НИЙГЭМ

“Түгээгч дизель машинуудын 70 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна”

Өнөөдөр /2020.09.04/ Агаарын чанарын хяналтын хэлтсээс НМХГ-тай хамтран өнгөрсөн хугацаанд хийгдсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

-ДАХИН НИЙСЛЭЛИЙН ТАВАН ХОРООНД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН-

Түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэх заалттай 154 хорооны 99 нь гэр хороололд хамаардаг байна. Харин энэ жил шинээр Нийслэлийн таван хороог /Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд/ нэмж, түүхийн нүүрс түлэх хориотой хорооны жагсаалтад оруулжээ.

Ийнхүү дээрх 154 хороонд улсын байцаагч нар ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг зөв түлэх, угаарын хийн мэдрэгчтэй зөв харьцах зэрэг заавар зөвлөмж, хяналт шалгалтыг хийж байгаа аж.

-ТҮГЭЭГЧ ДИЗЕЛЬ МАШИНУУДАД ШАЛГАЛТ ХИЙСЭН-

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр дулаан үйлдвэрлэх зөвшөөрөлтэй ААН-үүдэд хяналт шалгалт хийгддэг. Энэ хүрээнд дизель хөдөлгүүртэй түгээгч автомашин ашигладаг 17 ААН-ийн 281 тээврийн хэрэгслийг шалгажээ.

Ингэхэд 70 хувь нь стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт гарсан байна. Тухайлан дурдвал,

  • “Тэнгэрийн хишиг” ХХК-ийн долоон тээврийн хэрэгслээс зургаа нь
  • “Алтанжолоо” ХХК-ийн 10 тээврийн хэрэгслийн 10 нь
  • “Гацуурт хүнс” ХХК-ийн зургаан тээврийн хэрэгслийн зургаа нь
  • “Эм си эс кока кола” ХХК-ийн 76 тээврийн хэрэгслийн 69 нь стандарт хангаагүй зөрчил илэрчээ.

-ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ ТОГТМОЛ ШИНЖИЛЖ БУЙ-

Холбогдох албаныхан “Тавантолгой түлш” ХК-нд тогтмол хяналт, шалгалт хийдэг гэв. Энэ жилийн хувьд нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд сайжруулсан шахмал түлшнээс 25 дээж авч шинжилжээ. Үүнд нэн ялангуяа иргэдийн дунд асуудал дагуулдаг барьцалдуулагч бодист илүүтэй анхаардаг аж. Мөн түлш хадгалах агуулах саравчнуудад шалгалт хийжээ.

Үүгээр дээвэр нь цоорхой, шалан дээр нь ус тунасан, стандартын шаардлага хангаагүй агуулахад их хэмжээний сайжруулсан шахмал түлш хадгалж байсан зөрчлийг илрүүлжээ.

Иймд албаны хүмүүс торгох, агуулахын ажилчдад мэргэжил, арга зүйн сургалт, зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ авч ажилласан байна.

-1,9 КГ КАННАБИС ХАР ТАМХИ, 73 ШИРХЭГ ЛААЗАЛСАН ТАРВАГАНЫ МАХ ТЭЭВЭРЛЭЖ ЯВЖЭЭ-

Мөн Нийслэл рүү хориотой хүнсний бүтээгдэхүүн, ургамал, ан амьтан, эд өлгийн зүйлс нэвтрүүлэхээр завдсан зөрчлүүдийг нэрлээ.

Үүгээр,

  • 1.9 кг каннабис хар тамхи
  • Ховд-Улаанбаатар чиглэлийн автобусанд 73 ширхэг лаазалсан тарваганы мах
  • Нийт 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс нэвтрүүлэхээр завдсан зэрэг зөрчлүүд бүртгэгдсэн талаар мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button