Нийгмийн

Шинжлэх ухаанч залуустаа ДУРГҮЙ “хурган” дарга нарын балаг нь КОРОНАВИРУС

Гаргасан алдаагаа олж хүлээн зөвшөөрөөд мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох биш, эсрэгээрээ алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүйн хар гайгаар өнөөдөр Монгол Улсад коронавирус алдагдаад байгаа талаар Герман улсад амьдардаг монгол залуу болох доктор Д.Нямбаяр хатуухан шүүмжлээд байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Япон улсын Рикен хүрээлэнгийн төслийн удирдагчаар ажиллаж байсан, одоо Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, АШУҮИС-ийн дэд профессор, болон ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагчаар ажиллаж буй доктор Д.Нямбаяр гэх энэ эрдэмтэн Монголын дарга нар гурван зүйл дээр алдаа гаргаснаас коронавирус дотооддоо алдаад байгааг шүүмжилж байна. Тодруулбал,

1.       Тусгаарлалт

2.       Оношилгоо

3.       Халдвар хамгааллын дэглэм

Тэрбээр энэ талаараа “Тусгаарлалтын наад захын стандартыг хангахгүй зочид буудал, сувилалд яагаад иргэдийг тусгаарлав. Энэ нь халдварыг дотооддоо алдахад хүргэсэн шүү. Яагаад хөл хорио, тусгаарлалт гэж нэрлэв. Өвчтэй хүн, эрүүл хүнийг хооронд нь холихгүй, халдвар халдаахгүй байхыг тусгаарлалт гэнэ. Тусгаарлалтыг ганц, ганцаар нь хийнэ. Тусгаарлалтын үед энд тэндээс ирсэн иргэдийг холиод оруулчихвал тусгаарлалт биш. Анхнаас ийм замбараагүй тусгаарласан, эмх цэгцгүй, бодлогогүй зохион байгуулсан УОК шударгаар буруугаа хүлээх ёстой. Тэдний гаргасан эхний алдаа нь тусгаарлалт.

Оношилгоон дээр ямар асуудал гарав. Гадаадад гацсан монголчуудыг 35 хоног тусгаарлаж байгаа. Гэрийн хорионд 14, тусгаарлалтын байранд 21. Үүнээс болж гадаадаас хүссэн монгол бүхэн ирэх боломжийг бүдгэрүүлсэн. Шинжлэх ухааны үндэслэлээр нь харахад иргэдийг 14 хоног тусгаарлах хангалттай. Монгол Улс шиг 35 хоног тусгаарлаж буй улс дэлхийн хаана ч байхгүй. Түргэвчилсэн оношлуураар хариу нь сөрөг гарлаа гэхэд халдвар аваагүйг шууд тодорхойлох боломжгүй. Монгол Улсын шинжилгээ авч буй хоногууд нь сонин. Коронавирусийн халдварын нууц үе нь 3-5 хоног. Дунджаар 5 хоног гээд бодъё. Тухайн иргэн эх орондоо ирэхдээ онгоцонд халдар авлаа гэж бодъё. Долоо хоногийн дараа шинжилгээ авахад заавал илрэх ёстой. Хэрвээ илрэхгүй бол “Юмыг яаж мэдэх вэ” гурав юм уу таван хоногийн дараа шинжилгээ авъя. Ингээд илрэхгүй бол цоо эрүүл, халдвар аваагүй гэсэн үг. Баталгаатай. 14 хоног тусгаарлаад болчихоор байгаа биз. Тэгэхэд 21 хоног тусгаарлахаар нэгдүгээрт, иргэдэд эдийн засаг, сэтгэл санааны хувьд хүндрэлтэй. Дээр нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл алга. ЭМЯ-ны хурал дээр А.Амбасэлмаа дарга “Коронавирусийн нууц үед 27 хоног дээрээ илэрч байна гэсэн. Яаж тэгж ичихгүй худлаа хэлж чадаж байна аа. Өөрсдийнхөө бурууг нуух, булзааруулах гэсэн явуургүй үйлдэл” хэмээн ярьсан байна.

Д.Нямбаяр тэргүүтэй гадаад дотоодод галуу шувууны мах идэж, юм үзэж нүд тайлсан эрдэмтэн докторууд ЭМЯ, УОК-оос авч хэрэгжүүлж хийж буй үйл ажиллагааг нь шүүмжлэхээр ЭМЯ-ны “хурган” дарга нар ихэд эгдүүцэж, уурсаж хүлээж авдаг гэх. Улмаар гадаадаас “цор цор” гэж байхаар өөрөө ирээд хийгээч гэж амыг нь тагладаг гэх.

Үнэхээр л ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид 14 хоног тусгаарлахад болно гэж байхад манай дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн, ард түмнээ дээрэлхэж чаддагаараа хүч түрэн 21 хоног болгосон нь туйлаас үнэн. Коронавирусийг дотроо алдсан нь тусгаарлагдах хугацаа багадсандаа биш, мэргэжлийн чадварлаг хүмүүсээсээ мэргэжил аргазүйн зөвлөгөө аваагүй, хар бартгаар аймшигт вирустэй тэмцэж чадна гэж бардсаных болж таарч байна. Одоо цагт мэдлэг, туршлага, мэдээлэл л улс орны хөгжлийн суурь нь болдгийг даанч манай дарга нар ухаарч, буруугаа ухамсарлахгүй байгаад гол учир нь байгаа бололтой.

Уг нь манай улс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ажиллаж, маш их туршлага хуримтлуулсан, тус улс орны амжилт, ололтын нууцыг мэдэрсэн мэдлэг боловсролтой алт шиг залуусаа тултал нь дэмжих нь чухал. ЖДҮ сангаа өөрсдөө цөлмөж, төсвийн мөнгөөр ил, далд дургихын оронд чадварлаг залуусаа эх оронд нь авч ирээд, ажиллах нөхцөл боломжоор хангаад, тэднийхээ туршлага, боловсролд найдаад, итгэл хүлээлгээд ажиллуулдаг байсан бол бид өдгөө гадаадаас хаанаас ч хамаагүй, ямар үр дүнтэйг нь ч мэдэхгүй вакцин авах гээд, тэр ч бүү хэл худалдаж авах  мөнгө хайж суухгүй л байсан болов уу. Шинжлэх ухаанч залуустаа боломж олгоод, дэлхийн стандартад нийцсэн туршилтын лаборатори ганцыг ч болов байгуулаад өгчихөд манай залуусын тархи толгой хаанахын ч лаг толгойноос дутахгүй дээ. Ингэж оюуныг дэмжиж, оюундаа хөрөнгө оруулж, оюунлаг залуусаа сонсож байж сая л Монгол Улс дэлхийд өрсөлдөж, дэлхийтэй энэ зэрэгцэх биш үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button