НИЙСЛЭЛОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД

Эрсдэлт 27 мянган иргэн ОНОШЛУУРГҮЙ орон нутгийг зорих нь

Монгол Улс дотооддоо коронавирус алдаад 16 хоног хөл хорио тогтоож, бэлэн байдлын зэрэгт шилжиж бүхий л хүчээр халдварын голомтыг хумихын төлөө ажиллаж буй. Гэвч энэ нь тийм ч амар зүйл биш гэдэг нь илт. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр “Арванхоёрдугаар сараас хойш хөл хориог яах вэ гэдэг асуудал халдварын тархалт хэрхэн үргэлжлэхээс шалтгаална. Одоогийн байдлаар хатуу хөл хориог үргэлжлүүлэх, цуцлах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэрвээ шинээр голомтууд гараад байвал хатуу хөл хорионы дэглэмийг үргэжлүүлэхээс өөр аргагүй” хэмээн үнэн байдлаа хэлсэн.

Энэ цаг үед хамгийн их сэтгэл санааны зовлонтой байгаа хүмүүс бол орон нутгаас ирж хотод “хоригдсон” 27 мянга гаруй иргэд. Хэзээ гэртээ харих бол хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болж буй энэ хүмүүс шийдвэр гарангуут л ум хумгүй орон гэр рүүгээ явцгаана. Шийдвэр хүлээж тэсэхгүй зарим нь бусдад мөнгө төгрөгөө залилуулан байж нас барсны бичиг баримт хүртэл хуурамчаар бүрдүүлж товчоодын хамгаалалтыг хуурч орон нутагтаа очоод тусгаарлагдсан гэх мэдээллийг ч цагдаагийн байгууллагаас өгч байна.  

Шадар сайд Я.Содбаатар “Орон нутгийн иргэдээ энд уяхыг хэн хүсэх вэ. Хурдхан л явуулмаар байна. Гэвч хамгийн их санаа зовоож буй асуудал нь халдвартай хүмүүс орон нутгийг зорих юм бол энэ цар тахал 21 аймагт тархах маш их эрсдэл байна” хэмээж буй. Үнэхээр үнэн. Нийслэл болон тав, зургаан аймагт тархаад буй халдвараа хумиж чадахгүй байгаа бид 21 аймагт халдвар алдвал тэгээд л дуусаа.

Тэгэхээр үүнээс үүдэлтэй нэг чухал асуудлыг анхаарлын төвд оруулахаас өөр арга алга. Юу вэ гэвэл оношлуургүй орон нутаг руу олон мянган хүн очих нь. Энэ бол аюул.

Эрүүл мэндийн яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Одоос коронавирусийн оношлуур аймаг, сумдад бий юу, цар тахлын сэжигтэй тохиолдол гарлаа гэхэд гаргаж ирээд оношлох оношлуур, бэлэн байдал орон нутагт хангасан уу хэмээн тодруулахад “Коронавирусийг илрүүлэх оношлуурыг аймгуудын нэгдсэн эмнэлгүүд рүү хуваарилсан. Улмаар аймгууд нь цаашаа сум руугаа хуваарилах ажлаа хийх ёстой. Нэг аймаг, нэг суманд хэчнээн оношлуур хуваарилах талаар нарийн мэдээлэл би мэдэхгүй. ХӨСҮТ-ээс асуу” гэх нь тэр. Харин ХӨСҮТ-ийн зүгээс “ЭМЯ-наас асуу” гэх хариугаар ам таглав.

Тиймээс бид Увс аймгийн нэгэн суманд нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.

Тус сумын албан эх сурвалжийн өгч буй мэдээллээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа тус суманд Улаанбаатар, болон Сэлэнгээр зорчсон өгүүлэмжтэй таван иргэн зайлшгүй харих ёстой гэх албан бичигтэйгээр сумандаа очсон байна. Мэдээж хууль дүрмийн дагуу тэдгээр хүмүүсийг тусгаарлах ёстой учраас сургуулийн дотуур байранд оруулаад байгаа аж. Тэд Улаанбаатараас гарахдаа коронавирусийн шинжилгээ хийлгэхэд сөрөг гарсан гэх үгтэй л сумандаа очсон байна. Харин тэнд тусгаарлагдах хугацаандаа оношлуулах боломж байхгүй. Яагаад гэвэл суманд одоогоор коронавирусийн ямар нэг оношлуур огт байхгүй, ирээгүй гэнэ. Ядаж түргэвчилсэн оношлуур ч байхгүй аж. Ганц энэ суманд ч биш Увс аймгийн 19 сумдаас дийлэнх нь оношлуурын бараа хараагүй байгаа гэх мэдээлэл олж сонсов.

Тусгаарлагдсан тэр хүмүүс дотуур байранд 14 хоноод л шууд гэртээ харина. Нууц үе нь удаан хугацаанд илэрдэг коронавирусээр өвчилсөн хүн байгаад давтан оношлуулахгүйгээр ингээд гэртээ харивал тэр сумын 2500 орчим иргэд яах вэ. Хэн тэднийг хамгаалж, хэн оношлож, эмчлэх вэ.

За эерэгээр бодож оношлуур байлаа гэж бодоход тухайн хүнээс сорьц аваад аймгийн төв рүүгээ явуулна. Аймгаас цаашаа хот руу явуулж, хотод  нэг хоног шинжлээд хариу нь гартал дор хаяж 3-4 хоног шаардана. Яагаад гэвэл Увс, Баян-Өлгий гэх мэт алс баруун аймгууд Нийслэл хотоод нэгээс хоёр хоног явах хол газар алсдагдсан байдаг.

Дэлхий дахинд коронавирус тархаад бүхэл бүтэн жил болох гэж байхад одоо хүртэл бүх шатны эрүүл мэндийн байгууллагаа бэлэн байдалд шилжүүлээгүй, ядаж оношлуураар хангаагүй байгаагийн учрыг тодруулвал оношлуурын хүрэлцээ хүртээмж муу учраас гэнэ. Өөр бас нэг шалтгаан нь эхлээд эрсдэлтэй байгаа бүс нутагтаа оношлуур тараана. Хамгийн сүүлд эрсдэл багатай аймаг, сумдад оношлуур өгнө гэж дээрээс шийдсэн гэх. Үүнээс үзвэл нэгдүгээрт манай эрүүл мэндийн салбар бүх аймаг, сум, орон нутгаа коронавирусийн оношлуураар хангах боломжгүй нь илт.

Хоёрдугаарт эхний ээлжинд халдвар тархсан аймаг, орон нутагтаа бүх хүчээ хаяж буй нь тодорхой болж байна. Бусад нь одоогоор хүлээх горимд шилжсэн байгаа гэсэн үг байх нь.

Хамгийн аймаар нь одоо 12-р сарын 01-нээс эрсдэлтэй бүс нутагт түгжигдсэн 27 мянган иргэн 21 аймаг 360 сум руу тарж бутраад харьцгаана гээд бод доо. Ямар ч бэлтгэлгүй, оношлуургүй, бэлэн бус байдалд байгаа сум, баг руу иргэд олон мянгаараа явах нь ЭМЯ, УОК-ынхоон.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button