ДЭЛХИЙ

Филиппиний сэтгүүлч дахин баривчлагдлаа

Филиппиний нэр хүндтэй сэтгүүлч Мариа Ресса, Манилла онгоцны буудал дээр дахин баривчлагджээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг гадаад мэдээтэй харьцах хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа аж.

“Rappler” мэдээ, мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч Мариа Ресса өмнө нь 1700 долларын тэнсэн харгалзах төлбөр төлснөөр суллагдсан удаатай. Тухайн үед тэрбээр интернэт орчинд бусдыг гүтгэн доромжилсон хэргээр баривчлагдаад байсан юм.

Хэвлэлийн эрх чөлөөний өмгөөлөгчид түүнийг “Rappler” сайтаараа дамжуулан засгийн газрыг хүчтэйгээр шүүмжилсэн учир ерөнхийлөгч Родриго Дутертегийн овоо хараанд орсон гэж тайлбарлаж байна.

2018 оны нэгдүгээр сараас хойш Мариа Рессагийн эсрэг хууль зөрчсөнтэй холбоотой гэх 11 янзын хавтаст материал бий болжээ.

“Time Magazine” сэтгүүлийн оны нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан хатагтай Ресса онгоцны буудал дээр баривчлагдаж байх үеэрээ сэтгүүлчдэд дараах тайлбарыг өгсөн байна.

“Энэ бол миний эрхийг илт зөрчиж байгаа хэргүүдийн л нэг. Би гэмт хэрэгтэн шиг баригдаад явж байна,гэвч миний үйлдсэн цорын ганц гэмт хэрэг бол бие даасан, хараат бус сэтгүүлзүй хийх гэж оролдож буй явдал”

Өмнө нь хоёрдугаар сарын 13-нд баривчлагдахдаа сэтгүүлч тэнсэн харгалзах төлбөр төлж суллагдахаас өмнө нэг шөнийг шоронд өнгөрүүлсэн.

Мариа Ресса Сан Франциско хотод газардсан даруйдаа цагдаа нарт саатуулагдсан тухай “ABS-CBN” агентлаг мэдээлжээ. Тэрбээр онгоцонд явж байхдаа, өөрийгөө тун удахгүй дахиад баривчлагдаж магадгүй тухай твиттерт жиргэж байв. Мөн цагдаа нарт саатуулагдсаны дараа болж буй үйл явдлын тухай сошиал орчинд мэдээлсээр байсан бөгөөд, цагдаагийн машин доторх гэрэл зургийг авч твиттер хуудсандаа байршуулж байжээ.

Америк болон Филиппин улсын давхар иргэншилтэй Мариа Рессаг хилийн чанадад олон улсын сэтгүүлзүй хийх хуультай холбогдуулан буруутгаж байж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь Филиппин улсын хувьд хэвлэл мэдээлэл нь зуун хувь дотоодын мэдэлд байдаг хуулийн зохицуулалттай аж. 

Харин түүний үүсгэн байгуулсан “Rappler” сайт Филиппинээс хараат бусаар сэтгүүлзүй хийдэг агаад, тус улсын засгийн газрыг удаа дараа хурцаар шүүмжилж байсан юм. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button