BBC: -40 хэмд аж төрдөг Монголчууд
Их Британийн BBC мэдээний агентлаг Монголчуудын одоо хүртэл алдалгүй хадгалсаар буй нүүдэлчин амьдралын хэв маяг, тэсгим хүйтнийг ажралгүй давдаг сэтгэлзүйн тухай нэгэн сурвалжлага бэлтгэжээ. Нийтлэлч, сэтгүүлч Юлиа Денисук өвлийн сүүл, хаврын эхээр Хөвсгөл нуурыг зорьж, тэндхийн сонин содон аж амьдрал, баяр ёслол тэмдэглэж буй уламжлалт соёл, ёс заншлуудтай танилцсан нь энэ аж. Тус сонирхолтой нийтлэлийг та бүхэнд бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
-МОНГОЛЧУУД -40 ХЭМД АЖ ТӨРӨХ НЬ-
Жил бүр ондоо шашин шүтлэг, овог аймгийн Монголчууд эх байгальтай хүйн холбоотой төрснөө баяр болгон тэмдэглэхээр бүс нутаг бүрээс Хөвсгөл нуурт цуглацгаана.
-ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН-
Монголын гурван сая хүн амын тэн хагас нь оршин суудаг, замын түгжрэлд гацаатай Улаанбаатар хотыг ардаа орхин, хөдөө нутаг руу хүлгийн жолоо залахад эгээ л өөр гараг руу аялж байх шиг санагдана. Том хотын хилийг гаталмагц суурин барилга байгууламж, үйлдвэр заводууд тэнгэрийн хаяа хүртэл сунайсан хүний бараа үл харагдах эзэнгүй тал нутагт байраа тавьж өгөх ажээ.
Мөнх Хөх Тэнгэрийн орон гэж нэрлэгддэг Монголын газар нутаг жилийн ихэнхи өдрүүдэд үүлгүй, цэлмэг. Гэвч нарны гэрлийн элбэг хангалуун тусгал хуурмаг байх нь олонтаа. Өтгөн шигүү мод багатай, хүний гараар бүтсэн барилга байгууламжгүй, ногоон өвсөөр өвч бүрэн хучигдсан, бартаа саад ихтэй Монголын тал нутгаар хахирган салхи өөдөө уруугаа үргэлж салхилдаг. Дорно зүгээс Сибирийн салхи “хэтэрхий” их хүйтнийг тээн орж ирэхэд эндхийн цаг агаар онцгой эрс тэс болдог агаад, агаарын температур -40-өөс бууна гэж үгүй.
-МӨСӨН БҮРХҮҮЛ ДЭЭР-
Орос улсын хилийн ойролцоо байх Монголын хойд хэсэгт оршдог Хөвсгөл нуур тус улсын хамгийн том цэнгэг устай нуурт тооцогддог агаад, 2620 км квадрат талбайтай, 244 м гүнтэй. Ус нь нарийн талст бүтэцтэй учир уг нуурыг ‘Монголын хөх сувд’ гэж нэрийдэх нь бий. Жилийн зургаан сард нь Хөвсгөл хүн мал, унаа ачилга ч даахуйц зузаан мөсөн бүрхүүл болон хувирдаг.
Мөсөн дээр анхлан гарахаасаа өмнө Хөвсгөлийн оршин суугчид нуурын савдагт хүндэтгэл үзүүлэхээр өндөр хадны оройд авиран гарч, овоонд мөргөнө. Хөвсгөл нуурын савдгийг нэгэнтээ аргадмагц, сая нуурын мөсийг гишгэхэд аюулгүй боллоо хэмээн үзэх аж.
-АМЬДАРДАГ, АМЬСГАЛДАГ ЗҮЙЛ-
Өглөөний анир гүм ноёрхож байх үес эндхийн агаарт тас нясхийх дуун түгнэ. Хөвсгөл нуурын гадаргуу бүрэн хөлдөж хатуурсан мэт харагдах боловч, мөс гэдэг амьдарч, амьсгалж байдаг эд ажээ. Өдрийн харьцангуй дулаан температурт нуур гэсч, эзлэх талбай нь тэлж байгаа нь тэр. Нар мандсанаас хойш мөсний гадаргуунд даралт бий болсноор хагаралтууд үүсч, аалзны тор шиг хэлбэр дүрсийг бий болгох нь сонирхолтой.
-АМЬДРАЛЫН ЭРТНИЙ ХЭВ МАЯГ-
Монгол орны газар нутаг бараг л зүүн Европтой эн тэнцэхүйц хэдий ч, даруй 130 дахин бага хүн оршин суудаг учир хүн амын нягтшил маш багатайд тооцогдоно. Орчин үеийн хөгжил дэвшил бүрэлдсэн хот суурин хэсгээс гарахад хэдэн зуун жилийн өмнө захгүй тал нутагт зэрлэг адуу янцгааж байсан тэр цагт эргэн очих мэт сэтгэгдэл төрөх аж.
Сүүлийн хэдэн арван жилд ноолуурын бизнес, нэр бүхий металуудын олборлолт тус орны эдийн засагт голлох хувь нэмэр оруулах болсон ч, мал аж ахуйн салбар монгол амьдралын тулгын чулуу хэвээр үлджээ. Тал нутагт аж төрөх гэр бүлүүдийн хоол, уналга гээд амь зуух бүхий л хэрэгцээ нь таван хошуу малтайгаа салшгүй холбоотой.
-ЦЭЦЭН, МЭРГЭН УХААН-
Олон малчин гэр бүл хагас нүүдэлчин хэв маягаар амьдардаг. Эрүүл мэндийн болон бусад нийгмийн хэрэгцээгээ хангадаг сумын төвөөс тийм ч холгүйгээр малаа хариулангаа морь унана, эсвэл бэлчээрийн үржил шимийг сайжруулахын тулд цаа бугаа хөллөнө. Өвлийн турш салхи зонхилох шинжтэй бол малчид уулын бэл, хөндийн нөмөрт тайван суурьшиж авахыг хичээдэг.
Байраа тогтмол сэлгэдэг ийм амьдрал нүүдэлчин Монголчуудын угсардаг сууц болох гэргүйгээр тун хүнд байх нь дамжиггүй. Дугариг хэлбэр нь завсаргүй үлээх салхийг тусгаарлахад дэм болдог бөгөөд, гэрийн физик болон сүнслэг төв болсон зууханд ноцох гал уг дугариг орон зайг дулаан хэвээр байлгаж чаддаг. Гэр таван хүн нийлээд нэг цагийн дотор өлхөн барьж босгож болохоор загварчлан хийгддэг учир айлууд түргэн нүүж суух боломжтой.
-ХАМТЫН ХҮЧЭЭР МЭНД ҮЛДЭХҮЙ-
Морь гэдэг амьтан Монголчуудын онцлог, мөн чанарын салшгүй нэг хэсэг юм. Тэднийг хөдөлгөлгүй хаших хашаа хороо байхгүй байхад Монгол морьд өөрсдөө сүрэглэн амьдарч, нэг бэлчээрээс нөгөө бэлчээр лүү эрх чөлөөтэй идээшэлцгээнэ. Өвлийн хамгийн хахирган саруудад мал сүргээ мэнд үлдээх асуудал олон хүний ухаан санааг эзэмдэх аж.
Зуны ган гачгийн араас өвлийн тэсгим хүйтэн хавсарч малын ашигтай бэлчээрийг үлэмж бууруулахыг эндхийн хүмүүс зуд гэж нэрлэдэг бөгөөд арван жилд ганц удаа л болдог байсан бол сүүлийн жилүүдэд ойр ойрхон тохиох болж, гарз хохирол нь ихсэх болсон гэнэ.
-НУТАГ НУГААРАА-
Хүнд бэрхтэй нүүр тулсан ч, хүмүүс өвлийн саруудыг хүндэтгэхээ, онд мэнд орсноо баярлан тэмдэглэхээ мартахгүй. Жил бүрийн гурван сард хавар айлчилмагц Монголын өнцөг булан бүрээс Хөвсгөл нуурыг зорьсон хөндлөн гулд аялал эхэлдэг. Тэд Хөвсгөлийн Мөсний Баяр үзэх гэж буй нь тэр.
Хар, ногоон цайг сүүтэй хольж, давс хийсэн “сүүтэй цай”-тай халуун сав, шинэхэн хайрсан хуушууртай (махтай гурилан боов гэмээр үндэсний хоол) цүнх сэлтээр зэвсэглэсэн гэр бүлүүд зузаан мөсөн дээр цуглаж, жилийн хамгийн хатуу ширүүн үеийг амжилттай давснаа тэмдэглэнэ.
-УЛАМЖЛАЛТ НААДГАЙ-
Сүүлийн жилүүдэд Мөсний баяр гадны жуулчдын дунд алдартай болоод байгаа юм. Нийт үргэлжлэх хоёр хоногийн хугацаанд оролцогчид эндхийн уламжлалт тоглоом наадгайнуудыг олж үзэх бөгөөд өөрсдөө оролдож үзэх боломжтой. Эхний өдөр, мөстсөн нуурын хөвөөн дээр моринд хөлөглөсөн чарганууд богино зайнд уралдах бөгөөд, үлдсэн хүмүүс нум сум харваж уламжлалт тоглоомоо гүйцээнэ. Харин хоёр дахь өдөр томоохон тэмцээнүүд зохиогдох бөгөөд жинхэнэ чарганы уралдаан, мөсөн сийлбэрийн өрсөлдөөн зэрэг болдог аж.
-БАЯР ТЭМДЭГЛЭХ МӨЧ-
Өөр өөр аймаг, овог отог, үндэс угсаа, шашин шүтлэгийн төлөөлөл болсон хүмүүс нуурын хөвөөндэх гэрт тойрон сууцгааж, тэднийг нэгтгэсэн байгаль дэлхийн хүчинд хүндэтгэл үзүүлж, баяр ёслолын арга хэмжээгээ эхлүүлнэ. Өвлийн саруудад хэчнээн бэрх хатууг туулсан ч, уур амьсгал нь аз жаргалаар дүүрэн.
Орой галын наадам хийж, бөө нар онгодоо урин дуудахын өмнө, хүмүүс ааруул (хатаасан аарц), боорцог (хайрсан хөвсгөр гурилан боов) өрсөн ширээнд тухлан хооллоцгооно. Сүүтэй цайг ханатлаа уух боломжтой бөгөөд, хул аягыг тойргоор дамжуулан айраг амсацгаана. Шөнөдөө гадаа нэлээдгүй хүйтрэх боловч гэрийн дотор дулаан хүүшилсэн хэвээр байх ажээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cialis On Line Italia [url=http://cialibuy.com]Cialis[/url] Buy Non Narcotic Drugs Online Wellbutrin Over The Counter Comparison