НИЙГЭМ

А.Тлейхан: Эрчим хүчний үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэдэг ХУДАЛ мэдээлэл

Өнөөдөр /2020.09.02/ Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр цар тахлын үеэр монголчуудын эрчим хүчний хэрэглээ эрс багассаныг онцлоод, үүнтэй уялдуулан үнэ тарифыг уян хатан байдлаар зохицуулах чиглэлд ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

А.Тлейхан:

“Энэ жил эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Аравдугаар сард эрчим хүчний үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэхчлэн худал мэдээллүүд түгж буй тул үүгээр иргэдэд залруулга хийж байна.

Мөн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулж эрчим хүчний салбар дараах гурван зорилтыг тавьж ажиллаж байна. Үүнд,

  • Шинэ цахилгаан станцуудыг барьж байгуулах, станцуудын хүчин чадлыг нэмэх
  • Гаднаас шаардлагатай, хямд өртөг бүхий эрчим хүч импортлох
  • Эрчим хүчний үнэ тарифыг иргэдэд дарамт багатайгаар зохицуулах чиглэлүүд багтаж байна.

Ер цар тахлын үед иргэдийн эрчим хүчний хэрэглээ буурах хандлага ажиглагдсан. Тиймд хямд өртөгтэй эрчим хүчний эх үүсвэрүүдээ бүрэн хүчин чадлаар нь дайчлах, өндөр өртөгтэй эх үүсвэрүүдэд хязгаарлалт хийх бодлогыг баримталж ажиллана. Одоогоор дотоодын цахилгаан станцуудаа ачаалж, импортын эх үүсвэрүүддээ хязгаар тавих байдлаар ажиллаж байна” гэлээ.

-ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ-

Цаашлаад гэр хорооллын айлуудад үзүүлдэг шөнийн тарифын хөнгөлөлтийн журам энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг хэллээ. Уг хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэд зөвхөн өдөр, шөнийн хоёр тоолуур тавиулахад хангалттай гэдгийг онцлов. Өнгөрсөн жил уг хөнгөлөлтөд  нийт 160 мянга орчим өрх хамрагдсан. Үүгээр 11.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ тоог цаашид нэмэгдүүлнэ. Иргэдийн шөнийн эрчим хүч хэрэглээ 40 орчим хувиар өссөн хэмээх мэдээллийг өглөө.

Мөн шинэ оноос өмнө дотоодын цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд засвар, шинэчилгээгийн ажлыг шуурхайлан хийнэ гэв.

Эцэст нь А.Тлейхан, “Мөн цар тахлын үед иргэд цахилгааны төлбөрөө төлөхгүй байх нь ихэслээ. Үүнээс болж 17 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Иймд иргэдийг төлбөрөө цаг тухайд нь хийгээрэй гэж уриалмаар байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button