Гадаад мэдээДЭЛХИЙ

2028 онд Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицтай Ж.Д.Ванс Трампаас зайгаа барьж эхэллээ

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль Ардчилсан нам томоохон ялалт байгуулж, америкчууд Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогод дургүйцэж буйгаа саналаараа илэрхийлсэн.

Сонгуулиас өмнө Бүгд найрамдах нам ялагдах эрсдэлийг бууруулахын тулд эрчимтэй кампанит ажил өрнүүлж байсан АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс одоо стратегиа өөрчилжээ. Тэр Трампын бодлогын тухай ярихаас илүү өөрийнхөө улс төрийн байр суурийг тодорхойлж эхэллээ.

“Reuters” агентлагийн хийсэн шинжилгээгээр есдүгээр сараас хойш Ванс Бүгд найрамдах намынхаа байр суурийг өөрийн хариуцсан бодлогоор дамжуулан илэрхийлсэн байна.

Америкийн хэвлэлүүдийн явуулсан санал асуулгууд Трампын рейтинг буурч, улмаар Бүгд найрамдах нам завсрын сонгуульд ялагдах магадлалтайг харуулсан үеэс эхлэн Ванс гол бодлогуудын хувьд Трампаас зай барьж эхэлжээ. Тодруулбал, тэр есдүгээр сараас хойш Ираны дайн болон цагаачдыг албадан гаргах бодлогын талаар бараг яриагүй аж.

Энэ өөрчлөлтийг тэр зориуд хийсэн гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Үндсэн хуулиар Трамп дахин Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжгүй. Мөн түүний рейтинг түүхэн доод түвшинтэй ойролцоо байгаа учир 2028 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицтай Бүгд найрамдах намын гишүүд түүнээс зайгаа барих сонирхолтой байгаа.

Зургийн эх сурвалж: Getty Images

Ванс 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, эсэхээ зарлаагүй. Мөн Трамп ч түүнийг эсвэл өөр улстөрчийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжсэн мэдэгдэл гаргаагүй байна. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар Ванс бол 2028 оны тус сонгуулийн гол өрсөлдөгчдийн нэг юм. Ийм учир тэр 2028 онд ялалт байгуулах боломжоо нэмэгдүүлэхийн тулд тэр Трампын дэмжигчдийг өөртөө татахаас гадна Трампын рейтинг сөргөөр нөлөөлж буй зүйлсээс зайлсхийх шаардлагатай байна.

Өнгөрсөн долоо хоногт Ванс сонгуулийн үр дүнд дүгнэлт хийхдээ харьцангуй шулуухан байр суурь илэрхийлж, өөрийн улс төрийн имижийг бүрдүүлэх алхам хийсэн юм. Тэрбээр өөрийн цахим хуудас дээрээ нийтлэл оруулахдаа Бүгд найрамдах нам ялагдсаны гол шалтгааны нэг нь Ирантай хийж буй дайн гэжээ. Мөн тэр дайныг хурдан зогсоож, америкчуудын амьжиргааны өртөгтэй холбоотой асуудалд илүү анхааран, гадаад харилцааны бодлогоо эргэн харж, Израилтай тогтоосон харилцаагаа шинэчлэх шаардлагатай гэж бичсэн юм.

Энэ нь Ванс Ираны дайныг зогсоохыг анх удаа ил тодоор уриалсан тохиолдол болжээ. Тэрбээр ийнхүү Трампын бодлогоос зайгаа барих болсон ч гурван эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Ванс Трамптай байр сууриа зөрүүлээгүй гэжээ. Мөн Цагаан ордны Тамгын газрын дарга Сьюзи Уайлс Вансын мэдэгдлийг нийтлэхээс өмнө мэдэж байсан гэж эх сурвалжууд онцолсон байна.

Ирантай хийж буй дайны улмаас шатахууны үнэ, инфляц өссөн нь Бүгд найрамдах нам сонгуульд ялагдсанд нөлөөлсөн гэдгийг Трамп хүлээн зөвшөөрсөн ч өмгөөлсөн байр суурь илэрхийлсэн байна. Тэр “Би хийсэн ямар ч зүйлээ өөрчлөхгүй” гэсэн юм.

Ямартай ч Трампын талын консерватив хөдөлгөөн дэх дайныг эсэргүүцсэн дуу хоолой нэмэгдэж байна. Тодруулбал, Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор олон нийтийн сүлжээнд Вансийн мэдэгдлийг дэмжиж, бусад холбоотон адил байр суурь илэрхийлжээ.

Бүгд найрамдах намын стратегич Майкл Рич үзэж буйгаар Ираны дайны талаарх энэ хэлэлцүүлэг Вансыг Трампын дараа консерватив хөдөлгөөний гол төлөөлөгчийн байр сууринд гарахад улам ойртуулж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Америк энэ буруу зөнөсөн өвгөнөөс хурдан салах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button