Сурвалжилга, Нийтлэл

Хилийн чанад дахь Монголын ЦАГААН САР

Монгол хүн бүхний хүсэн хүлээдэг баярын нэг бол Цагаан сар. Дэлхийн булан тохой бүрд ажиллаж амьдарч буй монголчууд үндэсний уламжлалт баяраа энэ жил хэрхэн тэмдэглэж буйг сонирхоцгооё. Тэд Монгол хэл, соёл, зан заншлыг харьд сурталчилж, мэдрүүлж яваа хүмүүс юм.

АРСЛАНБААТАРЫН НАВЧАА. БНСУ. СЭТГҮҮЛЧ

Цас чахруулан хацраа халуу шаттал алхаж, тээ тэнд нохой хуцаж, сар хүрээлсэн, түг түмэн оддын дор уур цан савсуулан өвөөгийндөө очиж битүүлдэг сэн гэж бодох зуурт уйтгарт Сөүлийн гудамжнаа ажлаасаа тарж метроноос буух хүмүүс үүрээ бусниулуулсан шоргоолжийг санагдуулна... Баяраар Монголоо илүү их санах аж. Цагаан сарын энэ л өдрүүдэд торгон алчуурт боосон цаасан хайрцагтай амттан, чихэр жимс, дарс тэргүүтэн, бэлэг сэлт барьсан хүмүүсээр гудамж, зам дүүрэн. Коронавирустэй байгаа хэдий ч үйлдвэрийн эзэд, албан байгууллагууд ажилчдаа урамшуулж, бэлэг өгдөг уламжлалаа энэ удаад ч орхисонгүй.

Солонгост ирээд хоёр дахь цагаан сараа үзлээ. Өмнө жилийнхийг бодвол энэ удаад цар тахлын улмаас их хумигдмал, төсөрхөн тэмдэглэцгээж байна. Баярын өдрүүд албан ёсоор энэ сарын 11-13-ныг өдрүүдэд үргэлжлэх агаад, таваас дээш хүн цугларахыг хориглосон шийдвэрийн дагуу ах дүү амраг садан, найз нөхөдтэйгөө цахим золголт хийж, хүн бүр дор бүрнээ хууль дүрмээ биелүүлэн, тэрүүхэн тэндээ цомхон тэмдэглэн өнгөрүүлж байна. Солонгост амьдарч байгаа монголчуудын хувьд уламжлалт идээ шүүсээ бэлдэн Монголд байгаа ах дүү нартайгаа амар мэндээ мэдэлцэн, хэд хоног сайхан амарч авах нь л хамгийн чухал байдаг.

Ойролцоох далайн эрэг, цанын баазууд захиалга ихтэй байгаа тухай мэдээгээр нь онцолж, Солонгосчууд агаарт гарч, замын урсгал ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа тухай анхааруулсан зурвас утсанд ирж сануулга өгсөөр байна. Манай гэр бүлийн хувьд Инчон хотод байдаг үеэл ахындаа очдог хэдий ч энэ удаад дүрмийн дагуу гэртээ халуун ам бүлээрээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын бас амралтын энэ цөөхөн өдрүүдэд Солонгост амьдардаг монголчууд төдийгүй дэлхийгээр тархсан Монголчууд маань эх орныхоо тухай эерэг сайхан мэдээ мэдээлэл, чанар хийц сайтай урлагийн контент, хуучны сайхан Монгол кинонуудыг илүү их эрэлхийлж, хайж үзэхийг маш их хичээдэг дээ. Одоо суманд минь сайхан өвөл болж байгаа даа.

Буйдхан суурингаа, өвөө эмээгийнхээ цагаан сарыг, морьтой хүн, шонгийн мод, ширмэн тогоо, гуулин данх ер санахгүй юм гэж алга... Юмтай ч бай, юмгүй ч бай, асуудалтай ч бай, аз жаргалгүй ч бай, гунигтай ч бай, гутардаг ч бай... Яадаг ч бай Эх орон шиг минь сайхан газар дэлхийн хаана ч байхгүй гэдэгт би ам бардам цээж дүүрэн хэлнэ ээ. Солонгост амьдарч байгаа Монголчуудаа төлөөлөөд та бүхэндээ сар шинийн халуун мэндийг дэвшүүлье!

БАТТУЛГЫН ЗОЛЗАЯА. ГЕРМАН. ОЮУТАН

Германд байгаа монголчууд, ялангуяа залуучууд хоорондоо их холбоотой байдаг юм билээ. Дотуур байранд надаас гадна барилга, техникийн салбараар суралцаж буй монгол оюутнууд байдаг юм. Шинэ жилээр ихэнх нь баярын амралттай байсан учир цуглаж, цугтаа хоол хийцгээн баярлаж өнгөрүүлсэн. Харин битүүний урд өдөр цугларч буузаа хийлээ. Азаар ойрд цастай, хүйтэн байгаа учир гадаа хөлдөөсөн.

Миний хувьд энэ жилийн цагаан сараар найз залуутайгаа хамт галт тэргээр явж, гэр бүлийнхэнд нь золгохоор төлөвлөсөн байгаа. Монголд байхдаа дээл өмсдөггүй байсан ч Герман руу ирэхийн өмнө зорьж, зорьж дээл авсан. Цагаан сараар үндэсний дээлээ өмсөнө өө.

ХАЛТАРЫН БОЛОР-ЭРДЭНЭ. ФРАНЦ. ЗОХИОЛЧ

Францад ажиллаж, амьдарч буй монголчууд яг л Монголд байгаа юм шиг цагаан сараа тэмдэглэдэг. Цонхоор харахгүй л бол яг л Улаанбаатарт байгаа юм шиг санагддаг. Нэг онцлог нь ганц Франц ч гэлтгүй Европт байгаа монголчууд ул боовноос эхлээд цагаан идээгээ өөрсдөө хийдэг. Өрх болгон л үйлдвэрлэгч болж, Монголд хэрэглэдэг байсан бүх юмаа л өөрсдөө хийж байна. Бие биедээ өөрсдийнхөө хийж чаддаг юмаа зааж өгдөг группүүд ч бий.

Харин Франц хонинд монгол хониных шиг сүүл байхгүй тул ууц тавьдаг айл ховор. Ууцныхаа оронд үхрийн өвчүү юм уу, үхрийн мах чанаж тавьдаг. Биднийг үхрийн бүтэн өвчүү авахаар махны худалдаачид их гайхдаг л даа. Өнгөрсөн жил манайх өвчүүгээ захиалгаар хүргүүлж авсан юм. Гэтэл дундуур нь хөрөөдчихсөн байсан. Маш их харамссан.

Өнгөрсөн жилийн тухайд цагаан сар тэмдэглээгүй, гэртээ л ёсолсон. Энэ жил ч мөн гэртээ ёсолно. Ул боовоо өөрсдөө хийж, идээгээ ном ёсоор нь зассан. Мөн буузаа өөрсдөө хийж, үхрийн мах чанаж тавьсан. Өнөөдөр гэр бүлийнхээ хүрээнд ёсолж, хүүхэдтэйгээ золгоно доо.

Хүн ер нь эх орноосоо холдох тусмаа улам л төв рүүгээ тэмүүлсэн үзэл санаатай болдог юм билээ. Тэр ч утгаараа Францад байгаа монголчууд цагаан сараа ёслол төгөлдөр хийдэг. Үндэсний хувцсаа монгол руу захиж, шинийн нэгний өглөө үндэсний хувцсаа өмсөөд хотынхоо хамгийн ахмад настан дээр цугтаа очицгоодог.  

Ер нь бол энд ажиллаж, амьдарч буй монголчууд Цагаан сар болон наадмаар үндэсний хувцас их өмсдөг. Дээл өмсөөд гудамжаар явж байхад хүмүүс их сониуч харц шиддэг. Тээр жил гэр бүлээрээ хос дээл өмсчихсөн цахилгаан шатанд явж байхад нэг хүн “миний харж байсан үндэстнүүдийн хувцаснаас хамгийн үзэсгэлэнтэй нь монгол хувцас” гэж хэлж байсан.

Ер нь бол бид монгол соёл, ёс уламжлалыг хэр чадлаараа, өөрсдийнхөө хэмжээнд таниулаад явж байгаа л гэж боддог. Нөхөр бид хоёр сургуулиуд дээр урилгаар очиж, хүүхэд багачуудад монгол соёл, мал аж, ахуйн тухай ярьж өгдөг. Хүүхдүүд ч маш их зүйл сонирхож, асуудаг шүү.

БЯМБАСҮРЭНГИЙН ОЧИРГЭРЭЛТ. ЯПОН. ОЮУТАН

Япон улсад эрчим хүчний инженерийн чиглэлээр гурав дахь жилээ суралцаж байна. Өнгөрсөн жилийн битүүний өдөр дотуур байранд амьдардаг монгол оюутнууд цугларч, бууз хийн ширээ засаж, сонин сайхан зүйлс ярилцан өнгөрөөсөн. Харин шинийн нэгэнд дээл, малгайгаа өмсөн хоорондоо золгоцгоосон. Тэр өглөө эмэгтэй оюутнууд дээлээ өмсчхөөд цайныхаа дээжийг япон байшингуудын дундах бяцхан чөлөөнд мандах наранд өргөж байгааг харах гайхалтай байсан. Их “хөөрхөн” санагдсан.

Мөн монгол эмэгтэйтэй үерхдэг Нидерланд залуу монгол дуу дуулж, монгол дээл өмсөн бидэнтэй золгоход их сэтгэл хөдөлсөн. Өөр улсын иргэн ч гэлээ сайхан сэтгэгдэл төрүүлж, харах өнцгийг маань нэгээр нэмж өгсөн. Харин энэ жилийн тухайд монгол оюутнууд ихэнх нь нутаг буцсан тул тэмдэглэхгүй ээ. Тэгээд ч коронавирусийн халдвар цаг, минут тутамд л бүртгэгдсээр байна шүү дээ.

Нэгэнт яриа дэлгэснийх үүнийг ярилгүй өнгөрч боломгүй. Манай ангийн бүх оюутан надаар нэрээ монгол бичгээр бичүүлэхийг хүссэн. Маш бахархалтай санагдсан тул тэдний нэрийг монгол бичгээр бичиж өгсөн. Хүн ер нь тэгээд өөр улсад амьдарч байхдаа л эх орон гэдэг зүйлийг илүү ойлгодог юм байна.

ГАНХӨЛӨГИЙН ДҮҮРЭНЖАРГАЛ. ТУРК. УТГА ЗОХИОЛ СУДЛААЧ

Турк улсад ирээд гурван жил болж байна. Энд ажиллаж, амьдарч байгаа монголчууд цагаан сарыг их цомхон тэмдэглэдэг санагдсан. Ихэвчлэн ажлын өдөр таарчихдаг болохоор ажлаа тарж ирээд тэмдэглэдэг. Монголчууд хамтдаа байр түрээсэлж амьдардаг болохоор тэмдэглэлт баяруудаар нэгнийдээ цугларч, ширээгээ хамтдаа засацгаадаг. Цагаан сарын хувьд байрныхаа хамгийн өндөр настныд орж, цугтаа ширээгээ засдаг. Энэ жил ч мөн байрныхаа хамгийн өндөр настныд цугларч байна.

Ул боов олддоггүй болохоор цагаан самар, ёотонгоор л идээгээ засдаг. Сүү цагаан идээ элбэгтэй газар тул эндээс монгол архи олддог. Харин шинийн нэгний өглөө зүг чигээ бол гаргадаггүй. Мөн хүний нутагт золгодоггүй гээд хоорондоо золгодоггүй. Миний хувьд өнгөрсөн жилийн цагаан сараар ажил руугаа дээл өмсөж очсон. Хүмүүс нь задгай энгэртэй юм өмсдөг атлаа битүү энгэртэй юм өмсөөд очтол “гоё байна, гоё байна” л гээд байсан.

ЦЭРЭНЖАМЦЫН МӨНХЗАЯА. БНСУ

Миний хувьд 10 жилийн өмнө БНСУ-д сурахаар ирж байсан. Одоо гэр бүлийн хамт эндээ ажиллаж, амьдарч байна. Анх ирээд таньж мэдэх хүнгүй байсан тул цагаан сараар бууз хийж идэж байсан. 

Энд ажиллаж, амьдарч буй монголчууд цагаан сараар амардаггүй, ажиллаж байдаг болохоор баяр ёслолд бэлдэх хугацаа хомсхон байдаг л даа. Гэсэн ч ёс заншлаа маш их дээдэлж, Монголд байгаа мэт л хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хэвийн боовтой төстэй боорцог хийж, хэсэг бүлэг нь бэлэн бүтээгдэхүүн нарийн боовоор орлуулан бэлтгэлээ базааж ойр тойрны найз нөхдөөс ахмад гэж үзсэн ах эгчийндээ цуглан тэмдэглэдэг. 

Харин шинийн нэгэнд эртлэн босож, Монголд байгаа гэр бүлийнхэн рүүгээ залгаж онлайнаар золгодог. Мөрөө гаргадаггүй.

Энэ жилийн тухайд бол Солонгос улсаас гаргасан журмыг дагаж мөрдөнө. Нэг дор таваас дээш хүн цугларахыг хориглосон тул гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-13 01:39

Онгоцонд төрсөн хүүд ганх�##�өг гэж нэр өгч байсан тэр мөнүү. З�##�уусаа эх орондоо ирвэл хөдөлмөр бүр чинь эх орноо хөгжүүлэхэд нэмэр болно

Зочин
Зочин
2021-02-13 18:55

хаана ажил амьдр�##� байна тэнд хүн байх эрхтэй. битгий бусдыгаа буруутгаачдээ. дэлхий нэг цул бөгөөд нэгэн гараг дээр бид байгаа болохоор хүн бүр өөр өөрийн эх орон гэр орондоо л байна гэсэн үг. уужуу сэтгэл гаргаж зөв зүйл бодож амар тайван байх нь дээдийн жарг�##� шүү хүмүүсээ

Холбоотой мэдээ

Back to top button