тодруулж, тайлагнах вэ

ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч С.Амарсайхан

Энэ улс үнэхээр гэмт хэрэгтнүүдээр дүүрчихсэн юм уу, эсхүл гүтгэгсэдээр дүүрчхээд байгаа юм уу. Нэг бол хуулийн байгууллага ажлаа хийхгүй байгаа юм уу гэдгийг хариуцлагатайгаар ялгаж, салгана

УИХ-ын гишүүн Г.Очирбат

Таны эсрэг ордны гадна болж байгаа жагсаал, бослогыг та хэрхэн дарах вэ. Хэзээ Монгол Улсын иргэд бүгд орон сууцанд орж, аз жаргалтай амьдрах вэ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад нэр дэвшигч Э.Бат-Амгалан

Салбар яамны асуудалтай холбоотой асуултад хариулт өгч болж байна. Гадна байгаа жагсаалтай холбоотой компанид хариуцлага үүрэх хүн би биш. Халуун хавар, хаврын синдром нь эхэлсэн энэ үед сошиалаар бүллиддэг асуудлыг шийдэх ёстой


Нэмэлт: 20:19 цаг

Н.Учралын танхимын сайд нараас хэн юу асууж, тэд юу гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинэ Засгийн газрын сайд нараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Ерөнхий сайд Н.Учрал,

Хурдтай, шуурхай ажиллаж чадаагүй сайд нарыг би тухай бүрд нь хариуцлага тооцоод явна. Сайд нар гишүүдийн хэлж байгаа үгийг сайн сонсож ав. Дөнгөж томилогдож байгаа сайд нараас ямар хүлээлт бий болж байгааг сонсох нь зөв. Би урт, олон юм яримааргүй байна. Сайд нарыг сонгохдоо улс төрийн туршлага зэргийг нь харж байж сонгосон. Миний үе, бидний үеийнхний хүсдэг нийгмийг бүтээхийн тулд ярихгүй, хийж харуулна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир,

Хонь хурга нийлчихсэн юм шиг холион бантан сайд орж ирлээ. Н.Учралд урам хугарлаа. Төрийн түүхэнд яам нь дэд сайд, сайдгүй 5 хонож үзлээ. Та нар энэ хооронд махны үнэ 31 мянга давсан, бензиний үнэ өссөн тухай нэг ч үг хэлээгүй шүү. Харин хэний бүлэглэл яаманд эзэн суух вэ гэдэг л юм боллоо. Бизнес эрхлэгчид өнөөдөр ямар сайд салбарт нь ирэх бол гээд нүдээ бүлтийтэл хүлээж байгаа шүү дээ. Саяхан алалцаж байсан хүмүүс өнөөдөр мөрөө алгадаад нэг танхимд суух юм байна л даа.

Ерөнхий сайд Н.Учрал,

Ө.Шижир зөв үг хэллээ. Элдэв янзын энтертайнмент поп шоу байхгүй. Би ажлаа л хийнэ. Сайд нарын хариуцлага, ёс зүй нэгдүгээр асуудал. Ажлаа хийж чадахгүй сайдын толгойг би илээд суухгүй гэдгээ хариуцлагатай хэлье. Танхим доллар шиг хүн бүрд таалагдах албагүй.

Хууль зүйн сайдад горилогч С.Амарсайхан,

Хардаж болно, гүтгэж болохгүй. Нийгэмд хулгайч дээрэмчид дүүрчихсэн юм уу. Гүтгэлэг доромжлолыг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Хуулийг мөрдүүлж ажиллана.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн

Н.Учрал таныг танхимаа залуу багаар бүрдүүлж, шинэчлэл хийх байх гэж итгэж байсан. Сангийн сайд Б.Жавхлан 5 жил ажилласан. Гэтэл ядаж оронд нь оруулж ирж байгаа сайд нь тооцоо, тайлан мэддэг санхүүгийн хүн оруулж ирж болоогүй юм.

Б.Чойжилсүрэн сайдыг оруулж ирээгүйд талархаж байна. Одоо Б.Найдалаа сайд эрчим хүчний салбарт зоригтой шинэчлэл хийх байх гэж итгэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал,

Олон улсад ийм нөхцөл байдалтай байхад улс төрийн тогтвортой байдлыг илүү бодож байна. Бид гадаад улсад ямар байгааг ойлгохгүй. Тиймээс эрт дүгнэх хэрэггүй байх. Аль болох улс төрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд л томилгоо хийсэн.

Сангийн сайдад горилогч З.Мэндсайхан,

С.Цэнгүүн гишүүнд хариулахад, би өөрөө Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнес судлаач, эдийн засагчаар төгссөн. Сангийн яаманд мөн Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан.

Ойрх Дорнод үүсээд байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн нийтээрээ эдийн засгийн хүндрэл хүлээж байна. Шатах, тослох материалын үнэ өсөх гэх мэт бодит хүндрэлүүд биднийг хүлээж байгаа. Б.Жавхлан Сангийн сайдаар сайн ажилласан, ковидын хүнд үеийг давж гарсан. Энэ хүний бодлогыг үргэлжүүлж, цааш ЗГ-ын бодлогоо хэрэгжүүлээд явна. Татвар төлөгчдийн орлогоор бүрдүүлж байгаа төсвийн зарцуулалт ил тод байх ёстой гэдэг зарчим барьж ажиллана. Ачааны хүндийг үүрээд Сангийн сайдын ажлыг хариуцлагатай хийнэ.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар,

Э.Батшугар гишүүнд эрүүл мэндийн салбарын туршлага байтугай халууны шилэнд явсан туршлага ч байхгүй байх. Н.Учрал сайд зүгээр тоглоод санал тавьж үзсэн байх. Өөрөө татгалзчих байх гээд санал тавьсан болов уу.

Ерөнхий сайд Н.Учрал,

Эрүүл мэндийн салбарт эмч нар сайдаар томилж үзлээ шүү дээ. Тэгэхээр би. Э.Батшугарыг очоод хагалгаа хий гээгүй. Харин энэ салбарыг алдаа дутагдлыг харж, санхүүгийн хүний нүдээр цахимжуулах тал дээр илүү сайжруулж, менежерийн үүргээр ажиллаач гэж томилсон юм.

Эрүүл мэндийн сайдад горилогч Э.Батшугар,

Би эмч биш ээ. Би гэхдээ гадны даатгалын санхүүжилтүүдийг татаж ажиллахын тулд, сайн менежер байхын тулд хичээж ажиллана.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,

Хүлээлтээс доогуур сайд нарыг оруулж ирж танилцууллаа. Өмнөх Засгийн газрыг болохгүй байна гэж л огцруулах асуудал яригдаа биз дээ. Гэтэл яг хэвээрээ орж ирлээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж Н.Учрал сайд яриад байсан ч зүгээр уриа төдий л байж. Сөрөг хүчний үүднээс харвал ашигтай ч болох танхим бүрдэж. Харин олон нийтийн зүгээс харвал маш муу танхим бүрдэж байна.

Боловсролын сайдад горилогч Л.Энх-Амгалан,

Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн О.Батнайрамдал гишүүнд талархаж байгаа. 1.3 их наядын зээлээр Монгол Улсын бүх салбарт боловсон хүчин бэлдсэн. Бүгдийг нь харлуулаад байх шаардлагагүй. О.Сийлэгмаа сүүлдээ хүмүүсийн нэр төрөөр нь шантаажилдаг болчихсон шүү дээ. Тэгэхээр БЗС-г Боловсролын хөгжлийн сан болгож концепцоор нь өөрчилнө.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал,

Би таниас ойлгомжтой зүйл асууж байгаа. АТГ-ын дарга хууль бус шийдвэрийг ил болго гээд албан тоотыг Ерөнхий сайд руу хүргүүлж байсан. Гэтэл энэ биелэхгүй 3 засгийн нүүр үзлээ. Таны тушаал ч байгаа. Үнэхээр хууль бус юм бол хүчингүй болгочих хэрэгтэй. Та эцэслээд дуусга л даа. Үүнээс л ажлаа эхэлье гээд яриад байгаа юм.

ЦХИХХ-ны сайдад горилогч Ч.Номин,

Миний хувьд авилга, ашиг сонирхлын нэг ч зөрчил гаргаж байгаагүй. Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргахын тулд л ажиллаж ирсэн. Би ямар нэг авлигын асуудалд холбоогүй гэдгээ албан ёсоор хэлье.

Нэмэлт: 19:50 цаг

-Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, дэмжсэн сайд нараа чуулганд танилцуулж байна-

Ерөнхий сайд Н.Учрал өөрийн тэргүүлэх Засгийн газрын бүтцийг танилцуулж, сайд нараа УИХ-ын чуулганд танилцуулж байна. Чуулганы хуралдаанд 103 гишүүн ирцээ бүртгүүлсэн ч 60 орчим гишүүн буюу өнөөдөр өглөөний хуралдааны ирцтэйгээр хуралдаан эхэллээ.

Түүний Засгийн газар 19 сайд 16 яам буюу Ерөнхий сайд асан Г.Занданшатарын танхимынхтай ижил тоотойгоор ийнхүү орж ирж буй юм.

Нэмэлт: 17:30 цаг

Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг зарлалаа

Ерөнхий сайд Н.Учрал өөрийн танхимын сайд нарын нэрсийг УЗ дээр танилцуулж, сайдаар томилогдох хүмүүсийг дуудаж уулзжээ.

Одоогоор,

  • Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр
  • Шадар сайд Н.Номтойбаяр
  • Шадар сайд Т.Доржханд
  • ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр
  • Эрчим хүчний сайд Б.Найдалаа
  • Сангийн сайд З.Мэндсайхан
  • Батлан хамгаалахын сайд Д.Батлут
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Боловсролын сайд Л.Энх-Амгалан
  • ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбэт
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан
  • АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
  • ССАЖ-ын сайд Ж.Алдаржавхлан
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан
  • БОУАӨ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ
  • Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир
  • ЦХИХХ-ны сайд Ч.Номин
  • Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан

Нэмэлт: 16:40

-С.Бямбацогт УИХ-ын даргын тамгаа хүлээн авлаа-

С.Бямбацогтыг УИХ-ын даргаар дэмжих томьёоллоор санал хурааж, чуулганы 114 гишүүн оролцсоноос 87 нь дэмжлээ. Түүнийг УИХ-ын даргаар нэр дэвшүүлэхтэй зэрэгцэн УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, ТББХ-оор хэлэлцэж мөн дэмжсэн билээ.

С.Бямбацогт,

Миний бие олон монголчуудынхаа адил эгэл, боргил амьдралд өсөж, хагацал зовлонд хат сууж, хайр энэрэлд хүмүүжин бойжиж хүн болсон нэгэн. Хар залуу наснаасаа ажил бизнесээ босгож, хүн хичээвээс хийж бүтээж болдог гэдгийг эрчим хүч, автозамын салбарт бүтээн байгуулалт хийж явахдаа яс махандаа тултал ухаарсан. Тийм ч учраас татвар төлөгчдөө, ажлын байр бий болгон баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжин ажиллах болно.

Гэхдээ эцэслэн батлаагүй бөгөөд Ажлын хэсэг байгуулж, намын төлөөллүүдийг оролцуулна гэсэн юм. Ингэснээр С.Бямбацогт уг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл МАН-ын гишүүн хэвээр байна.

УИХ-аар түүнийг дэмжсэний араас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Зургийг: УИХ-ын тамгын газар

Нэмэлт: 10.30 цаг

-АН-ын бүлгийн санаачилсан хуулийг дэмжлээ-

ТББХ-ны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлж дууслаа. Дөрвөн санал хураалт явууллаа.

Нэг. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үзэл баримтлалын хувьд зүйтэй гэдэг санал хураалтад байнгын хорооны 23 гишүүн оролцож 19 нь буюу 82.6 хувиар дэмжигдлээ.

Хоёр. Хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэх томьёоллоор санал хураалт явуулахад 23 гишүүнээс 18 нь буюу 78.3 хувиар дэмжигдлээ.

Гурав. Хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 23 гишүүн оролцож 18 нь дэмжлээ.

Дөрөв. Хамт өргөн мэдүүлсэн намын гишүүнчлэлээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад 23 гишүүнээс 18 нь буюу 78.3 хувиар санал дэмжигдлээ.

Өнөөдрийн чуулганаар ТББХ-ны хурал даргалагч Ц.Сандаг-Очир танилцуулна.


Нэмэлт 10:00 цаг

-Л.Гантөмөр: Хуулийн төслийг 7-10 хоногийн дотор батлах ёстой шүү-

УИХ-ын даргыг намаасаа татгалздаг байх заалт бүхий УИХ-ын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд саналаа хэлж байна.

Л.Гантөмөр,

Өнөөдөр улс төрд ямар нөхцөл байдал үүсээд байгааг Ж.Батжаргал гишүүний ярьж байгаагаас харахад та нар ер нь юмаа ойлгохгүй байх шиг байна. Энэ бол асар том хямрал эхлж байна. УИХ дээр ард түмнийхээ дуу хоолойг сонсдог байхын тулд бие даасан байх хэрэгтэй. Сөрөг хүчин нь завсарлага авахаар ганцхан цагийн завсарлага өгдөг байж болох юм уу. Дэлхий дээр хаана ч юм зүйл байхгүй шүү. Ард түмнээс сонгогдсон хүмүүс чинь үгээ хэлдэг баймаар байна. С.Бямбацогт яах вэ ажил хийдэг хүн. Гэхдээ энэ хууль дээр тоглоом шоглоом хийгээд байх шиг байна. Ингэж заваарах юм бол араа та нар өөрсдөө даагаарай. нөөдөр спикер нь спикер шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг, ерөнхийлөгч нь ч ерөнхийлөгч шиг байхаа больчихсон байна Уг хууль 7-10 хоногийн дотор батлагдах ёстой шүү гэдгийг хэлмээр байна. Энэ хууль нь парламентын даргыг УИХ-ыг аятайхан аваад явчихдаг байлгая л гэж байгаа юм.

С.Бямбацогт,

Төр цэгцрэх, ажил цэгцрэх аливаа нэг байдлаар улс төржихгүй байх гэдэгтэй санал нэгдэнэ.Гэхдээ аливаа асуудлыг цогцоор нь хардаг баймаар байна. Үүн дээр хэдүүлээ саналаа нэгтгэх нь зөв. Олон нийтийн төрд итгэх итгэл унаж байгаа учраас дээрээс эхлээд шийдвэрлэх гэж байгаад би өөрөө санаачлаад, үлгэрлээд ажиллана. Аливаа нэг нам бүлэглэлийн эрх ашгийн талд зогсохгүй байх нь зөв өө. УИХ-ын даргыг хэлэлцүүлэхгүй шууд томилдог байх заалт байгаа.

Ийм заалт хэзээ яаж хуульд орчихсон юм. УИХ-ын дарга олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Үүнийг засах ёстой. Одоо орж ирж байгаа энэ хуулийг хүнд зориулж биш хийвэл төгс хийе. Улс төржихгүй, намаасаа түдгэлзээд тодорхой хэмжээнд төвч байр сууринаас хандах ёстой. УИХ-ын даргаасаа буугаад дараагийн ажил амьдрал нь мэдээж явна. Тэр баталгаа нь хаана байгаа юм. Цогц болгож, сайжруулах ёстой. Хэлэлцэхийг дэмжиж байна. Илүү төгөлдөржүүлэхэд хамтарч ажиллацгаая.

О.Алтангэрэл,

Өнгөрсөн хугацаанд АН нэг л шаардлага тавьсан нь УИХ-ын дарга ерөөсөө л намчин биш байя л гэсэн. Нэг намын даргаар УИХ-ыг удирдуулахгүй байя гэсний төлөө төрийн ажил гацаалаа гэсэн. Өнөөдөр та нар хэрүүл зодоон, өширхөол гомдол чинь "Эхнэрийн урхи" цаашаа байгаа шүү. Цаашид Монгол төрийг өс хонзонгоор, хүчээр удирдахгүй байхыг бий болгож дэмжиж өгнө үү


Нэмэлт: 09:40 цаг

-УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар шинэ УИХ-ын дарга намаасаа татгалзана-

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,

Өнөө цагт парламентын спикер төвч байдлаас УИХ-ыг удирдах нь олон ургальч байдлыг бүрдүүлж, бодлогын мэтгэлцээний талбарыг бий болгох, улс төрийн зөвшил, ойлголцлын механизмаас гадна нээлттэй хяналттай төрийн гол эх үүсвэр болох нь парламентын спикерийн чөлөөлөлт, томилгоотой шууд холбоотой.

2024 оны сонгуулиар олон намын төлөөлөл сонгогдож, олонх цөөнхий байр сууринаас намын лидерүүд нь мэтгэлцэж, зөвшилцдөг парламентын ардчиллын тулгуур зарчим Монголд төлөвшиж, хөгжих боломж бий болжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монголд парламентын ардчилал бэхжих, парламентыг намчирхалгүй, сонирхлын зөрчилгүй удирдахад чиглэнэ гэв.

Мөн УИХ-ын даргын гадагшаа хийх улс төр багасч, парламентын дархлааг сайжруулахад нэн чухал гэдгийг онцоллоо.


Эхлэл 09:10 цаг

-УИХ-ын даргыг томилох эсэх болон АН-ын бүлгийн хуулийг зэрэг хэлэлцэнэ-

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад хоёр хүний нэр яригдаж байснаас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд түүнийг МАН-ын бүлгийн хурал дээр дэмжсэн. Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дарга нь намаасаа татгалздаг байх агуулга бүхий хуулийг эхлээд өргөн барих хүсэлт гаргаж завсарлага хүссэн билээ.

Ингэхээр эхлээд АН-ын бүлгийн өргөн барих хуулийг яаралтайгаар хэлэлцэх нөхцөл үүссэн бөгөөд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажлын гурав хоногийн чөлөө хүссэнийг нэг хоногоор хүлээн авсан бөгөөд өнөөдрийн дотор уг хуулийг болон УИХ-ын даргад С.Бямбацогтыг дэмжих эсэхийг хамтад нь хэлэлцэнэ гэсэн тов байна.

АН-ын бүлгийн тавьж буй намаасаа татгалзах гэх шаардлагад С.Бямбацогт, шаардлагатай бол намаасаа татгалзаж, 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Т.БАТСҮРЭН

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Холбоотой агуулгыг хавсаргалаа

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

За, аргаа ядсан юм бэ, татгалзаа гээд гэгээрчих үү? Энэ Еөкийгөө хар л даа. МАН-ыг бүрэн удирдаад л байгаа биз дээ, ямар ч нэмэргүй шийдвэр.

Зочин
Зочин

Самарсайхан, Дамарбаясгалан хоёр ингээд юу ч гүй хоцрох нь энэ үү

Т1т
Т1т

Ард түмний итгэлийг татаж чадахгүй нохойн баас шиг хуйвалдааны бүлгэм байгуулчихаад тэрийгээ доллартай зүйрлэцэн шаажээнэ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Балин
Балин

Т1 хүн тэг дундуур нь..

Зочин
Зочин

Бат Амгалан гаас бусад нь болно доо. Эрүүл мэндийн салбарт ашиг сонирхолгүй хүн гэж Батшугарыг тавьсан болохгүй зүйлгүй....

Зочин
Зочин

3-4 сар тэсэх үү

Зочин
Зочин

Ёоох 2027 он бас 2028 он хурдан болоосой.МАН-с салж амрах юмсан ёстой лайтай новшнууд юмаа...

Зочин
Зочин

Учралын засагт Жавхлан, Чойжилсүрэн нар шиг ачаагаа үүрч чадах сайд үнэндээ алга. Яахав Батцэцэг, Энх- Амгалан, Дэлгэрсайхан нар оногдсон ажлаа бусад руу чихэлгүй хийгээд явчих биз. Бусад нь ч чадамж, мэдлэг, туршлага, ачаалал даах чадвар нөгөө сүрхий хурдны аль нь ч дутах байх даа. Сонголтыг тэргүүн нь өөрөө хийсэн, засаг чинь урт насалж, удаан жаргах болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button