Ярилцлага

Концертмейстр Б.Бат-Эрдэнэ: Багаасаа өрсөлдөөн дунд өссөн ч өөрийгөө алдаагүй

Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 16 дахь уралдаанаас “Шилдэг концертмейстр” гэх хүндтэй шагналыг хүртсэн, Монголын урдаа барих төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-БАГШ НАР МААНЬ, НААД ШАГНАЛЫГ ЧИНЬ ХҮССЭН БОЛГОН НЬ АВДАГГҮЙ ЮМ ШҮҮ ГЭЖ ХЭЛСЭН-

-П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд дуучин Э.Анхбаярын хамт оролцон, шилдэг концертмейстр цол хүртээд ирсэн. Энэ үйл явдлаас яриагаа эхлэе.

-П.И.Чайковскийн нэрэмжит XVI дахь уралдаанд Э.Анхбаярын хамт дуулаачийн төрөлд оролцож дөрөвдүгээр байранд орсон. Миний хувьд 15 орны 27 төгөлдөр хуурчид оролцсоноос шилдэг концертмейстр гэдэг шагналыг хүртлээ. Үүнийг Монгол улсын түүхэнд байгаагүй шагнал гэж үзэж болно. Итали багш нар маань, “Баяр хүргэе. Наад шагналыг чинь хүссэн болгон нь авдаггүй юм шүү” хэмээж байсан нь сэтгэлд үлдсэн.

П.И.Чайковскийн нэрэмжит энэ уралдаан дэлхийн А зэрэглэлийн шилдэг таван уралдааны нэгт зүй ёсоор тооцогддог. Оросдоо бол номер нэг. Цаг хугацааны хувьд ч зохиогдож эхлээд чамгүй урт хугацааг элээсэн байна.

-Концертмейстр цолны утга учрыг уншигчдад товчхон тайлбарлаж өгвөл?

-Энэ бол цол биш, мэргэжил юм. Тун энгийнээр тайлбарлахад дуучны ард дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэж болно. Бэлтгэлээ хийхэд нь сонсон зааварлаж, “Өнгөө дээшлүүлээрэй, одоо аяархан” гэх мэтээр хэлж өгдөг. Үүнийг концертмейстр гэнэ. Балетийн дасгалын ард мөн төгөлдөр хууртай ажилладаг дасгалжуулагчийг балетмейстр гэх нь бий.

Би үүний өмнө ихэвчлэн соло төгөлдөр хуурчийн төрлөөр олон тэмцээн, фестивалиудад оролцож байсан. Харин Анхаа бид хоёр сайн найзууд. Энэ уралдаанд хамт ажиллаад өгөөч гэж хандсаны үүднээс бид хамтарч оролцлоо.

-Таны хувьд төгөлдөр хууртай амьдралаа холбоод хэдэн жилийг үдсэн байна вэ?

-23 жил. Би долоон настайгаасаа Хөгжим, бүжгийн коллежид элсэн орж, н.Должинчимгээ багшийн удирдлага дор төгөлдөр хуур сурч эхэлсэн. Багш маань хэдхэн жилийн өмнө өөд боллоо. 10 жил суралцаад, цааш Италийн дэлхийн нэгдсэн коллежийг төгсөж, дараа нь тэндээ үлдэн Триесте хотын хөгжмийн их сургуульд бакалаврын мэргэжлээ эзэмшсэн. Үүний дара Удине хотын хөгжмийн их сургуульд магистраа хамгаалсан.

Сураад л явж байна, сурч дуусахгүй юм билээ. Маш нарийн мэргэжил. Уралдаан тэмцээнд бэлдэж байгаа нөхцөлд өдрийн долоо, найман цаг яс сууж бэлтгэл хийдэг.

-Төгөлдөр хуурч мэргэжлээр магистрын түвшинд хүртэл суралцсан гэхээр зарим хүмүүс гайхаж хүлээж авдаг. Зүгээр л авьаяс болохоос, диплом авдаг мэргэжил юм уу гэж?

-Хөгжимчин хүний хувьд энэ бол байж болох хамгийн гоё мэргэжил шүү дээ. Дэлхийн олон орнуудаар аялан тоглолт хийх, өөрийнхөө хөгжмийг дэлхийн хүмүүстэй хуваалцах гэдэг миний хамгийн том мөрөөдөл. Бусад орны оркеструудтай нийлээд хөгжмөө тоглоно гэдэг сайхан.

Манай Монголчуудын хувьд, ямар ч салбарт нарийн мэргэшсэн хүн дутмаг байх шиг харагддаг. Би одоо төрөлх сургуульдаа багшилж байна. Сурагчдадаа зөв ойлгоц өгч, биеэрээ үлгэрлэх гэдэг миний үүрэг гэж ойлгодог. Удахгүй Монголд маань сайн хөгжимчид олноор төрж гарна гэж итгэж байна. Үүний төлөө л хөдөлмөрлөж буй.

-БАГААСАА ӨРСӨЛДӨӨН, ТЭМЦЭЭНД ДУНД ЯВЖ ИРСЭН Ч, ӨӨРИЙГӨӨ АЛДААГҮЙ

-Нарийн мэргэжлийн хүмүүс дутмаг гэж та хэллээ. Мэргэшсэн төгөлдөр хуурчид цөөн, дутмаг байгаа энэ цагт нэлээдгүй нэр хүндтэй шагналыг аваад ирлээ, өмнө нь ч олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдээс хоосон буцаж байгаагүй. Та бардамнадаг уу?

-Асуулттай холбогдуулан хэлэхэд, мэдээж би хаана яваагаа өөрөө мэднэ. Багаасаа сонгодог урлагаар явсан хүмүүсийг харахад онгирч байгаа зүйл ажиглагддаггүй. Жаахан юм хийчхээд л дэвээд байдаг хүмүүс бүх салбарт л байдаг болов уу. Үүнийг цаг хугацааны асуудал гэж хардаг. Бүх насны хөдөлмөр эргээд тэр хүний юу хийж бүтээснийг харуулна шүү дээ.

Хүүхэд байхдаа, “Би хамгийн аймаар нь” гэж боддог л байлаа. Үнэхээр том уралдаануудад түрүүлдэг байсан. Харин Италид мундаг багш нарынхаа ачаар "Болоогүй юм байна" гэдгээ ойлгосон. Тэр орчинд суралцаад би маш их дарагдсан. Надад зохисон гэж боддог.

-Тодорхой амжилтад хүрсэн хүн бүрийн амьдралын замналд бардамнал дүүрэн үе байдаг. Италид суралцахаас өмнөх өөрийнхөө тухай яриач. Ирээдүйгээ хэр хол төсөөлсөн, хэр хөдөлмөрч хүүхэд байв?

-Хөгжим бүжгийн коллежид 10 жил суралцахдаа багагүй олон уралдаан тэмцээнд орсон. 3, 4-р ангиасаа л өрсөлдөөн тэмцээн дунд явж ирсэн байх юм. “Доор нь орж болохгүй” гэсэн сэтгэлгээтэй...

Би дээрээ хоёр эгчтэй. Миний том эгч тэр үед Соёлын коллежид сурдаг байсан, нэг үгээр миний анхны төгөлдөр хуурын багш юм даа. Сургуульд орохоос өмнөх бага балчир насандаа төгөлдөр хуурын хичээлийг эгчээсээ, хар зөнгөөрөө авч байсан гэлтэй.

Харин намайг Хөгжим бүжигт оруулж өгсөн хүн бол ээжийн ах. Улсын сургуульд бүртгүүлчихсэн байтал, “Юу яриад байгаа юм, та нар” гээд, хөгжим бүжигт шалгуулахыг зөвлөж байлаа.

Дээр хэлсэнчлэн, би өрсөлдөөн дунд өсч томорсон. Гэхдээ тэр дундаас би өөрийгөө алдаагүй. Зорилго гэдэг зүйлийн араас явж, түүндээ хүрнэ гэдэг өөр хэрэг. Би бусдаас ялимгүй тэвчээртэй л болов уу. Аав, ээжийн маань л сайн хүмүүжил юм даа.

-Бага байхаасаа өрсөлдөөн дунд явж ирсэн учраас шагналын амбиц нь дарагдаж ээ гэж?

-Тэгж ойлгож болно. Миний хоёр дахь ээж болсон хүн бол багш маань юм. Төгөлдөр хуурын хичээлийг долоо хоногт хоёр удаа, хоёулаа яс суугаад ордог байсан. Ээж, аавын заагаагүй бүх л зүйлсийг хэлж өгдөг байсан. Өөрөө Уралын их сургуулийг төгссөн хүн. “Классик хөгжмийн ертөнц гэж ийм шүү. Чи ингэж биеэ авч явах ёстой шүү” гэдгийг ойлгуулсан. Хөгжимчин болгохоос илүү "хүн” болоход анхаардаг байсан шиг.

-Таны аав, ээж хоёрын талаар асуумаар байна. Танд олгосон хамгийн чухал хүмүүжил нь юу гэж бодож явдаг вэ?

-Миний аав, ээж хоёр төрийн байгууллагад ажилладаг, энгийн л хүмүүс. Ээж маань засгийн газрын ордны үйлчилгээний албанд ажилладаг байсан. Харин аав бол төмөр замын баазад 30 машин барьдаг, том тэрэгний жолооч байсан. Машинаа засна, угсарна, ер механик талын хүн байлаа. Яалт ч үгүй хараад байхад аав, ээж хоёр маань миний төлөө маш их зүтгэсэн. Жаахан хичээлээ таслачихвал хүрээд л ирсэн хүлээж байдаг байв.

Тэд маань хоёул "аюулын” ажилсаг хүмүүс. Би тэр хоёрын зүгээр сууж байсан үеийг одоо ч санадаггүй. Зуслан дээр, хашаан дотор гээд л үргэлж хөдөлж, хөдөлмөрлөж байдаг байсан. Миний яс суугаад хөгжмөө давтдаг зан чанар ингээд бодвол яг аав юм билээ.

-БИ ААВ ШИГЭЭ Л ЭР ХҮН БОЛНО ГЭЖ БОДДОГ БАЙСАН-

-Үүний зэрэгцээ хөгжим танд ямар төлөвшил олгосон бол?

-Өөрийгөө олно гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би өөрийгөө үүнд тун ойртож байгаа гэж бодож явдаг. Амьдрал дээр хар, цагаан олон зүйл тохиолдоно. Атаа, жөтөө. Тэр бүгдийг л ажрахаа больчихож дээ. Жаахан "хамаагүй" болчихсон ч юм шиг. "Хүн бусдад гай болохгүй, урдахаа хийгээд амьдрах ёстой юм байна” гэдэг миний тууштай үзэл баримтлал.

Одоо төрөлх сургуульдаа багшийн алдар зүүгээд явж байна. 1-р ангиас эхлээд магистрын зэрэгт суралцаж байгаа бүх хүмүүс намайг харж байгаа хэмээн бодож, тодорхой хариуцлага ухамсарладаг.

Өөрийгөө нэг их магтаж чаддаггүй юм аа. Зүгээр сонгодог урлагаар дамжуулан бие хүн болж чадсандаа баярлаж явдаг гэмээр байна. Энэ л урлагийн ертөнцөд байгаадаа үнэхээр их бахархдаг, бас баярладаг. Өдий хүртэл урагшлахад намайг дэмжиж, тус болж ирсэн аав ээж болон эхнэртээ талархаж явдаг. Намайг өдрийн арван цаг төгөлдөр хуурын ард суугаад, хагас жил орчим бэлтгэлд гарч байхад юу ч хэлэхгүй хүүхдээ харангаа, эр нөхрөө дэмждэг...

-Нэртэй хөгжимчдийн амьдралыг харахад энгийн хүнээс онцгой дотоод ертөнцтэй хүмүүс шиг анзаарагддаг шүү дээ. Таны хувьд өөрийгөө бусдаас тусдаа, ялгаатай мэтээр мэдэрч байсан удаа бий юу?

-Хөгжмийн ертөнцдөө автаж бодит амьдралаас тасарна гэдэг манай Монголын нөхцөлд боломжгүй гэлтэй. Итали, Франц гэх мэт европын орнуудад бол урлагийн хүмүүсийг бие хүн талаас нь ойлгож, хүндэлдэг.

Би өөрийн тань хэлж байгааг багадаа анзаарч байсан. Эрэгтэй төгөлдөр хуурчид бие хааны хувьд ч “нялцанхай”, охин шиг харагдаад л. Дэлхийн нэртэй төгөлдөр хуурчдын амьдралын түүхийг сөхвөл ижил хүйстнүүд элбэг таарна. Харин би аав шигээ л эр хүн болно гэж боддог байсан.

Шал угааж болохгүй, гурил элдэж болохгүй... Надад хэзээ ч тийм юм байгаагүй. Шууд хүрз бариад л, аавдаа туслаад, хар ажил хийгээд явдаг байсан санагдана.

Харин дээр ярьсан тэрхүү орчноосоо "тасарна” гэдэг бол тайзан дээр явагдана. Чамайг сонсох гээд ирчихсэн хүмүүст зориулаад тайзан дээр гарна гэдэг... яавч тэнэг байж болохгүй шүү дээ. Өөрийгөө эвдээд л, дотоод ертөнцөө ил гаргана. Тэгж тоглосон хөгжим хүнд өөр хүрдэг, үзэгчид голдоггүй. Гэхдээ контрол байхгүй бол болохгүй.

Тэр "тасрах” гэдэг зүйл байхгүй бол сайн хөгжим гарахгүй шүү дээ. Агуу Л.В.Бэтховэн, В.А.Моцарт нар тэнгэрээс, нэг үгээр бурхнаас сонссоноо цаасан дээр буулгаж, туурвиж байсан. Тэгэхээр хөгжимчид бид тэдний гүүр нь. Тэдний яг юу мэдэрч байсныг бид илэрхийлж гаргах учиртай.

-ТӨГӨЛДӨР ХУУРЫНХАА АРД СУУЖ БАЙХДАА, “АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ ЮМ БАЙНА ДАА” ГЭДГИЙГ ОЙЛГОХ ШИГ БОЛДОГ-

-Зөвхөн авьяастай гэж хийрхээд жинхэнэ урлагийн хүн болдоггүй юм шиг. Уран бүтээлч хүн чамгүй их уншдаг. Хөгжимчин хүнд боловсрол хэр зэрэг хэрэгтэй юм бэ?

-Цаг хугацаа өнгөрөх хэрээр өөрөө багшлах болно, үр хүүхэддээ зааж сургах хэрэг гарна шүү дээ. Иймээс хүнд боловсрол заавал хэрэгтэй гэж боддог.

Би хувь хүнийхээ хувьд маш сониуч нэгэн. Одоо математикийн ч ном уншдаг. Арван жилдээ гавьтай сонирхдоггүй байсан ч, одоо математик, физик, биологи уншдаг. Энэ сансар огторгуй шиг сонирхолтой сэдэв хаана байна вэ? Мөн “том” хүмүүсийнхээ хөгжмийг, намтрыг судлахын тулд бас л унших хэрэгтэй болно.

Миний талийгч багш зуны амралтаар арав, арван ном давхарлаад өгдөг байсан. “За эд нарыг унш”. Уншаад ирэхээр, “Одоо эднийг унш” гэнэ. Дандаа уран зохиолын номнууд байдаг байлаа. Бодлогын чанартай л тэгдэг байсан байх даа, миний багш.

Боловсрол гээд байгаа зүйлийг нэг талаас ингэж номноос авдаг. Нөгөө талаар амьдралаасаа, өөрөө өөрөөсөө олж авч бас болдог шиг. Би хөгжмөө давтаад, төгөлдөр хуурынхаа ард сууж байхдаа, “Амьдрал гэдэг ийм юм байна даа” хэмээн бодолхийлдэг. Яалт ч үгүй хөгжим надад ухаарал өгөөд, эсвэл би өөрөөсөө ухаж олоод байх шиг мэдрэмж...

Глэн Гоулд гэж Канадын төгөлдөр хуурч уулын орой дээр нэг нохой, төгөлдөр хуур хоёртойгоо амьдардаг байсан. “Би хүн төрөлхтөнтэй байж чаддаггүй” гэж ярьдаг байсныг нь судлаачид онцолдог.

-Глэн Гоулд ч эмо залуу байсан даа. И.С.Бахыг голчлон тоглодог байсан санагдана.

-Тийм. Тэгээд тоглолт нь гайхамшигтай. Ийм суутнууд дэлхийн хаа нэгтээ олон бий. Өөрсдийн гэсэн ертөнцтэй...

-Таныг ахуйгаас тасалдаг, хамгийн дуртай хөгжмийн зохиолчоо нэрлээч?

-Барокко, Классик, Романтик, Контэмпорари гээд хөгжмийн цаг үеүд, урсгалууд байдаг. Миний хувьд классик, романтизм талдаа илүү дуртай. Импрэссионизм ч бас сайхан.

К.Дэбюсси, М.Равел. Гэхдээ илүү Л.В.Бэтховэн, Ф.Шопен.

-ЗАМБАРААГҮЙ ИХ ЦАЛИН АМЛАДАГ. ГЭХДЭЭ МИНИЙ СОНГОЛТ ТӨРӨЛХ СУРГУУЛЬ МААНЬ-

-Та хөгжмийн амьдралаар амьдарч явахдаа буруу сонголт хийсэн мэт эргэлзэж, шантарч явсан удаа бий юу?

-Байлгүй яахав. Бэлтгэл хийж байхдаа шантарч, нулимс дуслуулсан үе олон. “Чадахгүй юм байна. Би юу хийгээд байгаа юм бэ? Тэр их түүхтэй мундаг хүмүүстэй би өрсөлдөөд байхдаа яадаг юм” гэж... Аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөрөө шийдэж болохгүй. Яг ийм үед л хажууд хүн үгүйлэгддэг юм билээ. Гадаадад байхдаа чамгүй ганцаардаж байсан. Даваад л гарна. Хүнд ийм юм байх. Тэмцэх л хэрэгтэй.

Ерөөс хүн тэмцэж л амьдардаг юм биш үү?

-Яг одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

-200 хувь.

Надад гадны орнуудаас маш олон ажлын урилга ирдэг. Саяхан Бээжингийн консерваториос ирсэн. Бүр "замбараагүй” өндөр цалин амладаг. ОХУ-ын Марийнский театрт ажиллах санал ирсэн. Итали дахь төгссөн сургууль маань намайг багшаар ажиллах сонирхолтой юу гэж асууж байгаа.

Хүний амьдралд ийм сонголтууд байна. Бүгдийг нь сонгож болохгүй шүү дээ. Тэр дундаас миний хамгийн том сонголт бол төрөлх сургууль минь юм. Хэзээ нэгэн цагт гадны сургуулиудын адил хөгжинө, том том профессорууд ирдэг болно. Энд миний оролцоо хэрэгтэй.

Хувь амьдралаа бодвол өндөр цалинтай, сайхан орчинтой газрыг сонгож болно л доо. Гэхдээ Монголдоо, Хөгжим бүжигтээ багшилж амьдарвал би илүү аз жаргалтай байна. Өөрт байдаг зорилгын маань нэг хэсэг сургуулиа хөгжүүлэх, хүүхдүүдийнхээ чихийг онгойлгож өгөх юм. Хаяад явах гэхээр сэтгэлийн гүнд маань жаахан “тэгэсхээд” байдаг. Гэхдээ “хэзээ ч” гэж хэзээ ч битгий хэл гэдэг дээ.

-Монголчууд массаараа классик хөгжим сонсох нь бага ч, сонсдог хүмүүсийн хувьд том том бүтээлүүдийг эх орондоо тоглогдож байхыг харах үнэнхүү хүсэлтэй явдаг. Таныг даацтай бүтээлүүдийг тавьж, үзэгдэл болоосой гэж хүсэж байна. П.И.Чайковскийн төгөлдөр хуурын нэгдүгээр концертийг ч юм уу, монгол төгөлдөр хуурч амилуулж байхыг хармаар байна.

-“Чайковскийн нэг” тоглогдоогүй маш удаж байна. н.Нямдаш удирдаач ноднин жилийн өвөл үүнийг тоглох хэрэгтэй байна хэмээн хандаж байсан. Харамсалтай нь би тэр үед тэмцээнд бэлдэж байсан учир амжаагүй. Мундаг төгөлдөр хуурч болгон “Чайковскийн нэг”-ийг тоглож үзэх хэрэгтэй байдаг. Тоглоно оо.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-26 16:41

India Propecia Finasteride [url=http://yafoc.com]propecia como instalar[/url] Viagra Ohne Rezept Berlin Keflex For Toddler I Want To Buy Amitriptyline 50 Mg

Холбоотой мэдээ

Back to top button