НийгмийнЯрилцлага

Тод амьдрал

“Өр зээлд дарлуулаад ч болов Улаанбаатарт хөлөө олно доо” гэх бодол. Ингэж бодож, орон хотдоо шигдсээр, бид нэгэн бодлын бэртэгчид болж байгаа ч юм шиг. Бидний зарим нь хөдөөх суурингийн хүйтэн цасан шуургатай өдөр, малд явж байгаад хацраа цасны жаварт хайруулж, “хөдөө амьдарна гэдэг хүсэх зүйл биш” хэмээн бодож, энэ бодлоороо өөрсдийгөө “хооллож” явсаар хөдөө рүү тэмүүлэхээ больж. Цөөн хэд нь тэмүүлдэг ч, суманд ажил олдохгүй байх гэх шалтаг тавьж, өөрийгөө хууран хотод яаж ийгээд амьдрах гэж тийчилнэ. Харин хэдхэн хоногийн өмнө нэгэн хосууд “Бид хөдөө рүү нүүлээ” хэмээн өөрсдийн цахим хуудаснаа мэдээлж, төрөлх нутагтаа, сумандаа хийж бүтээж, буцалж амьдрахыг уриалсан юм. Тэднийг Б.Өлзиймөнх, Г.Нинжбадгар гэдэг аж. Улаанбаатарт тэдний зүрх сэтгэлд ямар дурсамж үлдээж, учруулсныг, суурингийн амьдрал руу чухам яагаад тэмүүлснээ гэрийн эзэн Б.Өлзиймөнх ярьж байна. Түүний яриаг уншиж, олон, олон залуус урам зориг аваасай. Тэд сууринг илүү тодоор харж, амьдрах нь...

-УЧРАЛД ХӨТӨЛСӨН УЛААНБААТАР-

Арванэгдүгээр сар. Хөлөө бэртээчихсэн болохоор бэлтгэл хийх боломжгүй байлаа. Тэр үед би ҮБТДС -ийн нэгдүгээр дамжааны оюутан байсан юм. Гэтэл хөлөө бэртээчихсэн надад хүнд даалгавар оноогдсон. Яг тэр үед сургуулийн урлагийн үзлэг болж, ангийн багшийнхаа шахалтаар аргагүйн эрхэнд орлоо. Нэгэн орой бүжгээ давтахаар очтол, манай ангийнханд нэгэн үл таних бүсгүй бүжиг зааж өгч байх нь тэр. Хөл бэртэлтэй ч бүжиглэлээ. Анх хараад “гоё эгч вэ” гэж боддог байлаа. Тэгээд 23:00 цаг өнгөрч байхад бэлтгэл тарсан нэг их цастай өдөр харих гээд явж байхдаа өнөөх бүжгийн багштайгаа таарав. Багшийг ганцаараа явж байхаар нь санаа зовоод “хүргээд өгөх үү” гэхэд инээгээд, “тэг л дээ” гэж хэлсэн юм. Гэр нь чулуун овоонд байдаг аж. Бид Офицер орох унаанд сууж, цааш Чулуун овоо руу алхлаа. Ийн алхаж явах замдаа бид илүү дотно танилцаж, нэг үеийн залуус гэдгээ мэдсэн юм. Тэр тэр орой намууханаар цасан бударч, яг л кино шиг байсан. Бид хоёр харанхуй гудмаар алхсаар, гэрийнх нь гадаа ирлээ. Анх хүргэж өгөхдөө их гайхсан. Энэ эмэгтэй хүн энэ харанхуй урт гудмаар шөнө дөлөөр яаж ганцаараа явж харьдаг юм бол гэж бодогдсон. Нуулгүй хэлэхэд буцаад ганцаараа явахдаа бага зэрэг айсан шүү. Тэгээд л энэ өдрөөс хойш өдөр бүр урлагийн үзлэгээ бэлдэж дуусаад хүргэж өгдөг болсон. Яагаад ч юм Офицер дээр буучхаад цааш Чулуун овоо хүртэл ярилцаж алхсаар сайн найзууд боллоо. Тэгээд л жилийн дараа сэтгэлээ илчилж, хосууд болцгоосон. Гэр бүлийн маань хүнийг Ганбатын Минжбадгар гэдэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрж өссөн. 2014 онд Улаанбаатар хотод орж ирээд суурьшиж, МУИС-ийг Нийгэм түүх судлалаар төгссөн. Сургуулиа төгсөөд Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Хань маань МУИС ийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа бүжиг зааж, халтуур хийдэг байсан юм билээ. Хэрэглээнийхээ мөнгийг хэнээс ч хамааралгүйгээр өөрөө олдог, маш хөдөлмөрч, ухаалаг бүсгүй.  Бид хоёр нийлээд 5 жил болж байна. Энэ оны долдугаар сард анхныхаа хүүхдийг өлгийдөж авсан.

Харин би Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Улаанбаатар зургаан жил амьдарсан. Өмнө нь Чөлөөт бөхийн спортоор 8 жил хичээллэсэн. Сумын заан, спортын дэд мастер цолтой. Үндэсний биеийн тамирын сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд, хэд, хэдэн фитнесс клубд 2020 он хүртэл багшилсан. Тэгээд “Таван толгой түлш” Баруун бүсийн үйлдвэрт мэргэжилтнээр ажиллах болсон. Бидний авч буй цалин амьдралд хүрэлцэхүйц байж, цааш өсөж, дэвших бололцоо байсан ч хөдөө амьдрахаар шийдсэн. Энэ бол бидний өөрсдийн сэтгэл, зүрхээрээ хийсэн сонголт.

-УЛААНБААТАРААС БУЦАХЫН ШАЛТГААН-

Бид хоёр гэр хороололд амьдарч үзсэн. Бас байр хөлсөлж, хамаатныхаа хажуу өрөөнд ч амьдарч үзсэн. Тэгээд хүүхэдтэй болж, тусдаа гарах тухай ярилцаж эхэлсэн. Тэгээд хөдөө амьдарвал ямар давуу тал болон сул тал, хотод амьдарвал ямар, ямар сул тал, давуу талууд байгаад жагсааж бичсэн. Ингэхэд хотод амьдрахад сул тал их, давуу тал бага байсан. Харин хөдөө амьдрахад давуу тал олон, сөрөг тал бага байсан. Үүнийг харьцуулж, бодитоор харж чадсанаар бид энэ шийдвэрийг гаргасан.

Хотод амьдрахад тулгарах сөрөг талаас дурдъя л даа. Бид гэр хороололд амьдарлаа гэж бодъё. Гэтэл хойд айлын маань жорлонгийн ус халиад манай хашаа руу ороод ирнэ. Хүүхэд минь тэр жорлонгийн ус шингэсэн газар тоглоно. Мөн шуургатай өдөр айлуудын жорлонгийн тоос шороо, бактери, үнэрээр манай хүүхэд амьсгална. Энэ мэт эрүүл ахуйн аюулгүй байдлыг мөн бодолцож үзсэн. Мөн эхнэр маань банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг болохоор зээлийг хүү хүнийг яаж иддэгийг мэдэх юм. Тиймдээ ч бид хоёр зээлгүй амьдарна гэж ярилцсан. Зээлгүй амьдрахын тулд хөдөө эрүүл, аюул багатай орчинд амьдрах нь зөв юм байна гэж бодсон.

Мөн хүүхдээ гараад салхилуулах чимээ ихтэй тоглоомын талбай, машин болон хүний хөлөөр босож байгаа тоос шорооноос холдохын тулд хөдөө очиж амьдрахаар болсон. Мөн бидний гаргасан шийдвэрт шийдвэрт түгжрэл нөлөөлсөн. Би өдөрт найман цаг ажиллаж, түгжрэлд 3-4 цагийг зарцуулдаг. Тэгэхээр 11-12 цагийг ажил болон түгжрэлд зарцуулж байна гэсэн үг. Үлдсэн 12-13 цагт би амарч, стрессээ тайлж, залуу хүний хувьд хөгжих ёстой. Мөн эрүүл мэнддээ, гэр бүлдээ, хамаатнууддаа цаг зав гаргахад хувааж зарцуулах хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс орон нутаг руу явж, түгжрэлд зарцуулдаг 3-4 цагаа цахим боловсролд гэр бүлдээ, хүүхдийнхээ хөгжилд зарцуулъя гэж шийдсэн.

-УЛААНБААТАРААС БУЦАХЫН ШАЛТГААН II-

Улаанбаатараас буцахад өөр нэг томоохон хүчин зүйл нөлөөлсөн. Түүнийг дурдахгүй байж болохгүй.  Бид мартагдсан болон мартагдаж буй монгол өв соёлоо хамгаалж үлдэх, өвлөхөөр хөдөө ирсэн. Нагац ах эгч нар маань Тариат суманд байдаг. Бүгдээрээ нас дээр болчихсон. “Монгол ёс, заншлаа залгамжлаад, эрдэнэт мал сүрэг маллах хүнгүй боллоо. Залуус бүгд хот руу яваад ирсэнгүй” хэмээн ярихыг нь сонсоод манай гэрийн буурь хоосрох нь, нөгөө нэг сайхан сүү цагаан идээ, монгол ахуй, өв уламжлал ингээд тасрах нь хэмээх бодол тархи ороолгосон. Тэгээд хөдөөх сууриндаа хөгжихийн хажуугаар өв соёл, уламжлалаа авч үлдье гэсэн зорилго өвөртөлж ирсэн. Бас хүүхдээ монгол ахуйтайгаа ойр өсгөе гэж бодсон. Учир нь хүн болгон л техникийн хөгжил гээд шуурч байна. Моод эргэнэ гэж байдаг шиг 20 юм уу, 30 жилийн дараа байгалийг нөхөн сэргээдэг, байгалиа сайн мэддэг хүмүүс эрэлттэй болж, өндөр цалин хөлс авах байх гэж хардаг. Тэр ч утгаараа хүүхдээ байгальтай илүү ойр өсгөе. Цаашдаа байгалийг нөхөн сэргээж, хамгаалах боловсролтой, сэтгэлтэй хүн болгоё гэсэн алсын бодол, мөрөөдөлтэй яваа.

-СУУРИНГИЙН ӨДРҮҮД БА ШИНЭ АЖИЛ-

This image has an empty alt attribute; its file name is 228533825_360744212111212_7457850368831971722_n-1024x769.jpg

Анх хөдөө ирж амьдрахаар болсон тухайгаа хэлэхэд ойр дотнынхон маань маш сайхан хүлээж авсан. Урмаар дэмжсэн. Ганц нэг хүмүүс “хотод байр сууриа олчхоод хөдөө явлаа” гэж зэмлэж байсан. Тэдэнд интернет, зам харилцаа хөгжөөд цаг өөр болсон гэдгийг ойлгуулж хэлсний дараа бидний зөв юм байна хэмээн дуу нэгтээр дэмжсэн. Архангайн Тариат бол миний төрж, өссөн нутаг. Сумандаа ирж, ажиллаж амьдрах мөрөөдөл дотроо тээгээд явж байсан. Мөрөөдөл минь биеллээ. Эндээ бүр суурьшина. Тэгээд бодож төлөвлөж, мөрөөдсөн бүхнээ биелүүлэхийн төлөө хичээнэ. Эхнэр, хүүхдээ Баянхонгор аймгийн Эрдэнэцогтод үлдээчхээд гэрээ барьж суманд төвхнүүлэх гээд нутагтаа ирчхээд байж байна. Бүх юм 00-ээс л эхэлж байна. Гэр барихдаа хаана барихаас эхлээд л.  0,7га газраа авчихсан. Гэхдээ хашаагаа бариагүй учраас энэ жилдээ айлын хашаанд, монгол гэрт өвөлжинө. Тэгээд ирэх жил хашаа, байшин барьж орно. Гэрээ барих газраа олчихсон байгаа. Барьж, сайхан тохижуулаад эхнэр, хүүхдээ очиж авна даа.

Эхнэр маань саяхан амаржсан учраас хэсэгтээ ажил хийхгүй, хүүхдээ өсгөнө. Харин би ажил хийнэ. Одоохондоо юу хийх нь тодорхойгүй байгаа. Ганц нэг эрсдэл гаргах зүгээр гэж үзээд ажлын байр тодорхойгүй байсан ч болгоно, бүтээнэ гээд хөдөөг зорьсон. Сум орон нутгийн удирдлагуудтай уулзсан. Маш сайхан хүлээж авсан. Болж бүтэхээрээ дэмжинэ гэсэн. Гэхдээ яг одоогийн байдлаар бидэнд санал болгох бэлэн ажлын байр байхгүй байгаа юм билээ. Тохирох ажлын байр гарвал мэдэгдэнэ гэсэн. Хүлээж байгаа. Гэхдээ ажлын байр гарахыг хүлээхгүйгээр хуваариа хийж болох зүйл судлаад л байна.

Энэ ташрамд намайг үргэлж дэмждэг гэр бүл ээждээ ахдаа эгчдээ хайрт ханьдаа. Мөн нүдийг маань нээж өгсөн “Goldengym” фитнесс клубийн захирал Т.Баянмөнх, Ө.Долгормаа Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар бүх дэмждэг надад урам хайрласан хүмүүстээ маш их талархаж байгаагаа хэлмээр байна.

СУМАНДАА ИЙМ ЮМ ХИЙНЭ...

Угаас биднийг хийе, бүтээе гэсэн мөрөөдөл, хүсэл тэмүүлэл нааш нь хөтөлсөн. Тиймдээ хувиараа нэг юм хийе гэж бодож байна. Би тамирчин байхдаа сэтгэл зүйн тал дээр асуудалтай байсан. Түүнээсээ болоод амжилт гаргаагүй. Тиймдээ ч сэтгэл судлал сонирхож, судалдаг. Зарим хүмүүс тамирчин хүн, спортын хүн мэдлэг багатай байдаг гэж боддог юм билээ. Энэ бодлын эсрэг зогсохын тулд цаг, зав байвал хувь хүний хөгжлийн ном уншдаг. Тэр утгаараа боловсролд хүнд хэрэгтэй юм байна гэж боддог. Тиймдээ ч сумандаа хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв нээх мөрөөдөл тээж яваа. Хөдөө орон нутагт дунд сургуулиа төгсөөд хотод оюутан болоод ирж буй залуучууд соёлын шоконд ороод хөлөө олохгүй нэг жил болдог. Ийм зааг ялгаа байхгүй болгох хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэр утгаараа хэчнээн мундаг хүн биш ч гэсэн өөрийнхөө чаддаг мэддэг зүйлийг сумын залуучууд, арван жилийн сурагчдад хуваалцах сургалтын танхимтай болъё гэж боддог. Мөн лекторуудыг урьж авчраад залуучууд, сумын сурагчид болон иргэдэд сонсгоно. Тухайн лектор суманд ирээд амарч зугаалангаа хоёрхон цагийг иргэд болон хүүхдүүдэд зарцуулж, нэг ч гэсэн хүүхдийн зүрхэнд гал асааж, урам өгөөч ээ гэж, урина. Хариутай бол бариутай гэж, бид аймгийнхаа дурсгалт газруудаар аялуулж, сүү цагаан идээгээрээ дайлна. Ийм л энгийн амьдралыг мөрөөддөг дөө, бид.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-05 09:58

ХӨДӨӨ ТӨРЖ ӨССӨН ХОЁР ХӨДӨӨ РҮҮГЭЭ ОЧИЖ АМЬДРАХААР ШИЙДЖЭЭ ГЭЖ ОЙЛГОЛОО. ХОТОД ТӨРЖ ӨССӨН ХОС БОЛ WOW ГЭЖ ГАЙХАХСАН.

Зочин
Зочин
2021-08-05 10:19

Угаасаа л хөдөө төрж өссөн хөдөөний хүмүүс байхад юу �##�зах вэ дээ. З�##�уу хүмүүс эрч хүчтэй зорилготой ажиллах биздээ. М�##�аа м�##�лаад өсгөөд зараад хажуугаар нь боловсролоо дээшлүүлээд ажлаа хийгээд боломж бол байна шүү дээ Амжилт!

Зочин
Зочин
2021-08-05 10:56

Ззааассс хөдөөнийхөн хөдөө рүүгээ л явсан байна шд

зочин
зочин
2021-08-05 11:57

Мундаг з�##�уу�####�а баяр хүргье. Амжилт хүсье. Хөөрхөн юм аа.

сайн
сайн
2021-08-05 12:53

хөдөө амьдрах сайхан гэдгийг харуулаад өгөөрэй амжилт хүсье

Зочин
Зочин
2021-08-05 19:14

Юун сүртэй юм бэ хөдөөний хүмүүс хөдөө рүүгээ явж байгаа байж ашгүй 2 хүн ч болов хотоос гарч байгаад баярлаж байна.Хөдөөнийхөн хотод овоороод үнэн гай юмаа

Зочин
Зочин
2021-08-06 01:01

Маркетинг сайтай байна. Дуугай явчихсангүй. Ингэж зарлаж байж очсон хүн ёинь нутаг орны удирдлагын х�##�амжид орох байлгүй дээ.

М
М
2021-08-08 11:01

Зөв шийджээ, сайн сайхныг ерөөе

Juju
Juju
2021-08-08 15:45

Zov bn daa.Huuhed eruul osno.ter bol tom horongo oruulalt.Hotiin agaar hors ter chigeeree ovchlol.yuuch dotor n suleldej bgaa buu medee.Demjij bn.Saihan bihniig buteej yavaarai.

Зочин
Зочин
2021-08-09 08:16

Хотод төрсөн мөртөө хотын зарчим мэдэхгүй хөгшчүүдийг орк гэх үү? Бидний хэнэггүй зан хөгжилөөс хойш татаад байна даа. Хоолны вагончигт хоололсон ч дүрмээ баримтлана шүү.

Зочин
Зочин
2021-08-14 22:19

Зөвдөө хөдөөнийхөн хөдөөрүүгээ явсан нь хамаагүй дээр эсгий хийх газар нохой хэрэггүй гэж үнэн үг шүү.Зөв хөдөөдөө амьдарсан нь дээр харин битгий худлаа сүр царайл муухай байна

Холбоотой мэдээ

Back to top button