Улс төрийн мэдээ

С.Амарсайхан: Ерөнхийлөгчийнхөө өмнө өхөөрдөм жаалууд, ард түмний өмнө атомын бөмбөг мэт аашлахаа боль

УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Оюу толгой"-н ногдол ашигтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ 10 мянган төгрөг болно гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс эрс мэдэгдэж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр Ерөнхийлөгчтэй уулзахдаа юу ч хэлэлгүй дуулгавартай нь аргагүй толгой дохин дохин суулаа.

Гэтэл уулзалтын дараахан сайд нараа сумлаж, Сангийн сайдаасаа эхлэн ногдол ашиг тараахгүй гэж мэдэгдэв. Ерөнхий сайд ч чуулганд өмнө хэлсэн үгийнхээ бичлэгийг дахин нийтэлж, Ерөнхийлөгчөө сөрж өмнөх байр сууриа хамгаалж буй мэт жүжих нь бүрч эмгэнэлтэй.

Төрийн Тэргүүнд хэлэх үгээ нүүрэн дээр нь хэлж чадахгүй атлаа уулзалтын дараа гараад бүхнийг үгүйсгэж, яг л өнөө та минь шүү, чи л шүү гэж хөтөлж хөөрөгдөж яваад хажуугаас дүрдэг төрлөхийн зан нь энэ удаа ч бас хөдлөв бололтой.

Орж ирээгүй орлогыг тараах эсэхээр иргэдээс санал асуулга авна. Иргэд «авъя» гэхээр «өгөхгүй» гэнэ. Ерөнхийлөгч хүртээе гэнэ, Засгийн газар эсэргүүцнэ. Иргэдийн итгэл найдвар, сэтгэл зүйгээр хэдий болтол ингэж тоглох вэ?

Иргэд, аж ахуйн нэгжүүд инфляц, шатахууны хомсдол, үнийн өсөлт, өр зээлийн дарамтыг аль хэдийн хангалттай үүрч байна. Нэг улс, нэг төрийн удирдлагууд асуудлаа хоорондоо хэлэлцэж, байр сууриа нэгтгэж, шийдвэрээ тодорхой болгож чадахгүй, иргэдэд зөрүүтэй мэдэгдэл хийсээр л байх уу?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ӨМНӨ ӨХӨӨРДӨМ ЖААЛУУД, АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ АТОМЫН БӨМБӨГ МЭТ ААШЛАХАА БОЛЬ!

Мань мэтээрээ увайгүй улс төр хийдэг байсан бол одоо бүр Улсын Ерөнхийлөгчөөрөө арчаагүй улс төр хийж тохуурхадаг болж. Уг нь төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг.

Төрийн бодлого хувь хүмүүсийн харилцаа, улс төрийн зөрчлөөс шалтгаалж өөрчлөгдөж болохгүй.

ЕРӨНХИЙ САЙД ТА ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙГЭЭ Ч, АРД ТҮМЭНТЭЙГЭЭ Ч НЭГ ХЭЛЭЭР ЯРЬЖ, НЭГДСЭН БОДЛОГО, ТОДОРХОЙ ШИЙДВЭР, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ” гэв

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button