БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.
Ц.Наранбаатар: “BBC”, “China Morning Post”, “Al Jazeera”-аас ярилцлага авсан

YOUTUBE сувагт 155 мянган дагагчтай, түүний 80 гаруй хувийг гадаад үзэгчид эзэлдэг “ARTGER” сувгийн бренд, хөтлөгч Наргий буюу Цамбахоролын Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр Дарханы иргэн, Оюутолгой компанид ажиллахын зэрэгцээ Монгол хоолны соёлоо гадны улс орнууд сурталчлах сошиал контентод цаг заваа зарцуулна.
-Дархан-Уул аймагт багшийн ажилтай байсан Наргий хэрхэн “хоолны мэргэжилтэн” болсон түүхээс яриагаа эхлэх үү?
-Би Англи хэлний багш мэргэжилтэй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарт 10 гаруй жил багшилсан. Боловсрол судлал, англи хэлний хичээл заадаг байв. “ARTGER” төслийн санаачлагч Жавхаатай би өмнө орчуулгын ажлууд дээр хамтарч ажилладаг байсан юм. Тухайлбал, “Монголын нууц товчоо” радио драмагийн зохиолыг нь орчуулж өгч байлаа. Үүнээс хойш Жавхаа надад нэг санал тавьсан. “Хөгшөөн, хэдүүлээ англи хэл дээр нэг хоолны нэвтрүүлэг хийе” гэхэд нь “Юун хоолны нэвтрүүлэг юм бэ, ямар учиртай юм бэ” гэж гайхаж хүлээж авч байсан. Гэвч “Заза, Жавхаа надад гоё хоол хийж өгөх юм байна, үзээд алдая” гээд л анх хорхогны тухай нэвтрүүлэг хийсэн. Ингээд л болохоор юм байна гэдгийг бид хоёр хоёулаа зөвшөөрч цаашид энэ контентоо үргэлжлүүлэн хийж эхлээд, өнөөдрийг хүрсэн. Би хоолыг их амтархан иддэг зуршилтай, түүнийг минь л Жавхаа их анзаарч байсан шиг байгаа юм.
-Анхны видеондоо ороход хэр их сандарч байв? Танай видеонуудад хөтлөгч хэдийгээр өөрийнхөөрөө байгаа нь анзаарагддаг ч бага зэрэг жүжиглэлт ч шаарддаг шиг харагддаг.
-Тиймээ. Бид тодорхой хэмжээнд зохиолын дагуу явдаг. Гэхдээ хичнээн сайн хэлтэй байсан ч камерын өмнө өөр хэлээр ярина гэдэг ярвигтай. Анхны видео дээр англи хэлээр хөтлөх л асуудал байсан. Хэдийгээр хичээлээ хангалттай сайн зааж чадах ч гэнэт л хоолны тухай ярина гэхээр хүндрэлтэй байсан. Заримдаа олон дахин давтах ч шаардлага гарна. Сандарч, биеэ барьж байсан үе бий. Анхны видеогоо нэг удаа л үзээд, ахиж огт давтаж үзээгүй. Ер нь би үздэггүй. Өөрсөө ичээд байдаг юм /инээв. сурв/
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Иргэдийн хурууны хээний мэдээллийг авч, оронд нь зээл өгч буй нь СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ҮҮ

Монгол Улсын иргэд хурууны хээгээ зөвхөн төрдөө даатгаж өгдөг. Улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Монгол Улс бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна” гэж заасан байдаг. Гэвч зарим томоохон сүлжээ дэлгүүр үйлчлүүлэгчдийнхээ хурууны хээгээр бонус карт ашиглуулах тохиолдол гардаг. Хувь хүний нууцын зэрэглэлд хамаарах хурууны хээг хувь хүн, албан байгууллага авах эрхгүй. Тэгвэл Булган аймгийн төвд бага хэмжээний мөнгө удаа дараа зээлүүлэн, иргэдийн хурууны хээг хоёр янзаар авч байна гэх мэдээлэл иргэдээс ирсэн. Яг ямар зорилгоор иргэдийн хурууны хээний мэдээллийг цуглуулж байгаа нь ихэд анхаарал татахаар байна.
Булган аймагт иргэний үнэмлэх барьцаалж, зээл олгож байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн засаг дарга З.Батзоригтой холбогдож асуухад “Одоогоор мэдсэн зүйл байхгүй байна. Цагдаа нарт үүрэг өглөө” гэсэн хариу өгсөн юм.
Нутгийн иргэдээс дараах тодруулгыг авлаа. Тэдний хэлж буйгаар “Аймгийн төв дээр иргэний үнэмлэх барьцаалж, хурууны хээ уншдаг машинаар хүмүүсийн хурууны хээг аваад 10-70 мянга хүртэлх төгрөгний зээл өгдөг хоёр гурван хувь хүмүүс байдаг. Мөн мөнгө зээлүүлж буй хүмүүс Булган аймгийн иргэд биш бөгөөд хоёроос дээш удаа зээл авч буй хүмүүс иргэний үнэмлэхний шаардлагагүй, шууд л хурууныхаа хээг уншуулаад 5-10 хувийн хүүтэй 10-70 мянган төгрөгний зээл авдаг” гэсэн мэдээллийг өглөө.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Д.Цэрэнтогтохоос ДОПИНГ ИЛЭРСЭН ҮҮ

Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлэхэд ХОЁРООС НЬ ДОПИНГ ИЛЭРСЭН асуудал олны анхаарлыг татаад буй. Уг мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйд Улсын аварга Э.Оюунболдоос бусад 15 бөх “НАДААС ДОПИНГ ИЛРЭЭГҮЙ” гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн.
Тэгвэл 2019.08.12-ны байдлаар Э.Оюунболд, Ж.Ням-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нар МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ тунаж үлдээд байсан. Гэтэл хамгийн сүүлийн бөхөд 2019.08.11-ний өдөр гэхэд допингийн хариуг нь хүргэсэн гэж албаныхан мэдэгдсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, допингийн асуудлаар 2019.08.12-ний өдрийн байдлаар мэдэгдэл хийхгүй үлдсэн гурван бөхөөс ХОЁР НЬ ХЭРЭГЛЭСЭН гэх шинжилгээ гарсан тул мэдэгдэл хийлгүй, эргэлзэж цаг алджээ.
Бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр, Үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын харцага О.Хангайг давж, Өсөх идэр начины болзол хангасан Д.Цэрэнтогтохоос ДОПИНГ ИЛЭРСЭН гэх.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ЧИНГИС ХААН: Олны анхаарлыг татахын тулд тавилттай “жүжиг” тавьсан

Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн зарлаж олонд танигдсан Чингис хаан хэмээх залууг энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэрээр өөрийгөө Боржигон овогт Хумбаадайн Чингис хаан хэмээн танилцуулсан бөгөөд “Үүнээс өмнө намайг таньдаг байсан хүмүүс цаашдаа намайг Чингис хаан гэх хүнээр хараасай” хэмээн ярьлаа.
-Сайн байна уу? Чингис хаан гэх залуугийн бага нас хаана хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа эхэлцгээе?
– Сайн байна уу. Тэгэлгүй яахав. Архангай аймаг Цэцэрлэг хот, Булган уулын зүүн энгэрээр бага нас минь бусад хөдөө нутгийн хүүхдүүд шиг өссөн дөө. Багаасаа морь унах их дуртай, моринд хайртай байсан. Манайх адуу багатай байсан ээж ааваасаа гуйн барин адуу олонтой морь уядаг айлуудад очин морь унадаг хоббитой байлаа.
-Хотод хэзээ ирсэн бэ?
–Хотод 2000 онд орж ирсэн. Хорь гаруй жил миний амьдрал Дарь-Эх орчимд өнгөрсөн, тэндэхтэй салшгүй холбоотой.
-Өөрийг тань хүмүүс Чингис хаан гэх нэрээр сайн мэднэ. Зарим хүмүүс таныг овог нэрээ сольсон гэлцдэг?
-Нэрээ сольсон минь үнэн. Гэхдээ овгоо бол солиулаагүй шүү.
-Өмнө нь хэн гэдэг нэртэй байсан бэ. Яагаад солих болсон юм бол?
-Өөртөө зорилго тавьж шинэ хүн болох зорилготойгоор, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн Чингис хаан шиг хүн болохоор зорьсон. Ингэж л Баасанжаргал гэх нэрээ Чингис хаан болгон өөрчилсөн. Чухам яагаад Чингис хаан гэх нэрийг сонгох болсон нь их утга учиртай. Чингис хэмээх нэрийг түүх өв соёлын дагуу судалбал, боловсролын цол, хэргэм билээ. Нөгөөтэйгүүр унтаа байдалтай байгаа залууст жишээ болж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэл болгон хүргэхийн хүссэн. Чингис хааны түүхийг урд хөрш болон Турк улсынхан булаацалдаж, өөрсдийн түүх соёл мэтээр ярих болсон. Иймд өөрсдийн өв соёлоо хамгаалан сэрэх хэрэгтэй болж буй. Иймийн учир бусдын анхаарлыг татахын тулд нэрээ Чингис хаан болгон өөрчилсөн нь энэ.
-Албан ёсоор хэзээ нэрээ сольсон бэ?
-Одоо яг нэг нас хүрэх гэж байна. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор нэрээ солин Чингис хаан болгосон.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ИНФОГРАФИК: Хувийн ЕБС-ийн төлбөр 750 мянгаас 64 сая төгрөгийн хооронд байна

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэе.
Манай улсад 2018 оны байдлаар 803 ерөнхий боловсролын сургууль байдаг гэж үндэсний статистикийн хороонд бүртгэгдсэн байдгаас 148 буюу 18 гаруй хувь нь хувийн хэвшлийн дунд сургууль эзэлдэг аж. Хувийн сургуулиудын төлбөр 750 мянган төгрөгөөс 24 мянган ам.долларын хооронд байна.
Хамгийн өндөр төлбөртэй “International school of Ulaanbaatar” сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчийн төлбөр 19 мянган ам.доллар, харин дунд болон ахлах ангийн төлбөр 24 мянган ам долларт хүрчээ. Өнөөдрийн байдлаар нэг ам.долларын ханш 2673 төгрөг гэж үзвэл уг сургуулийн төлбөр 50-64 сая төгрөг болох аж.
“Олонлог”, “Тольт”, “Г.В.Плехановын нэрэмжит орос сургууль, “Номт Наран”, “Путонхуа” зэрэг сургуулиуд дундаж буюу 3-5 сая төгрөгний төлбөртэй.
“Үй Цай”, “Лидер, “Тус” гал”, “Ес Эрдэм” сургуулиудын хувьд харьцангуй хямд буюу жилийн төлбөр 1.5-2 сая төгрөгийн хооронд байна.
“Аварга” дунд сургууль 750 мянган төгрөг буюу хамгийн хямд төлбөртэй хувийн сургуулиар нэрлэгдэж байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.доллар төлөхөөр ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ

Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, гадны банкнаас зээл авсан асуудал олон улсын арбитрын шүүх дээр унаж, монголын тал нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарч, Стандарт банкны асуудлаар хэлцэл хийсэн билээ.
Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэртэй 1998 оноос хойш хамтран ажилласан зэсийн баяжмалын трейдер компани болох “Ocean Partners”-аар дамжуулан, 40 сая ам.долларыг нэхэмжлэгч талд өнгөрсөн хавар төлсөн байдаг. Уг төлбөрийг 2016 онд байгуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдлийн сан”-гаас барагдуулсан нь олон нийийн шүүмжлэлд өртсөн юм.
Тэгвэл Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэртэй 40 сая ам.долларын төлбөрийг барагдуулах хэлцлийг эхлүүлсэн байна. Тэрбээр өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх замаар зохиомол дампуурал зарласан байснаа хүлээсэн талаар эх сурвалж мэдээлэв...
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Концертмейстр Б.Бат-Эрдэнэ: Багаасаа өрсөлдөөн дунд өссөн ч өөрийгөө алдаагүй

Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 16 дахь уралдаанаас “Шилдэг концертмейстр” гэх хүндтэй шагналыг хүртсэн, Монголын урдаа барих төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд дуучин Э.Анхбаярын хамт оролцон, шилдэг концертмейстр цол хүртээд ирсэн. Энэ үйл явдлаас яриагаа эхлэе.
-П.И.Чайковскийн нэрэмжит XVI дахь уралдаанд Э.Анхбаярын хамт дуулаачийн төрөлд оролцож дөрөвдүгээр байранд орсон. Миний хувьд 15 орны 27 төгөлдөр хуурчид оролцсоноос шилдэг концертмейстр гэдэг шагналыг хүртлээ. Үүнийг Монгол улсын түүхэнд байгаагүй шагнал гэж үзэж болно. Итали багш нар маань, “Баяр хүргэе. Наад шагналыг чинь хүссэн болгон нь авдаггүй юм шүү” хэмээж байсан нь сэтгэлд үлдсэн.
П.И.Чайковскийн нэрэмжит энэ уралдаан дэлхийн А зэрэглэлийн шилдэг таван уралдааны нэгт зүй ёсоор тооцогддог. Оросдоо бол номер нэг. Цаг хугацааны хувьд ч зохиогдож эхлээд чамгүй урт хугацааг элээсэн байна.
-Концертмейстр цолны утга учрыг уншигчдад товчхон тайлбарлаж өгвөл?
-Энэ бол цол биш, мэргэжил юм. Тун энгийнээр тайлбарлахад дуучны ард дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэж болно. Бэлтгэлээ хийхэд нь сонсон зааварлаж, “Өнгөө дээшлүүлээрэй, одоо аяархан” гэх мэтээр хэлж өгдөг. Үүнийг концертмейстр гэнэ. Балетийн дасгалын ард мөн төгөлдөр хууртай ажилладаг дасгалжуулагчийг балетмейстр гэх нь бий.
Би үүний өмнө ихэвчлэн соло төгөлдөр хуурчийн төрлөөр олон тэмцээн, фестивалиудад оролцож байсан. Харин Анхаа бид хоёр сайн найзууд. Энэ уралдаанд хамт ажиллаад өгөөч гэж хандсаны үүднээс бид хамтарч оролцлоо.
-Таны хувьд төгөлдөр хууртай амьдралаа холбоод хэдэн жилийг үдсэн байна вэ?
-23 жил. Би долоон настайгаасаа Хөгжим, бүжгийн коллежид элсэн орж, н.Должинчимгээ багшийн удирдлага дор төгөлдөр хуур сурч эхэлсэн. Багш маань хэдхэн жилийн өмнө өөд боллоо. 10 жил суралцаад, цааш Италийн дэлхийн нэгдсэн коллежийг төгсөж, дараа нь тэндээ үлдэн Триесте хотын хөгжмийн их сургуульд бакалаврын мэргэжлээ эзэмшсэн. Үүний дара Удине хотын хөгжмийн их сургуульд магистраа хамгаалсан.
Сураад л явж байна, сурч дуусахгүй юм билээ. Маш нарийн мэргэжил. Уралдаан тэмцээнд бэлдэж байгаа нөхцөлд өдрийн долоо, найман цаг яс сууж бэлтгэл хийдэг.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Э.Нямдаваа: Уул уурхайд ажилладаг ч орон нутгийнхаа төлөө ҮГ ХЭЛЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ

Наймдугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл ” хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулсан “Тост, Тосон бумба ” үндэсний хэлэлцүүлэг болж өнгөрсөн.
Үүний дараа түүнийг өөрөө уул уурхайн компанид ажилладаг мөртлөө мөнгө авч жүжиг тоглосон гэх мэдээлэл цахим орчинд хөврөөд буй. Энэ талаар бид иргэн Э.Нямдаваатай холбогдон дараах тодруулгыг авлаа.
-Төрийн ордонд болсон “Тост, тосон бумба” хэлэлцүүлгийн үеэр та “Дарга нар мөнгө өгч ам хаах гэлээ” гэх утгатай зүйл хэлсэн шүү дээ. Яг юу болсон юм бэ?
-2019 оны наймдугаар сарын 07-нд бид нутгаасаа гарч, 08-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд Улаанбаатар хотод очсон. Очоод буудалдаа байж байтал Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж манай өрөөнд орж ирсэн. Цүнхэндээ хоёр, гурван шил архитай, баахан ундаа устай, манай өрөөний дөрөв дээр ирсэн ч бид “Маргааш засгийн ордон орох ажилтай тул болохгүй” гэдэг асуудал ярьж ууж идээгүй. Гэтэл “Би оюутны ангийн хэдэн найзтайгаа явж байгаа юм, та хэдийг ямарч байсан хүлээж авъя, чамайг гоё дуулдаг гэсэн, манай найзууд дуулуулах гэсэн юм, караоке оръё, ганц нэг дуу дуулаад өгөөч” гээд намайг аваад гарсан. Караокед ороод шөнийн 02 цагаас өглөөний 07 цагаас хүртэл мөнгө төгрөг өгье, барья гэх асуудал ярьсан. Үүнийг нь л би маргааш нь хэлэлцүүлэг дээр хэлчихсэн юмаа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СЭДЭВ: Хөдөөний оюутныг гоочлохуйц мэдлэг, соёлтой нийслэлчүүд үү бид?

Намар ирлээ. Ээлжит хичээлийн жил эхэлж, хөдөө орон нутгаас боловсрол эзэмшихээр Улаанбаатарыг зорих шинэхэн оюутны хөл хөдөлгөөн зам татуулав. Үүнийг дагаад тэднийг гоочилдог, зарим үед элэглэдэг “уугуул хотын” иргэдийн явдал нийгмийн сүлжээнд газар авлаа. Хөдөөний оюутныг гоочлох хэмжээний мэдлэг, соёлтой хүмүүс үү, бид өөрсдөө?
“Хөдөөний хоёр оюутан багшийн дээдийн буудал дээрээс “Багшийн дээд нь хаана байдаг вэ?” гэж асуулаа”, “Хөдөөнөөс ирсэн нь харваас илт нэг оюутан гудманд түмний ундаа уучихсан явна” гэхчлэн доог тохуу хийнэ. Түүнчлэн соёлгүй, бүдүүлэг хэмээн муучилж “орк” нэр зүүлгэнэ. Төрж, өссөн нутаг, гэр бүлээсээ тасарч хөл хөдөлгөөн бужигнасан таньж мэдэхгүй газрыг анх удаа зорин ирж буй хөдөөний оюутнуудад буруу өгөх нь өрөөсгөл. Нэгэнтээ дасаж дадаагүй соёл, хүмүүжиж төлөвшиж байхад нь байгаагүй орчин нөхцөл билээ, Улаанбаатар хот.
Өдгөө Улаанбаатар хотын оршин суугчдын харьцангуй дийлэнх нь уугуул биш. Хэн хүнгүй аймаг, сумаас энэ л насандаа нийслэлд үүрээ засан, “хотын хүн” болох гэж мачийж байсан түүх ихэнхи Улаанбаатарчуудад бий. Танихгүй газарт ирсэн хүн төөрнө, өлсөж ядарна, гэр орноо санана, ижий ааваа үгүйлнэ. Хүний л амьдрал. Хөдөөний оюутныг гоочилдог мэдлэг, соёлтой нийслэлийнхэн бид хилийн дээс алхаад өөрсдөө бажигдах… Ер шинэтэй танилцаж, өөрийн болгоно, дасна гэдэг хүний үхэн үхтлээ нүүр тулдаг сорилт гэмээр.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Б.Баяраа: Эрх сэргэхэд нуруун дээрээс БУЛ ЧУЛУУ АВААД ХАЯЧИХСАН шиг мэдрэгдсэн

2016 оны зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний медалийн төлөөх барилдааны үеэр манай улсын хоёр дасгалжуулагч, дэвжээний шүүгч нарын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн үйлдэл хийсэн.
Энэ үйлдэлд дэлхийн бөхийн 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган фунт стерлингээр торгон, хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл хассан юм.
Тэгвэл уг шийтгэлийн хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дахин олон улсын дэвжээнд дасгалжуулагчаар гарах боломжтой болов.
Энэ талаар бид дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа.
-Риогийн олимпын наадмаас хойш хоёр дасгалжуулагчийн эрхийг хассан байсан нь өнөөдөр /2019.08.20/ сэргэсэн тухай мэдээллүүд хэвлэлээр цацагдах боллоо. Энэ өдөр хугацааны хувьд яг таарч байгаа юу, хэрхэн тооцсон юм бэ?
-“Риогийн олимпын наадмын үеэр 65 кг жинд хүрэл медалийн төлөө барилдааны дараа Монгол улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан тухай” гээд 2016 оны есдүгээр сарын 13-ны өдөр бичсэн байна. Үүнд:
Хүндэт ерөнхийлөгч танаа, хүндэт ерөнхий нарийн бичгийн дарга танаа, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны Спортын шүүхээс дээр дурьдсан үйлдлүүдтэй холбогдуулан гаргасан шийдвэрийг хавсралтаар хүргүүлэв. Спортын шүүхээс тухайн хэргийг нарийвчлан авч хэлэлцсэн болон танайхаас 2016 оны наймдугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн захианы үндсэн дээр дараах шийдвэрийг гаргав. Ингэж бичсэн байдаг. Тэгэхээр Монголын Чөлөөт бөхийн холбооноос наймдугаар сарын 31-нд Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд явуулсан захидалд үндэслэн, тэр саналын дагуу бид хоёрын эрхийг гурван жилээр хассан. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр хүртэл хаслаа гэж бичсэн байна. Ингээд уг албан бичгийн дор “Хүндэтгэсэн Дюсан” гээд ерөнхий нарийн бичгийн дарга шүүхийн шийдвэрийг албан ёсоор мэдэгдсэн. Энэ шүүхийн шийдвэр өнөөдөр албан ёсоор дуусч байгаа юм.
-Энэ шийдвэрт та одоо ч харамсаж явдаг уу?
-Энэ хугацаанд бид хоёрыг МЧБХ-оос “Зохисгүй үйлдэл гэж дотооддоо үзлээ” хэмээгээд Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо руу өөрсдөө хандаж, “Эрхийг нь хасч өгнө үү” гэх хүсэлт бүхий захидал явуулсан. Үүний дагуу хассанаар олон сайхан тамирчид минь хохирсон. Нөгөөтэйгүүр цаг хугацаа их алдсан. Энэ хугацаанд бид хоёр хүн л болсон хойно унах, босох үе байсан. Үнэхээр харамсалтай. Гэхдээ бүгдийг бид хөдөлмөрөөрөө давж гарсан. Үүний нэг тод жишээ бол Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багаас энэ гурван жилд ДАШТ-ээс ганц хүрэл медаль авсан нь бидний дасгалжуулж байсан, Академийн тамирчин Т.Түвшинтулга байлаа. Монголынхоо ард түмэн, тамирчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсний, хөдөлмөрлөсний үр шим энэ юм болов уу.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ТОДРУУЛГА: МҮИС-ийн НИСГЭГЧИЙН АНГИ 3.2 сая төгрөгийн төлбөртэй, 50 оюутан суралцуулна

Монгол Улсын Их Сургууль /МУИС/ -тай нэрний хувьд адил төстэйн учир хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд ихээр андуурч суралцдаг Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ ирж буй хичээлийн жилд онгоцны нисгэгчийн ангиа нээж байна. МҮИС 1998 онд “Чандмань Эрдэнэ” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Хожим 2002 онд коллеж болж, 2004 онд дээд сургуулийн статус руу шилжсэн байдаг. Харин их сургууль болсон нь 2013 он.
МҮИС нийт 98 мэргэжилд оюутан элсүүлдэг. Эмч, багш, инженер төдийгүй Брэнд менежэр ч энэ сургуулиас төрөн гарах боломжтой. Ийнхүү олон мэргэжлийн анги нь энэ жил дөрвөөр нэмэгдсэний дотор онгоцны нисгэгчийнх багтжээ.
Агаарын тээврийн салбар сургууль энэ хичээлийн жилээс элсэлт авч эхэлж буй аж. Үүнд: Нисгэгчийн, Агаарын тээврийн үйлчилгээний, Нисэх механик техникийн, Алсын жолоодлоготой нислэг буюу дронны гэсэн үндсэн дөрвөн мэргэжлийн хөтөлбөр багтаж буй. Иймээс нисгэгчээс гадна онгоцны үйлчлэгч, дрон нисгэгчийг ч бакалаврын түвшинд бэлтгэдэг болж байгаа нь онцлог харагдлаа.
Уг шинэ салбар сургуулийг БНСУ-ын Ёнсэй их сургуульд онгоцны техникч, механикчаар докторын зэрэг хамгаалсан Ким Ён Жин хэмээх хүн удирдана. Түүний орчуулагчтай холбогдож тодруулахад, дээрх үндсэн дөрвөн мэргэжлийг дандаа солонгос багш нар заана гэв. Одоогийн байдлаар монгол багш байхгүй хэмээсэн нь анхаарал татна.
Хөтөлбөрийн онцлог нь 2+2 буюу хоёр жил Монголд суралцаад, үлдсэн хоёр жилээ БСНУ-ын Кёнүн их сургуульд суралцан төгсөх аж. Нэг ангид дээд тал нь 50 хүүхэд элсүүлнэ. Англи болон Монгол хэлний ЭЕШ-ын оноо 410-с дээш байх шаардлагыг тавьж буй. Нэг хичээлийн жилийн төлбөр 3.2 сая төгрөг. Харин Агаарын тээврийн үйлчилгээний ангийн төлбөр ганцаараа 2.7 сая төгрөг гэлээ.
Ким Ён Жин докторын орчуулагч эмэгтэй цааш, “АНУ-ын онгоцны нисгэгч нарыг бэлтгэдэг ICAO гэдэг стандарт бий. Үүнийг Солонгосчууд шууд авч, мөрддөг. Ийм учраас манай сургалтыг мөн дэлхийн жишигт нийцсэн, тэр стандарттай гэж ойлгож болно. Хоёр жил Монголд сураад, хоёр жил Солонгост сурахад хөтөлбөрийн зөрүү гарахгүй…
Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Сошиал дуулианаар Засгийн ажлыг явуулагч

Нэг залуу гарч ирээд, “Нутаг орноос минь яваад өг” гэж уйллаа. Маргааш нь Ерөнхий сайд “Б.Чойжилсүрэнгийн уурхайг хаа” гэж үүрэгдлээ. Уурхай хаагдлаа, лацадлаа. Уурхайн ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Тэдэнд тамхи зарж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг эгчийн амьдрал бас “будаа”. Гэвч энэ ерөөсөө хамаагүй. Зүгээр л нижигнэсэн алга ташилт.
Нижигнэсэн их алга ташилтын дор тэрээр өчигдөр дахин 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Алга ташилт улам тод нүргэлсээр. ААН-үүд харин шууд лацдуулж, ломбодуудах ажиллагаанд шилжив. Гоё, Ерөнхий сайдын пиар рейтинги одоо тасралтгүй өснө. 2020 оны сонгууль ч хаяанд ирлээ.
Уул уурхай байгальд орчинд халтай юу халтай. Тэдэнд хууль муу үйлчилдэг үү, үйлчилдэг. Тэд юухан хээхнээр нөлөөллийн бүс дэх малчид, сум багийн засаг дарга нарыг хуурсаар ирсэн үү, ирсэн. Тэд нэгэн цагт ар өврийн хаалга, танил талаа ашиглан, тусгай лиценз өвөрлөсөн үү. Өвөрлөсөн. Гол утга нь, уул уурхайнхан ч бас болдоггүй улс.
Газар шороо ч үнэтэй. Эх орноо бүрэн бүтэн байлгах учиртай. Гэлээ гээд улсынхаа ахуй амьдрал, авдран дахь зоос мөнгө, алд дэлэм торго дурднаа арвин байлгах үүрэгтэй Ерөнхий сайд нь ААН-үүд рүүгээ дайраад байх ёсгүй. Харин ч ААН-үүдээ хайрлаж, дэмжиж, бодлогоор дэмнэх учиртай. Тэгж гэмээнэ, бид ажлын байртай, авах татвартай явна.
Гол нь, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хууль зөрчсөн үү гэдгийг шүүхээр эцэслэн тогтоох учиртай. Дараа нь цуцлахад асуудалгүй. Гэтэл шууд Ерөнхий сайд нь үүрэг өгөөд л, тусгай зөвшөөрөл цуцлагдаж байгаа нь ихээхэн буруу жишиг юм. Одоо бизнесүүд яана гээч, Ерөнхий сайдаас ухаангүй айна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Үер туужийн УСЧ ӨВГӨНИЙ бодит дүр С.Хүрэлбаатар гуайтай ярилцлаа

Үер туужаас сэдэвлэсэн бүтээсэн “Хүний сайхан сэтгэл” киноны усч өвгөн Болдын дүр хэн бүхний сэтгэлд үдээстэй. Тэгвэл Хэнтий аймгийн Биндэр суманд дээрх Болд өвгөнтэй адил усч эрхэм байдаг аж. Түүнийг С.Хүрэлбаатар гэдэг бөгөөд өдгөө 62 настай.
Хэдий нас 60 гарсан ч, хөнгөн шингэн харагдах тэрээр өглөө 09 цагт гол гатлуулах ажлаа эхэлж, шөнийн 23 цагт буух аж. Тэрээр “Гол ус гатлах гүүргүйн учир ах нь арга ядахдаа ингэж хүн, техник гатлуулах болсон” хэмээж байлаа. Ингээд түүнтэй ярилцсан хэсэгхэн хуучаа хүргэе.
-Сайн байна уу? Та хэзээнээс эхлэн техникээр гол гатлуулдаг болсон бэ?
-Манай сум Онон голын нөгөө талаас сумын төв рүүгээ гарах гүүргүй л дээ. Тийм болохоор л гол ус гатлах гүүргүй учир ах нь арга ядахдаа ингэж хүн, техник гатлуулах болсон. Нээх айхтар удаагүй ээ, зургаа долоон жил л болж байна.
-Цагийн хуваарь, утасны дугаар тань өлгөөтэй харагдана. Өдөр бүр явах уу. Хүмүүс их байдаг уу?
-Тиймээ цагийн хуваарь, утас бий. Ихэнхдээ оройны 10 цаг өнгөрөөж харина даа. Гэхдээ зарим тохиолдолд хүнгүй бол гарахгүй. Ганц нэг хүнтэй нэг километрт нэг литр бензин иддэг том машинтай хүн чинь гол гатална гэдэг хүнд асуудал. Харин хур бороо ихтэй ч юм уу, баяр наадмын үер олны хөл тасрахгүй, байнга шахуу гол гатална даа.
-Амралтын өдөр гэж бий юу?
–Үер ус багатай, мотоцикл гарчих үед ах нь гарахгүй ээ. Хүмүүс өөрсдөө гараад явчихдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд амарна гэж байхгүй. Шөнийн цагаар ч хамаагүй яаралтай утас дуугарвал шөнө ч бай үүрээр ч хамаагүй голынхоо хажууд хүлээгээд зогсож байна даа. Өвчин зовлонтой, яаралтай хэрэг гарсан хүмүүст үгүй гэж чаддаггүй.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Улсдаа ганц дотуур туяа эмчилгээний аппарат ЭВДЭРЧ хавдартай 20 хүний эмчилгээ зогсов

Хавдар судлалын үндэсний төвийн улсдаа ганц байгаа дотуур туяа эмчилгээний аппарат эвдэрч, өвчтөнүүд эмчилгээгээ хийлгэж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Иймд бид тус эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаагаас энэ талаар тодруулан мэдээлэл бэлтгэлээ.
М.Минжмаа: Ганцхан аппараттай, тэр нь эвдэрснээр өвчтөнүүд маань 10/1 хүртэл эмчилгээнд орох боломжгүй болсон
-Дотуур туяа эмчилгээний аппарат ямар зориулалттай болох талаар та тайлбарлаж өгнө үү
-Дотуур туяа эмчилгээний аппаратаар умай болон умайн хүзүүний хавдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэдэг. Хавдрын эмчилгээнд мэс засал, хими болон туяа гэсэн гурван гол эмчилгээ бий. Үүнээс туяа эмчилгээ нь зайн буюу гадна шарлага, дотуур туяа эмчилгээ гэсэн хоёр төрөлтэй. Умайн хавдартай өвчтөнүүд зайн шарлагынхаа дараа дотуур туяа эмчилгээнд орох ёстой байдаг. Гэвч дотуур туяа эмчилгээний аппаратын цацраг идэвхт үүсгүүртэй холбоотой программын алдаа заасан. Иймд бид эмчилгээг зогсоосон. Манай улсад ганцхан байдаг учраас, өвчтөнүүдийн эмчилгээ 8-р сарын 14-оос эхлээд зогсоод байна.
–Аппарат юуны учир эвдэрсэн бэ?
-Манай дотуур туяа эмчилгээний аппарат нь 2010 онд хавдар судлалын үндэсний төвд ирсэн. Арван жил орчим болж байна. Олон жил хэрэглэсэн учраас үүсгэврийн идэвхжил маш бага болсон. Ойлгомжтойгоор тайлбарлавал дунджаар 10 минут орчим шарлага хийдэг байсан аппарат үүсгүүрийн идэвхжил буурснаас болж шарлага хийх хугацаа нь 40-50 минут болж уртассан. Бид уг аппаратын үүсгүүр доторх дамжуулах эд ангид эвдрэл гарсан болов уу гэж магадалж байгаа.
-Хэр олон өвчтөний эмчилгээ тасалдаад байна вэ?
-Жилд дунджаар умай болон умайн хүзүүний хавдартай 220 орчим хүн уг аппаратаар эмчилгээ хийлгэдэг. Нэг өвчтөн дунджаар долоо хоногт 1-2 удаа дотор туяаны аппаратаар эмчилгээ хийлгэдэг. Өдөрт 5-6 өвчтөн эмчилгээ хийлгэнэ. Нэг өвчтөн нь сард дөрвөн удаа эмчилгээ хийлгэх ба сардаа давхардаагүй тоогоор дунджаар 17-18 хүн эмчилгээ хийлгэдэг. Одоогийн байдлаар 10 гаруй хүн зайн шарлагын эмчилгээгээ дуусгаж, дотуур туяа эмчилгээгээ хүлээж байна.
-Монголд өөр дотуур туяа эмчилгээний хийх боломжтой эмнэлэг байхгүй юу?
-Манай улсад туяа эмчилгээний тусламж үйлчилгээг зөвхөн хавдар судлалын үндэсний төвд үзүүлдэг.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр заржээ.
УГ АСУУДЛЫГ БАРИМТААР ТОДРУУЛБАЛ, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр”2” нэртэй ….тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна.
Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/68 хувийн харьцаатайгаар хуваан эзэмшдэг аж.

Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувь эзэмшдэг байдал

Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ХОМ-тээ мэдүүлсэн байдал
Сонирхолтой нь, нүүрсний нөөц бүхий 1463 га-г хамардаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ердөө 5 сая төгрөгөөр худалдан авч. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу үнэн дүнгийн 30 хувь буюу 1.5 сая төгрөгийг нь улсад тушаасан байна. Уг талбайн зөвшөөрөл 2017.09.26-ны өдөр албан ёсоор гэрчилгээгээ авсан.
Гэрчилгээ авснаас хойш ГУРВАН САРЫН ДАРАА ийнхүү зарагджээ...
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Н.Галсанцэрэн: Талбай дээр ирэхгүй нэг өдөр болоход сэтгэл хоосроод байдаг

Улаанбаатар хотод ирсэн хэн боловч Сүхбаатарын талбайг зорьдог. Зун, намрын урин дулаан цагаар төв талбай хүүхэд хөгшид, жуулчид болон залуусын хөлд дарагддаг. Үймж шуугисан олны дундаас “зургаа даруулах уу” гэсээр ирэх цэнхэр хантаазтай, аппарат барьсан хүмүүс нэг л танил. Талбайн зурагчин гэх нэрэн дор 100 гаран хүн Сүхбаатарын талбайд ажилладаг байна.
Тэдний нэг 1993 оноос хойш тасралтгүй зураг авч буй Нямхүүгийн Галсанцэрэнтэй гэх эгэл хүмүүнтэй ярилцлаа. Тоолж барахгүй олон хүний гэрэл зургийг авч, аз жаргалтай сайхан мөчийг нь зургийн хальсанд мөнхөлж чадсан тэрээр халуунд халж, хүйтэнд хөрч 26 жилийг Сүхбаатарын талбай дээр өнгөрөөжээ.
-Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн, сайн байна уу? Намайг Нямхүүгийн Галсанцэрэн гэдэг. 1980 онд Архангай аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшсан. Тэр үеэс л зурагчин болъё гэж шийдээд зургийн аппарат аваад талбай дээр гарч ирсэн дээ. Одоо эхнэр бага хүүтэйгээ амьдарч байна. Охидууд маань “үүрнээсээ нисээд” хүний хүн болоод явчихсан. Бие өвдөж, гурван жил өнжсөнийг эс тооцвол Сүхбаатарын талбай дээр 1993 оноос хойш өдийг хүртэл гэрэл зураг авч байна.
-Гэрэл зураг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Хүүхэд байхаасаа фото зураг сонирхдог байсан. Зургаадугаар ангид байхад манай багш зургийн дугуйлан явуулж эхлээд тэрэнд сурдаг байлаа. Тэр үед Зинет гэдэг хальсан аппаратаар зураг хэрхэн дарах, угаах зэргийг гэртээ зааж өгсөн.
Ээж аавдаа уйлан дугарч байгаад зенитээ авхуулаад хөдөө гадаа хаана ч явсан зураг дараад байдаг байсан. Зураг авмаар санагдаад, үргэлж бодогдоод “донтоно” гэдэг нь болсон.
-Таны зураг авах хүслийг ээж, аав тань дэмжиж байв уу?
-Ижий аав минь миний дуртай зүйлийг дэмжээд зенит гэдэг зургийн аппарат авч өгч байсан нь хүүгээ насаар нь аз жаргалтай байхад нөлөөлсөн гэж боддог. Би хүүхдүүдээ тэр л журмаар хүмүүжүүлж байна. Зөв сайхан зүйлд дур сонирхолтой байвал түүнийг нь аль болох дэмжихийг хичээдэг. Манай зээ хүү хөлбөмбөгт үнэхээр хайртай. UB CITY клубт оруулсан долоо хоногт гурван удаа хичээллэдэг.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Г.Батбаяр: С.Зоригийн хэргийн захиалагчдыг наймдугаар сард барьж хийх гэж байтал энэ бичлэг ил болсон

Энэ долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хурлын шийдвэр гарч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.
Бүтэн зургаан өдөр хаалттай байдлаар үргэлжилсэн уг шүүх хурлын талаар Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
-Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Олон өдөр үргэлжилсэн, өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал боллоо. Дотор уур амьсгал ямар байсан тухай яриагаа эхэлье?
-Есөн шүүгдэгчийн 13 өмгөөлөгч ажилласан. Ж.Батзандан нарын ярьж буй шиг 17 өмгөөлөгч биш. Эсрэг талд гурван хохирогч, дөрвөн өмгөөлөгчтэйгөөр, зэрэгцээ хяналтын прокурор нэрийн дор хоёр прокурортой шүүх хурал болсон. Нэг хэцүү зүйл байрны хувьд их жижиг буюу 50 м2 байсан бөгөөд 40 гаруй хүн дотор нь чихцэлдсэн байдалтай байв. Хэргийн хувьд ээдрээ төвөгтэй. Эрүүгийн хуулийн 2.6.2-т зааснаар уг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд ордог. Үүнийг нэг бүрэлдэхүүнтэй шүүгчийн удирдлага дор явуулж шийдвэрлэх ёстой. Гэтэл хэргийн ээдрээ төвөгт байдлыг харгалзан бүрэлдэхүүнтэй шүүгчтэй явуулах саналыг шүүх хурлыг даргалагч шүүгч Төв аймгийн шүүхэд тавьснаар хоёр шүүгч нэмэгдсэн. Бүрэлдэхүүнтэй явуулж буйгаараа их ээдрээ маргаантай, нотлох баримтууд ч төвөгтэй, үйл явдлын хоорондын шалтгаант холбоог тогтоох, тэдгээрт оролцож буй субъектүүдийн субъектив санаа зорилго, гэмт хэрэг үйлдэх хүсэл зорилго байсан уу гэдгийг тогтооход их төвөгтэй байдалтай явагдсан.
Хохирогч нарын зүгээс УИХ-ын гишүүдийн нэр бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр, гадаа иргэний хөдөлгөөнүүдийн туслалцааг авсан байдалтай, бидний хувьд яргачин тамлагч нарыг өмгөөлж буй мэт байдалтай байлаа.
-Нууцын зэрэглэлтэй хэрэг учир хаалттай байдлаар явуулсан гэх. Яг хуулийнхаа дагуу юуг нууцлаад байгаа юм бэ?
-Маш нууцын зэрэглэлтэй. Төрийн болон албаны тухай нууцын 19.1.2-т зааснаар энэ хэргийн шийдвэр үр дүн 20 жилийн турш хадгалагдах нууц. Гэтэл үүнийг хэрэг дөнгөж шалгагдаж эхлэнгүүт эрх бүхий албан тушаалтан, УИХ-ын гишүүд МҮОНТВ-ээр цацсан. Энэ бичлэг л хамгийн гол баримтууд байсан. Үүнээс болж энэ хэргийг шийдэхэд, нууцлахад их хэцүү болсон. Олон нийт мэдэж байгаа болохоор нууц биш. Гэтэл нууц гэдэг хэн бүхний мэдэхгүй зүйлийг хэлнэ. Сэтгүүлчид ч бүхнийг мэдэж буй өнцгөөс асууж, хэн хэн оролцсон, хэн хэн зодсон, хэргийн шүүгдэгчээр тэр бичлэгт байхгүй улс оролцоод л, Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд буй нөхөд нь гэрч болчихсон зэргийн төвөгтэй зүйлсийг бүгд мэдэж байлаа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ТОДРУУЛГА: Мөөгөнцрөөс мөөг ургуулна гэдэг нь байгалийн хууль зөрчсөнтэй адил

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд хоол хүнсэндээ мөөгийг өргөнөөр хэрэглэх болсон. Тэгвэл саяхан “Мөөгөнцрөөс ургуулан авч буй мөөг бол хор юм. Иймд энэхүү бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна” хэмээх мэдээлэл иргэдийн дунд тархсан юм. Уг мэдээллийн мөрөөр лавшруулж үзэхэд 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй МЭКО буюу “Монгол эко” органик фармын тариалж буй хаан хясаан мөөгний тухай мэдээлэл болохыг олж тогтоов.
Иймд бид иргэдийн мэдээллийн дагуу МЭКО органик фармын үүсгэн байгуулагч Б.Батсоёмбоос дараах тодруулгыг авлаа.
-Мөөгөнцрөөс ургуулан авч буй мөөгийг биед муу тул хэрэглэхгүй байхыг зөвлөсөн мэдээллүүд иргэдийн дунд тархжээ. Энэ үнэн үү?
-Мөөг мөөгөнцөр хоёр бол нэг төрөл зүйл шүүдээ. Иймд мөөгөнцрөөс мөөг ургуулан авна гэдэг нь утгагүй яриа. Хэрэв тийм зүйл байвал байгалийн хуулийг зөрчсөнтэй адил. Манай фармын хувьд Орос, Голланд улсаас мөөгний үрийг авчран лабраторийн нөхцөлд модыг уутлаад үйлдвэрийн аргаар ургуулдаг. Хоёр гурван ч лабраторид шинжилгээ өгч байсан. Мөөгөнд ямар нэг хортой зүйл байхгүй бөгөөд хортой гэдэг нь хэсэг хүмүүсийн тараасан худал мэдээлэл юм.
-Танай фарм мөөгөө хус мод уутлан үйлдвэрлэдэг гэсэн. Нэг хус модноос хэр хэмжээний мөөг хурааж авдаг вэ?
-Хус модыг жижиглэж бэлтгээд хийдэг учраас нарийн тоо гаргах боломжгүй. 2-4 кг гээд л өдрөөс өдөрт ургац маань сайжирч байна.
-Хаан хясаан мөөгийг хэрэглэснээр хүний биед ямар давуу талтай вэ?
-Хоол хүнсний мөөгнүүд уургийн агууламж сайтай байдаг. Хаан хясаан мөөг мөн адил уураг сайтай, махыг орлож болохуйц шим тэжээлтэй хүнс. Таван жилийн өмнө хүмүүс их тарьж ургуулдаг байсан. Хэдхэн жилийн дараа гэхэд махны хэрэглээний 30-40 хувьтай дүйцэхүйц хэмжээнд хүмүүс мөөгийг хэрэглэдэг болно гэсэн судалгаа байдаг. Мэдээж мөөг хэрэглэх нь биед олон төрлийн ач тустай. Махыг бодвол байгальд сөрөг нөлөө багатай бөгөөд байгалийн хаягдлыг задлах процесс явагддаг.
Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.