Чингис хаанаа сархад дээр залсан АПУ-гийн Г.Батсайхан, "Жем"-ийн Ц.Цэрэнпунцаг нарын бизнесийн эсрэг ЗГ хуулийн төсөл оруулж ирж чадах уу?

Монголчуудын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний бахархлын бэлгэ тэмдэг болсон Их эзэн Чингис хааны нэрийг Монголд төдийгүй гадаадын улс орнуудад олон төрлийн бараа, бүтээгдэхүүнд ашиглаж ирсэн байдаг. Тэр дундаа Чингисийн нэр, хөргийг брэндээ болгосон сархад, шар айрагны үйлдвэрлэлд монголчууд таатай ханддаггүй ч манай улсад энэ талын тодорхой хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй юм.
Тэгвэл УИХ-ын 2026 оны намрын чуулганы арваннэгдүгээг сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” түүхэн тогтоолыг баталлаа.
Энэ хүрээнд Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав баглаа боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгав.
Чингис хааны нэр, хөргийг ашигласан сархад, шар айраг үйлдвэрлэгчдийн мэдээлэл
Монголын зах зээлд гэхэд л “Чингис Grandkhaan”, “Chinggis Gold”, “Морьтой Чингис”, “Хар Чингис”, “Эзэн Чингис” зэрэг нэртэй сархад, “Чингис” шар айраг олон жил үйлдвэрлэгдэн, худалдаалагдаж ирсэн. Эдгээрийн ард АПУ, UFC групп, “Жем Интернэшнл”, “Сангийн далай” групп, “Premium Nexus” ХК зэрэг ашиг, орлогоороо Монголдоо толгой цохидог компаниуд байна. Тухайлбал, АПУ ХК-ийн тухайд гэхэд л 2025 онд 1.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 207.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Тэгвэл “Чингис шар айраг” ХХК 1997 онд байгуулагдаж, “Чингис” нэртэй шар айргаа зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд сүүлд “Premium Nexus” ХК 90 хувийг нь худалдан авчээ. 2023 оны байдлаар компанийн үнэлгээ 23.9 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан тухай хөрөнгийн зах зээлийн тайланд дурдсан байна.
| Брэнд, бүтээгдэхүүн | Үйлдвэрлэгч компани |
| Чингис хаан (Chinggis Khan) | АПУ ХК |
| Чингис Гранд Хаан (Chinggis GrandKhaan) | АПУ ХК |
| “Хар Чингис” | Спирт Бал Бурам/АПУ ХК |
| “Chinggis Gold” | Жем Интернэшнл ХХК |
| “Морьтой Чингис” | UFC групп |
| “Эзэн Чингис” | Сангийн далай групп ХХК |
“Чингис” шар айраг “Premium Nexus” ХК
Компаниудын эзэмшил, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
| Компани | Тогтоогдсон эзэмшил, удирдлагын мэдээлэл |
| АПУ ХК | Г.Батсайхан буюу Шунхлай Холдинг 56.63%-ийг нь эзэмшдэг |
| Спирт Бал Бурам ХХК | АПУ ХК-ийн охин компани болсон гэдгийг уншигчид мэднэ. |
| UFC групп | Тус группийг үүсгэн байгуулагч О.Амартүвшин компаниа олон жил удирдсан. |
| Жем Интернэшнл ХХК | Нээлттэй мэдээллийн санд Ц.Цэрэнпунцаг, Б.Ойгонжаргал гэсэн хувьцаа эзэмшигчид бүртгэлтэй |
| Сангийн далай групп ХХК | Шүүхийн материалд М.Э, М.Эд гэх хоёр иргэн тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшдэг гэж дурдсан |
“Premium Nexus” ХК Тус компаний хамгийн том хувьцаа эзэмшигчид нь А.Ганхуяг, А.Ганболд гэсэн ах дүүс байна.
“Эзэн Чингис” сархадыг үйлдвэрлэж байсан "Сангийн далай групп" ХХК 202 оноос үйлдвэрлэлээ зогсоосныг онцлох нь зүйтэй. Тамхины тухайд дотоодод Чингис хааны нэр, хөргийг ашигласан бүтээгдэхүүн хараахан үгүй ч олон улсад бол байдаг. Жишээ нь, АНУ-ын навчин тамхины зах зээлд “Gurkha Genghis Khan Churchill” хэмээн бүтээгдэхүүн Famous Smoke худалдааны сайтад таван ширхэгтэй багцаараа $29.99-өөр зарагдаж байна. Харин навчин тамхины зах зээлд зэрэглэл өндөртэйдөө ордог байсан “Gurkha Special Edition Genghis Khan” тамхийг Германы Cigarworld сайтад discontinued буюу үйлдвэрлэл, борлуулалт зогссон бүтээгдэхүүн гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна Чингис хааны нэр, хөргийг шоколад, будаа, тоглоом, аяга, хивс зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнд ашигласан жишээнүүд гадаад, дотоодод бишгүй.
Ямартай ч Үндэсний бахархлын өдрийг угтсан УИХ-ын дээрх тогтоолыг сэтгэл хөдлөлөөр хандсан агуулгаас зайлсхийж бодох учиртай. Олон жилийн турш яригдсан энэ асуудал 2026 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-ын тогтоолоор албажсаны дотор Чингис хааны нэрээр нэрлэсэн бүтээгдэхүүнээс татварын тодорхой хувийг түүх, соёлын өвийг хамгаалахад зарцуулах тусгай сан байгуулах санал боловсруулахыг Засгийн газарт даалгаснаарааэдийн засгийн шинэ зохицуулалтын үндэс болж буйгаараа онцлогтой.
Үүнийг зөвхөн Чингис хааны нэрийг архи, шар айрагны шошгоос авах, эсэхээр хязгаарлаж болохгүй. Үүний цаана үндэсний ухамсар, түүхэн өвийн хамгаалалт, оюуны өмч, бизнесийн ашиг сонирхол, хэрэглэгчийн итгэл, онцгой албан татварын орлого, соёлын өвийг эргэлтэд оруулах төрийн бодлого гэсэн хэд хэдэн асуудал давхар хөндөгдөнө.
Засгийн газар архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчидтэй хэр хурдан ойлголцож, хуулийн төслийг ямархуу байдлаар боловсруулж оруулж ирэх нь сонирхол татаж байна.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.