ЭДИЙН ЗАСАГ

АХБ 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж нэмж олгохоор болжээ

Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох юм.

“Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг цогц арга хэмжээ авч ажилласны үр дүнд дэлхий нийтэд тохиолдсон нийгмийн эрүүл мэндийн хямралаас харьцангуй ангид байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлоод “Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа нөөц дутагдаж байгаа тул АХБ-наас үзүүлж буй энэхүү дэмжлэг нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, оношилгоо, эмчилгээний хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангахад зориулагдах болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улс COVID-19 цар тахлыг дотооддоо тархаахгүй байхад чиглэсэн тандалт судалгаа болон карантины арга хэмжээг сайтар хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй тулгараад байна. Тухайлбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 9.7 хувиар огцом агшсан бөгөөд судалгаа шинжилгээний голлох байгууллагуудын төсөөллөөр оны эцэст эдийн засгийн өсөлт сөрөг утгатай гарахаар байна.

COVID-19-ын халдвар авсан өвчтөнүүдэд тусгаарлалтын дэглэм сахиулах, эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь нэн чухал хэдий ч, холбогдох нөөц бололцоо дутмаг хэвээр байна. Ийм үед дэлхий дахины нөхцөл байдал улам хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангаж чадахгүйд хүрч болзошгүй.

Тиймээс АХБ-наас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй юм. АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү МСХСХ нь АХБ-наас энэ оны 4-р сард зарласан COVID-19 цар тахлын эсрэг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийн нэг хэсэг юм.

Түүнчлэн АХБ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах, хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх зэрэгт зориулан 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт болон “Хүнсний талон”, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 26.4 сая ам.долларын “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг тус тус батлаад байна.

АХБ-наас Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэгийн хүрээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд зориулсан 70 сая ам.долларын санхүүжилт болон төсвийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 100 сая ам.долларын нэмэлт санхүүжилтүүдийг батлахаар ажиллаж байна.

АХБ нь мөн энэ оны 3-р сард Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах болон тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай хэрэгслээр хангахад зориулан олгосон юм. Мөн онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авах болон оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах; хүнсний аюулгүй байдлыг хангах; гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий нийт 3 техник туслалцааны төслийг тус тус батлаад байна.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Тэнгэр заяатай монгол хүн гээд бидэндээ сая саяаар буц####тгүй тусламж,хөнгөлөлттэй зээл гэх мэтийг ноён доллороор өгөөд байгааг эргэцүүлж бодно уу…???Энэ дэлхий дээр төлвөр тооцоогүй цацаад байдаг юм байдаггүй гэх ####тан дүрэмтэй бус ?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button