ЭнтертайнментЯрилцлага

Ц.Наранбаатар: “BBC”, “China Morning Post”, “Al Jazeera”-аас ярилцлага авсан

"Youtube” сувгаар дамжуулж монгол хоолны соёлоо дэлхий дахинд сурталчилж буй Наргий буюу Ц.Наранбаатартай Eguur.mn сайтын сэтгүүлч Б.Гэрэлмаа өнгөрөгч 2019 оны наймдугаар сард ярилцаж байв. Бид тус ярилцлагыг сэргээн нийтлэлээ.

YOUTUBE сувагт 155 мянган дагагчтай, түүний 80 гаруй хувийг гадаад үзэгчид эзэлдэг “ARTGER” сувгийн бренд, хөтлөгч Наргий буюу Цамбахоролын Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр Дарханы иргэн, Оюутолгой компанид ажиллахын зэрэгцээ Монгол хоолны соёлоо гадны улс орнууд сурталчлах сошиал контентод цаг заваа зарцуулна. 

Монгол үндэсний хоолны соёлын талаар Англи хэл дээр контент үйлдвэрлэн, зорилтот зах зээлээ шууд дэлхий рүү чиглүүлсэн “ARTGER” сувгийн залуус хээр хөдөөгүүр, малчны хотонд, айлын бууцан дээр, голын эрэг дээр гээд хаа ч хамаагүй Монгол хоолоо хийж иднэ. Бидний хувьд хуучин мэт ч гадны иргэдийн хувьд цоо шинэ, төсөөлөгдөмгүй, гайхам байдаг бидний соёл тэдний нүдээр хэрхэн харагддаг бол...

Эдний хамгийн анхны контент шоуны нэг болох “Nargie`s Mongolian Cuisine”-ий үзэгчид хөтлөгч Наргийтэй уулзаж, хамт зургаа авахуулан, гар барихын тулд гадны улс орнуудаас хүртэл зорин ирдэг, өнөөдөр тэдний нэг бичлэгийг хамгийн ихдээ 5 сая гаруй хүн үзсэн байдаг аж.

ХООЛЫГ ИХ АМТАРХАН ИДДЭГ ЗУРШЛЫГ МИНЬ ТӨСӨЛ САНААЧЛАГЧ АНЗААРСНААР ЭХЭЛСЭН

-Дархан-Уул аймагт багшийн ажилтай байсан Наргий хэрхэн “хоолны мэргэжилтэн” болсон түүхээс яриагаа эхлэх үү?

-Би Англи хэлний багш мэргэжилтэй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарт 10 гаруй жил багшилсан. Боловсрол судлал, англи хэлний хичээл заадаг байв. “ARTGER” төслийн санаачлагч Жавхаатай би өмнө орчуулгын ажлууд дээр хамтарч ажилладаг байсан юм. Тухайлбал, “Монголын нууц товчоо” радио драмагийн зохиолыг нь орчуулж өгч байлаа. Үүнээс хойш Жавхаа надад нэг санал тавьсан. “Хөгшөөн, хэдүүлээ англи хэл дээр нэг хоолны нэвтрүүлэг хийе” гэхэд нь “Юун хоолны нэвтрүүлэг юм бэ, ямар учиртай юм бэ” гэж гайхаж хүлээж авч байсан. Гэвч “Заза, Жавхаа надад гоё хоол хийж өгөх юм байна, үзээд алдая” гээд л анх хорхогны тухай нэвтрүүлэг хийсэн. Ингээд л болохоор юм байна гэдгийг бид хоёр хоёулаа зөвшөөрч цаашид энэ контентоо үргэлжлүүлэн хийж эхлээд, өнөөдрийг хүрсэн. Би хоолыг их амтархан иддэг зуршилтай, түүнийг минь л Жавхаа их анзаарч байсан шиг байгаа юм.

-Анхны видеондоо ороход хэр их сандарч байв? Танай видеонуудад хөтлөгч хэдийгээр өөрийнхөөрөө байгаа нь анзаарагддаг ч бага зэрэг жүжиглэлт ч шаарддаг шиг харагддаг.

-Тиймээ. Бид тодорхой хэмжээнд зохиолын дагуу явдаг. Гэхдээ хичнээн сайн хэлтэй байсан ч камерын өмнө өөр хэлээр ярина гэдэг ярвигтай. Анхны видео дээр англи хэлээр хөтлөх л асуудал байсан. Хэдийгээр хичээлээ хангалттай сайн зааж чадах ч гэнэт л хоолны тухай ярина гэхээр хүндрэлтэй байсан. Заримдаа олон дахин давтах ч шаардлага гарна. Сандарч, биеэ барьж байсан үе бий. Анхны видеогоо нэг удаа л үзээд, ахиж огт давтаж үзээгүй. Ер нь би үздэггүй. Өөрсөө ичээд байдаг юм /инээв. сурв/

-Алдаа оноогоо дэнсэлж хардаг л байх?

-Тэгэлгүй яахав, надад өөрийгөө сайжруулах юм их. Ялангуяа, Монгол хоолны философийн тал дээр илүү их мэдээлэлтэй болж, энэ төрлийн мэргэжлийн болон соёлыг нь тээж авч яваа хүмүүстэй уулзъя, судалъя гэдэг бодол бий. Зөвхөн идэх нь гол биш. Монголчууд яагаад ийм хоол иддэг юм, яагаад ингэж хийдэг юм гэх зэрэг олон асуултуудад хариулт өгч явахыг хүсдэг.

-Таны ярианы акцент, хэрэглэж буй үг, егөө, наргиа зэрэг чинь их сонирхолтой гэж үзэгчид тань хэлдэг юм билээ. Тухайлбал, Америкчуудын сэтгэлгээг ойлгож байж тэдний анхаарлыг татсан хошигнол хийдэг гэдэг шүү дээ. Та энэ тал дээрээ хэрхэн ажилладаг вэ? Хэн нэгнээс тусламж авдаг уу?

-Соёлын ойлголтын тухайд нэгдүгээрт би хэлний сургууль төгссөн. Манай аав гадаад хэлэндээ сайн, түүнийгээ надад өвлүүлсэн /инээв. сурв/. Биднийг сурч байх тэр үед угаас Американ л англи хэл заадаг, Америк багш нар л хичээл орно. Хоёрдугаарт, Америкийн сайн дурын байгууллага Энхтайвны корпуст би багшлахын хажуугаар ажилладаг байсан. Энд Америкаас сайн дурынхан их ирнэ. Тэнд байхад би маш их зүйлийг сурч авсан. Хоорондоо соёлын ялгаатай энэ олон орны залуус хэрхэн ойлголцдог, тэдний соёл ямар байдаг гэдгийг суралцаж авсан минь надад их шингэж үлдсэн. Энэ л их тус болсон болов уу.

ГЭДЭС ДОТРЫГ ЦЭВЭРЛЭЖ, ЧАНАЖ, ИДЭЖ БУЙ ҮЙЛ ЯВЦ ГАДНЫХАНД АЙМШГИЙН КИНО

-Монгол хоолны тухай видеонуудаас тань харахад зарим нь үнэхээр мэдэхгүй, сонсож байгаагүй, харж байгаагүй хоолнууд харагдаж байдаг. Танд ч зарим хоолнуудыг мэдэхгүй, өөрөө дөнгөж танилцаад л эхэлж байсан үе бий юу?

-“Монголчууд мах, гурил хоёроос өөр юу мэдэх юм бэ”, “Монголчууд тийм арвин хоолны соёлтой юм уу” гэж өнгөц харсан улс асуудаг. Гэвч яг энэ нэвтрүүлгийг хийгээд, монгол хоолыг судлаад явахад “Үгүй ээ, залуусаа та нарын бодол биш шүү, та нар үнэхээр өнгөц харж, бодож байна” гэж хэлмээр санагддаг. Нутаг нутгаар бүү хэл айл айлаар ороод явахад л тэд үнэхээр өвөрмөц хоолны соёл өвлөж авч үлдсэн байдаг. Мах, гурил хоёроор мянган төрлийн хоол хийж байна. Үнэхээр яваад байхад л барагддаггүй. Говийн нутагт очиход л цагаан шувуут, жимбий, говийн цэнхэр гээд л бидний тэр бүр мэдэхгүй олон хоолны төрөл байна. Хоолны төрөл бүрийн технологи өөр. Ингээд л судлаад, үзээд явахад үнэхээр дуусашгүй.

-Зураг авалтын үед бэрхшээлтэй зүйлс тохиолдож байв уу?  

-Тэгэлгүй яахав. Өвлийн цагт усны гуталтай ус руу орох ч шаардлага гарна. Улирлын онцлогоос шалтгаалахаас гадна заримдаа зураг авалт хийх айл маань бэлтгээгүй бол зураг авалт сунах гээд л асуудлууд олон бий. Мөн соёлын ганц нэг үгээ тайлбарлаж хэлэх гэхээр яг тохирох англи үг олдохгүй. Монгол хэл айхтар шүү. Шавар шавхайнаас эхлээд бэрхшээл их ч хамгийн гол нь соёлын ялгаануудыг зөвөөр тайлбарлах л бэрхшээл болдог.

-Монгол хоолныхоо соёлыг гадныханд сурталчлах гүүр болж буйн хувьд бодлогын ямар зарчмууд баримталдаг вэ? Тухайлбал, үүнийг нь үзүүлэхгүй шүү гэж алгасах ч юм уу?

-Нуух юм байхгүй, байгаа чигээр нь л харуулдаг. Соёл гэдэг байгаагаараа л хүмүүст сайн хүрдэг болов уу. Харин мал “гаргаж” байгаа үйл явцыг харуулах нь жаахан аюултай. Гэвч энэ чинь амьдрал л шүү дээ. Угаасаа бид мах идэж байгаа, тэр мах яаж бидний ширээн дээр ирдэг нь тодорхой. Тиймээс ч би харуулахыг хүсдэг.

-Тэгэхээр гадны үзэгчид манай хоолны соёлын зарим хэсгүүдийг их л гайхаж хүлээж авдаг юм билээ? Тэд ямар нэвтрүүлэг, хоолыг хамгийн их гайхаж байв?

-Хамгийн их гайхдаг зүйл бол гэдэс дотор. Гэдэс дотор бол тэдний хувьд яг л аймшгийн кино шиг харагддаг /инээв. сурв/. Манай онцлог юм шүү, манай монгол бүсгүйчүүд гэдэс дотрыг маш сайн цэвэрлэж, арилгадаг гэхээр бүр ч их гайхна. Тэр гэдэс дотрыг гаргах, арилгаж цэвэрлэх, чанаж болгоод идэж байгаа нь бүхэлдээ сонин. Мэдээж иддэг мэр сэр хүмүүс бий.

Мөн “testicle” /засаа. сурв/ иддэг нэвтрүүлгийг ч маш аймшигтай хоол гэж хэлж байсан. Магадгүй өөрсдөд нь төсөөлөгддөг шиг байгаа юм.

Хонины толгой. Тэдэнд ямар нэгэн амьтны толгой иднэ гэдэг төсөөлөгдөмгүй шүү дээ. Гэтэл энэ бол Монголчуудын хүртэж явдаг л хоол, хүнс, зууш. Зарим хүн вандализм гэх зэргээр биччихсэн нь ч бий. Юу гэсэн үг вэ? энэ бол бидний л соёл.  Тэд одоо л хотожчихсон болохоос тэдний өвөг дээдэс ч вандалистүүд л байсан шүү дээ.

-Цагаан хоолтнуудын хувьд Монгол хоол хар дарсан зүүд нь байдаг гэсэн байхтай ч таарсан шүү.

-Тийм шүү /инээв. сурв/. Гэхдээ зарим цагаан хоолтнууд “Хөөх, Наргий, чиний хоолны нэвтрүүлгүүд намайг цагаан хоолноос татгалзахад хүрч байна” гэж бичсэн нь ч байдаг шүү.

-Эсрэгээрээ харин Монгол хоолны соёлын гайхамшигтай чанарууд юу вэ?

-Бид яг л өмнөх уламжлалаараа явж чадвал гайхамшигтай. Зун цагаан идээгээ л идэж уудаг. Энэ зарчмаараа л явбал энэ хорт хавдрын эрэн зууныг даваад л гарна. Зохисгүй хооллолтоо орхиж, зундаа цагаан идээгээ идэж чадвал эрүүл чийрэг ард түмэн хэвээр үлдэнэ. Зундаа ганц сар л хөдөө байхад цагаан идээнээс салахын аргагүй байдаг. Айргаа уугаад өдрийг барахад мах идэх хүсэл ч төрдөггүй. Монгол хоол гайхалтай, түүнийг ашиг тусыг ярилтгүй. Бид угаас л органик буюу бэлчээрийн малын мах идэж байна. Барууны орнууд шиг тэжээлээр бордож, хашаанд өсгөсөн малын мах иддэггүй. Өмнө ярьсан гэдэс дотор гэдэг хичнээн төрлийн амин дэм юм, үүнийгээ л хэрэглээд заншчихвал... Занших ч гэж заншлаа сэргээж чадвал монгол хоолыг басах юм биш.

ЭНЭ БОЛ БИДНИЙ Л СОЁЛ

-Танаас гадны томоохон хэвлэлийн агентлагууд ярилцлага авч байсан гэсэн. Ямар ямар газруудаас тантай холбоо барив?

-Одоогоор “BBC”-ээс хоёр ч удаа, “China Morning Post”, “Al Jazeera”-аас холбогдсон байна. Тэд Монгол соёл гэхээсээ илүүтэй хувь хүн рүү чиглэсэн их асуултууд асуудаг. “Чи яаж хоол ингэж идэх хүсэлтэй болсон бэ” гэх мэт их сонин асуултууд ч байдаг. Соёлын тухай асуултуудад би өөрийн ойлгож буйгаар тэдэнд ойлгуулах гэхээр их төвөгтэй байдаг. Магадгүй нэвтрүүлгүүдийг сайн үзэж эсвэл энд ирж байж л ойлгох зүйлс ч бий.

-“Наргий” гэдэг нэр тань бренд болж, өөрийн гэсэн фенүүдтэй болчихсон юм билээ. Монголд төдийгүй гадны улс орнуудаас ч зөвхөн тантай уулзаж гар барихын тулд жуулчид ирдэг гэсэн?

-Тэд “Сайхан агаарт, сайхан хоол идье, Наргий хөгшөөн чи хажууд байгаач” гээд л ирдэг юм. Ер нь тэд Монгол соёлыг л үзэх гэж ирдэг. Яг намайг гэж зорьж ирдэггүй байх /инээв. сурв/ Би чинь мөрөөрөө л ажлаа хийгээд явж байгаа хүн шүү дээ.

-Та Дархан-Уул аймгийн харьяат гэсэн. Тэнд аль сургуулийг төгсөж, хаана амьдарч байна?

-Би Дарханыхаа Есдүгээр сургуулийг төгсөж, шинэ хороололд амьдардаг байсан. Одоо ч тэндээ амьдардаг. Сайхан газар шүү, ярих юм байхгүй.

-Та өөрийн гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай бүсгүй бий. Бид гурван хүүхэдтэй.

-Оюутолгой компанид ажилладаг гэсэн. Үүний хажуугаар “ARTGER” төслийнхөө зураг авалтыг амжуулах гээд цаг нараа хэрхэн зохицуулж байна вэ?

-Урсгалаараа болдог л юм. Гэр бүлдээ зарцуулах цаг хомсхон ч чадлаараа хичээдэг. Манай бүсгүй “Зүгээрээ, боломж гарвал юмаа хийгээд ав” гэдэг. Ажил дээр байх долоо хоног ч хурдан өнгөрдөг, үүний нэлээд хугацааг нь замдаа өнгөрүүлнэ. Ээлжийн амьдрал ер нь иймэрхүү л өнгөрдөг дөө.

-“ARTGER” гэдэг төслийн нэг хэсэг болсноос хойш таны амьдралд их өөрчлөлт гарсан уу?

-Гаралгүй яахав. Наад зах нь би хавиргатай бууз хийж сурсан /инээв. сурв/. Мөн Монгол хоолны соёлыг таниж мэдэх их замд орсон байна. Анх сайхан хоол идээд л явдаг байтал сүүлдээ маш олон үзэгчтэй болоод ирэхээр нь монгол соёлоо сурталчилж байна гэдэг утгаараа их урам орсон.  Цаашид үүнийгээ улам хөгжүүлж, олон аймгаар явах бодол бий. Мэдээж үүнд ивээн тэтгэгч болон цаг хугацаа шаардлагатай. Болох байхаа, болно.

-Та бүхэнд одоо гадна, дотноос хамтран ажиллах сонирхолтой саналууд ирдэг үү?

-Ирдэг. Гадны орнуудаас “Камераа үүрээд хүрээд ир” гэсэн хүсэлтүүд маш их. Тухайлбал, Канад, АНУ-аас бидэнтэй адил хонио шууд гаргаад идчихдэг индианчууд ч холбогдсон. Гэвч тэр одоохондоо боломжгүй шүү дээ.  

-Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
kh
kh
2019-08-24 02:53

Nargie ih zuv zaluu, mundag

хөхөө
хөхөө
2020-07-31 16:38

наад сах�##� болон хумсанд чинь хичнээн вирус байгаа бол монгол тогооч л заваан байх ёстой юу

ПИЗДАА
ПИЗДАА
2020-09-17 05:23
Reply to  хөхөө

НАРГИ ТОГООЧ БИШ ХӨТЛӨГЧ МАЛАА

Холбоотой мэдээ

Back to top button