Ярилцлага

И.Мөнхжаргал: Угтаа би З.Энхболдын дарга явсан

Ц.Тувааны гэгдэх нэрээр олон нийтэд ойлгогдож буй АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Та бүхэн О.Цогтгэрэлийг намын даргаар батламжлуулах хүсэлтээ УДШ-д хүргүүллээ. Эндээс ярилцлагаа эхэлье. С.Эрдэнэ бол УДШ манай талыг л гарцаагүй бүртгэнэ хэмээж буй шүү дээ?

-Энэ нам 200 мянга гаруй гишүүнтэй, тэдний 70 гаруй мянган хүн нь сонгуульд саналаа өгсөн, тийм баримтыг бид УДШ-д хүргүүлж буй. Энэ өөрөө хангалттай нотолгоо болов уу. Харин ийм учраас баталгаатай, эсвэл тийм учраас баталгаагүй гэдэг зүйл ярих нь асуудлыг хэт ахуйн хэрүүл рүү аваачдаг л даа.

-Сонгуульд булхай орсон, асар их мөнгө тараасан гэх мэт яриануудад ямар тайлбар өгөх вэ?

-Тайлбар өгөх гэхээр, хаанаас тийм мэдээллүүд авсныг чинь мэдэхгүй байна. Аливаа нэг сонгуулийн байгууллага өөрт ирсэн өргөдөл гомдлыг л хэлэлцэн шийдвэрлэдэг. Харин Дотоод сонгуулийн хороонд нэр дэвшигчээс болон өөр хэн нэгэн хөндлөнгийн этгээдээс мөнгө тарааж байна, сонгогчийг татах зорилгоор бараа тарааж байна гэх нэг ч гомдол ирээгүй байна. Гомдол ирээгүй байхад тэнд нэг хөндлөнгийн хүн ярьсны өмнөөс тайлбарлах боломжгүй.

-Нэр дэвшигчдээс сонгуулийн зардал хураасан Хас банкан дахь данс хууль ёсны биш гэдэг зүйл яригдсан. Энэ сонгуульд итгэл алдарсан томоохон шалтгаануудын нэг нь байх?

-Дотоод сонгуулийн хороо бол байнгын ажиллагаатай байгууллага биш. Сонгууль зохион байгуулах тухайн нэг үедээ зардлын данс гэж байгуулдаг. Өмнө нь ХААН банканд нээж байсан. Энэ удаа “Хас” банканд данс нээсэн, үүнийг битгий хүлээн зөвшөөр гэдэг гомдлыг С.Эрдэнэ гаргасан байдаг, Монголбанк хяналт шалгалт хийсэн байдаг. Ер нь сонгуульд зарцуулсан зардлын тайланг л мэдээлэх үүрэгтэй данс гэж ойлгож болно. Данстай холбоотой асуудлыг хэтэрхий улс төржүүлсэн л дээ. Уг нь АН гэдэг нэг л данстай байх ёстой. Гэвч тэр дансыг ашиглаж болохгүй байсан, яагаад гэвэл даргынх нь асуудал маргаантай байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН учраа олох асуудлыг УДШ шийдвэрлэхээр буй. Түүнээс өмнө хоёр тал ширээний ард суугаад хэлцэл хийх боломж бий юу?

-Сонгуулийн үр дүнгээр хэн нэгэнтэй наймаа хийж болдоггүй. С.Эрдэнэ гэдэг хүн ажлаа өгөөд огцорсны дараа дараагийн даргыг тодруулах сонгуулийг зохион байгуулах ёстой. Харин сонгууль зохион байгуулдаг байгууллага нь Дотоод сонгуулийн хороо. Гэтэл хуучин удирдлага маань тэндээ тоглоомын, бас нэгэн сонгуулийн хороо байгуулаад, албан ёсны сонгууль явуулж буй мэт төөрөгдөл үүсгээд явчихсан. Тэгэхээр аль процесс нь хууль, дүрмээ барьсан нь ойлгогдох байх. Гэхдээ 70 мянган гишүүний саналаар гарч ирсэн сонгуулийн үр дүнг хэн нэгэнтэй зөвшилцөж, наймаалцаж болохгүй.

-Хоёр сонгууль нэгдэж явагдах тал дээр ямар байр суурьтай байсан бэ. Нөгөө талын хувьд Бид уг нь нэгдье гэж өчнөөн хүссэн гэх агуулгаар гомдоллож байгаа?

-Байж болох уу гэдгийг нь би чамаас асуумаар байгаа юм. Нэр дэвшигчдээ бүртгээд, сурталчилгааны хоногууд эхэлчхээд байхад хажууд нь тоглоомын сонгуулийн байгууллага ажиллаад эхэлсэн. Тэгэнгүүтээ сурталчилгаа нь эхэлчихсэн хүмүүст сонгуулиа нэгтгэж явуулъя гэж уриалах нь өөрөө яаж уялдах юм бэ. Намын их хурлаар хэлэлцэж, энэ Дотоод сонгуулийн хороог байгуулсан байдаг. Олгогдоогүй эрхийг хэн ч эдэлж болохгүй, надад энэ сонгуулийн хороонд л сонгуулиа дүрэм, журмын дагуу зохион байгуулах үүрэг өгсөн. Түүнийгээ л хууль, дүрмийн дагуу биелүүлж буй.

-Ингэхээр хүмүүс төөрөлдөж байгаа. С.Эрдэнэ бол яг таны ярьсныг буцаагаад ярьчихаж буй. Түүний мэдэгдлийг сонссон хүмүүс эсрэгээрээ энэ Дотоод сонгуулийн хороог тоглоомын гэж ойлгоно. Үүнийг яаж зааглаж, ялгаж салгаж ойлговол зохих юм бэ?

-Одоо яг үүнийг нэг талд нь гаргах гээд УДШ-д хандаад байна. Яагаад гэвэл энэ асуудлыг намын дотоод институц хянах боломжгүй болоод эхэллээ. Уг нь 70 мянган гишүүний санал бидэнд цаасаар байж байдаг. Эдгээр гэх мэт холбогдох бүх баримт, материалуудаа УДШ-д хүргүүлсэн байгаа.

-С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу та бүхэнд хариуцлага тооцно гэж байсан. Тэр тухай асуудлаар хандсан уу?

-Би хэвлэлээс нэг мэдээ харлаа, хэрэв үнэн бол С.Эрдэнэ дарга хоёр дахь удаагаа тамгаа өгсөн юм байна. Тэгээд жирийн гишүүн болсон, бодвол. Тэгээд ямар хариуцлагыг хэнтэй тооцох гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Хариуцлага гэдэг юм бол дүрэм зөрчсөн хүмүүст, дүрмийн хорооны байгууллага дүгнэлт гаргасан нөхцөлд тооцдог зүйл. Тэгтэл дүрмийн хороо ямар нэг асуудал хэлэлцээгүй байхад түрүүлж хариуцлага яриад буй. Жаахан хууль гадарладаг хүмүүс бол С.Эрдэнэ гэдэг хүн дүрэм, журмын процессыг шууд товчилж яриад байгааг ойлгох байх. Нийгэм болохоор хариуцлага тооцно гээд л ярьчихаар тооцох юм шигээр ойлгодог, нэг тийм пи-ар тоглолт болоод байна л даа. Надад нэг хүндрэлтэй байгаа зүйл нь, сонгуулийн байгууллага удирдаж байгаа хүн өөрийнхөө санаа бодлыг улс төрийн мэдэгдлээр илэрхийлж, манлайлж болдоггүй. Энэ албан тушаалд хүлэгдээд байгаа учраас тэр хүний өмнөөс гарч ирээд ахуйн хэрүүл хийгээд, заргалдаад явах боломжгүй байгаад байна.

-Намын гишүүд бол хуваагдаагүй. Дотоод сонгуулийн хороо л хоёр хуваагдсанаар энэ хагарлын эхлэлийг тавьсан гэж талууд ярьж байна. Хэзээ энэ асуудал үүсчхэв ээ. Таныг бол ноднин зун цахим сонгууль хийнэ гэж байгаад л гэнэт хувирчирхсан хэмээн онцолж буй?

-Цахим сонгууль хийнэ гэж байснаа сүүлд хувирсан гэдэг зүйлийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ярьсан байна билээ. Би энэ хүнийг хуулийн байгууллагад болон цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Гүтгэсэн гэж. Цахим сонгууль явуулах боломжийг судалж үзсэн үү гэвэл үзсэн. Эргээд харвал С.Эрдэнэ дарга бид хоёр хамт гарч ирээд, намын дарга ажлаа өглөө хэмээгээд сонгууль зарлаж байсан. Гэтэл өнөөдөр, хамтдаа сонгууль зарлаад зогсож байсан хүнээ Дотоод сонгуулийн хорооны дарга биш гэж байгаа хүнийг би юу гэж ойлгох вэ. Мэдээж сонгуулийг хойшлуулсан, цар тахлын үед хэрхэх нь зүйтэйг бодолцсон. Ингээд он гарсны дараа сонгуулиа зарлая гэхэд С.Эрдэнэ дарга зөв шүү л гэж байсан. Энэ хүртэл С.Эрдэнэ сонгуулийн байгууллагаа хүлээн зөвшөөрч явсан байхгүй юу.

Харин зөрөлдсөн нэг шалтгааныг би хэлж өгье. Намын мянга, мянган гишүүдээс АН-ын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд явагдвал манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй юм биш үү, тийм учраас дүрмийнхээ хүрээнд богино хугацаанд сонгуулиа хий л дээ гэдэг хүсэлтүүд ирсэн. Бид үүний дагуу дүрэм, журмаа хараад 30 орчим хоногоор товыг наашлуулсан. Гэтэл энэ С.Эрдэнэ гэдэг хүнд энэ таалагдаагүй. Яагаад гэвэл товыг наашлуулснаар АН-ын даргыг өөрөөс нь хамааралгүй тодруулах болчихсон, ийм учраас эсрэг мэдэгдэл хийж эхэлсэн. Ингээд энэ хүн сонгуулийг үймүүлэх болсон. Гол асуудал нь ерөөс Ерөнхийлөгчийн сонгууль. Үүнд хэн нэр дэвших вэ гэдэг дээр л бүлэглэлүүлийн тэмцэл явж буй. Түүнээс И.Мөнхжаргал гэдэг хүн эдний сонирхол биш.

-Та Ц.Оюундарийг бас шүүхэд өгнө гэж байсан уу?

-Арай өгөөгүй байна. Энэ хүний хийж байгаа үйлдэл нь надад нэг их ач холбогдолтой биш юм гэж харсан. Ц.Оюунгэрэлийг бол сонгуулийн байгууллагынхаа нэр хүндийг бодож, хуулийн байгууллагад өгсөн.

-Мартсанаас, Ц.Оюунгэрэл таныг Баянгол зочид буудалд хоол идээд л санаа нь хувирсан гэж ярьсан?

-Тийм, гуравдугаар сарын 7-ны өдөр Баянгол зочид буудалд хоол идээд зан нь хувираад явчихсан гэж ярьсан байсан. За, И.Мөнхжаргал гэдэг хүний зан хувирч болно, тийм үү. Гэтэл гуравдугаар сарын 7 гэдэг чинь сонгууль хэдий нь зарлагдчихсан, нэр дэвшигчдээ бүртгээд эхэлчихсэн байсан цаг хугацаа шүү дээ. Түүнээс хойш Дотоод сонгуулийн хороо сонгуультай холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй. Дээр нь тэр өдөр би хэзээ ч Баянгол зочид буудалд хоол идээгүй. Идээгүй байхгүй юу. Намайг хаана байсныг гэрчлэх гэр бүлийн хүмүүс маань байна. Тухайн зочид буудлын бичлэгийг үзвэл би ороогүй нь тогтоогдоно. Нийгмийн зүтгэлтэн ийм хэмжээний хүний амнаас гарч байгаа ийм хариуцлагагүй мэдээлэл маш их хор уршигтай. Ийм учраас хуулийн байгууллагад өгсөн. Түүнээс Ц.Оюунгэрэлд муу, сайндаа биш.

-Эргээд сэдэв рүүгээ ороход, ноднин зун сонгууль зохион байгуулагдах гэж байгаад хойшилсныг яг ямар шалтгаанаар гэж ойлгох вэ?

-Тийм. Энэ үед С.Эрдэнэ дарга тамгаа Ц.Туваанд шилжүүлсэн байсан. Ингээд Ц.Туваан “За, би энэ намын учрыг нэг олмоор байна. Сонгуулиа хойшлуулаач ээ” гэдэг шаардлага хэлсэн. Хоёрт нь цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн. Дүрмийн хороон дээр бас энэ асуудлаар маргаан үүссэн байсан. Энэ мэтчилэн асуудлуудын хүрээнд сонгуулийн товыг л хойшлуулсан юм. Тэгээд цаг хугацааны хайчинд орсоор л өнөөдөр хүрсэн гэсэн үг.

-Энэ хооронд намын их хурлыг хуралдуулж, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан. Түүнийг УДШ хүлээж аваагүй шүү дээ. Энэ үйл явдал бас их итгэл алддаг?

-Тийм, өөрөөр хэлбэл цар тахлын үед цахим хурал хийж болохгүй гэж УДШ үзсэн гэсэн үг. Уг нь тийм гэдгийг С.Эрдэнэ дарга бид хоёр хамт яриад, шүүх хуралд нь хамт сууж байлаа шүү дээ. Энэ үед надтай санал нийлээд явж байсан хүн. Одоо санаа бодол нь 180 градус өөрчлөгдчихсөн, өөрөө цахим сонгууль, цахим хурал хийгээд явж буй.

Би яагаад цахим сонгуулийг дэмжээгүй вэ гэхээр, програм хангамж нь өөрөө баталгаатай биш. Хоёрт нь, намын дүрэмд байхгүй. Дээрээс нь санал хураалт гэдэг зүйлийг Дотоод сонгуулийн хороо хийдэггүй, зөвхөн дүн л нэгтгэдэг. Түүнчлэн энэ програм хангамжийн дата бааз нь жорлонгоо өөрчлөх төслийн багийн 130 гаруй мянган гишүүдийн нэр дээр үндэслэсэн. Энэ нэрсийг надад өгч байсан, хуулбар нь бий. Намын гишүүд биш байхгүй юу. Ийм учраас цахим сонгууль хийхгүй гэж би С.Эрдэнэ даргатай маргалдаад гарсан, ер хүлээж аваагүй.

-Тэр сонгууль арай ардчилсан маягтай явагдаж харагдсан. Нөгөө тал дээр бол хоёр өдрийн өмнөөс л О.Цогтгэрэлийг гаргахаар тохирч гэсэн мэдээ явсан. Та ч өдөр нь мэдээлэл хийхдээ Хамгийн идэвхтэй аймаг Увс байна гэж нэр заасан. Эдгээрээс О.Цогтгэрэл гарах нь тодорхой болж гэж л дүгнэхээр байлаа?

-Нийт санал хураалтад оролцсон хүмүүсийн 57 хувь нь О.Цогтгэрэлийг дэмжчихлээ шүү дээ. Худлаа гэж байгаа бол тэднээс нэг бүрчлэн асуух хэрэгтэй. 70 мянган хүнийг нэг хүн удирдаад, чиглүүлсэн байх боломж байх уу.

-О.Цогтгэрэлийг гаргахаар урьдчилан тогтсох байх гэдэг дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хэн тогтох юм бэ. 70 мянган гишүүн үү.

-Ингэхэд та Дотоод сонгуулийн хороон даргаар хэдэн жил ажиллаж байгаа билээ.

-2017 оноос хойш.

-Ер нь Ардчилсан намтай холбогдоод хэр удаж байгаа юм бэ?

-1996 оноос хойш гэхээр хэд вэ. 1996 онд ЕБС төгсёөн жилээ, Р.Амаржаргал гуайн сонгуулийн сурталчилгаанд сонин тарааж явж байсан. Тэгэхэд Баянгол дүүрэгт намын гишүүнээр элссэн. Түүнээс хойш намын гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, аймгийн намын дарга, ер бүхий л шатанд ажиллаж ирсэн. Хэн нэгнээр томилогддог ажил хийж үзээгүй, дандаа сонгогдож явсан. Дандаа өрсөлдөөний зарчмаар гарч ирж, ажлаа хийж байсан.

-Одоо ер нь ардчилал минь, ардчилагчид минь хаачив гэж ард түмэн халаглаж буй. Таныг бол ардчилсан үзлээ худалдаад идчихгүй байж чадах урт хугацааны үнэнч замналтай хүн гэж итгэх болох уу?

-Хувь хүний итгэл үнэмшлийг шууд зааж болохгүй шүү дээ. Хамгийн гол зүйл ярихал, ер нь энэ намд алдаа байна уу байна, асуудал байна уу байна. Анхдагч гишүүд нь энэ намыг өөрийнхөө өмч мэтээр ойлгочихсон. Эдгээрээс ангижрах, үе солигдох процесс л явж буй. Ийм үйл явц маш үнэ цэнтэй л ирж байгаа.

-З.Энхболд таныг Дотоод сонгуулийн хорооны даргаар тавьсан гэгддэг. Тэр хүн бас хэн нэр дэвших, хэн ялалт байгуулахыг тооцож яваа гэх мэдээлэл байсан?

-Би Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга байсан. З.Энхболд гуай энэ аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдсон. Тэр болон өөр бусад Өвөрхангайгаас өрсөлдсөн хүмүүстэй би хамтарч ажиллаж байсан уу гэвэл байсан. Одоо онгирсон болох байх л даа, уг нь би тэр хүмүүсийн дарга нь байсан юм. Тэд манай намын хорооны гишүүд, тэдний сонгуулийг удирдаж явуулж байсан хүн нь би. Хүмүүс аль өнгөтэй, өөдтэй яваа хүнтэй нь л холбож ярьдаг байх. Би тэднээр дамжиж дарга, цэрэг болж, төрд ажиллаж үзээгүй. Миний намтрыг нэг харвал ойлгогдоно. Нам дотор залуусыг хэн нэгнээр овоглох нь байсаар ирсэн зүйл. Энэ Ц.Элбэгдоржийн хүн, энэ Н.Алтанхуягийн хүн гэх мэт. Аа, яг ингэж хуваавал хүн үлдэхгүй байх.

-Эцэст нь, О.Цогтгэрэл ялалт байгуулсан АН Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг л сонголтгүй дэвшүүлэхээр ажиллаж буй гэх хардлага дээр таны үгийг сонсъё?

-Энэ өөрөө ямар ч боломжгүй шүү дээ. Хэргээр өөрийгөө сайн, бусдыг буруутан болгож харагдуулах гэсэн хүмүүсийн тоглолт л юм даа, энэ яриа бол. Нэг, хоёр сарын дараа харахаар энэ бүхэн инээдтэй санагдах байлгүй дээ. Бид хуулийн дагуу л нэр дэвшигчээ тодруулна, тэгэхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахгүй. Ийм энгийн зүйлийг яриад байгааг нь гайхаж байна. Би бол нэг зүйлийг хардаж байгаа. Энэ намаас нэр дэвшигч гарахгүй нь ХҮН-аас дэвших гэж байгаа тэр хүнд ашигтай байх. Тийш зүглэхийнхээ өмнө энэ намыг бусниулж хаячхаад л явах гэж байгаа. Надад төрсөн хамгийн том эмзэглэл энэ. Гэхдээ ямар зохиол явсан нь 20-хон хоногийн дараа харагдана даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ан
ан
2021-04-09 18:04

дэвшүүлэхгүй л байр арга хэмжээ аваад байна даа, оюунгэрэл эрдэнэ нарыг намаас хөөвөл таарна

Зочин
Зочин
2021-04-09 19:08

Үнэн хэлжээ. Харваас ажлын цөлх хүн байна. Ийм хүмүүс шударга байдаг юм.

Зочин
Зочин
2021-04-09 21:50

шаадаг �########�

Иргэн
Иргэн
2021-04-10 13:35

АН-ын гишүүд 2 с�##�ж тус ту�####�а даргаа сонгосон гээд байгаа, �##�ь нь ч хууль ёсны бус. С�##�сан гишүүд нэгдэж хурлаа хийгээд 1 даргаа сонговол энэ нь хууль ёсных болно гэж тэнэг би бодох юм.
АН-ын нийт гишүүд бол ардчилсан нам мөн.
Монголын хүн амын т�##� нь ту�####�а цуглаж дундаасаа ерөнхийлөгчөө сонгоё, нөгөө үлдсэн т�##� нь бас ту�####�а цуглаад ерөнхийлөгчөө сонгоё, тэгээд �##�ь ерөнхийлөгч нь жинхэнэ юм бэ? Аль нь ч биш биз дээ, сонгуулийн насны бүх иргэн оролцож хэд хэдэн нэр дэвшигчээс хамгийн олон сан�##� өгсөн нэг л хүн ерөнхийлөгчөөр сонгогддог. Тийм учраас улсын дээд шүүхээс АН-ын �##�ь ч даргыг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэн
Иргэн
2021-04-10 13:40

АН-ын гишүүд хоёр хуваагдаад тус ту�####�а даргаа сонгосон гээд байгаа, хэн нь ч хууль ёсны бус. Хуваагдсан гишүүд нэгдэж хурлаа хийгээд 1 даргаа сонговол энэ нь хууль ёсных болно гэж тэнэг би бодох юм.
АН-ын нийт гишүүд бол ардчилсан нам мөн.
Монголын хүн амын нэг хэсэг нь ту�####�а цуглаж дундаасаа ерөнхийлөгчөө сонгоё, нөгөө үлдсэн хэсэг нь бас ту�####�а цуглаад ерөнхийлөгчөө сонгоё, тэгээд хэн нь жинхэнэ ерөнхийлөгч вэ? Хэн нь ч биш биз дээ, сонгуулийн насны бүх иргэн оролцож хэд хэдэн нэр дэвшигчээс хамгийн олон сан�##� өгсөн нэг л хүн ерөнхийлөгчөөр сонгогддог. Тийм учраас улсын дээд шүүхээс АН-ын �##�ь ч даргыг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button