ВИДЕО КОНТЕНТ

Индиан ах дүүс: Монголчууд алга ташиж, тэр өдөр тэнгэрт дэвшсэн ээжид минь ерөөл өргөсөн

Монголд 4-6 сарын хооронд 73,672 жуулчин ирсэн. Харин долоон сард хэчнээн жуулчин ирж буйг бүү мэд. Ямартай ч тэдний хоёр нь таны өмнө сууж байна. Тэд бол Хулио Санаялан, Фернандо Санаялан хэмээх индиан ах дүүс. Ах Хулио нь 47-той. Дүү Фернандо нь 45-тай. Тэд наадмын өмнөх өдөр монгол нутагт газардаж, үзэсгэлэнт газруудаар аялан тоглосон.

Ийн монголын ард түмнийг дуу, хөгжмөөрөө баясган цэнгүүлж байхтай зэрэгцэн ижий нь хорвоогоос буцжээ. Ээжийгээ хорвоогоос буцсаныг сонссон ч тэд тайзан дээр гараад л дуулж. Урлагийн хүн ийн үзэгчдээ хүндэтгэж, зүрх сэтгэлгүй мэт аяглахаас аргагүйд хүрдэг. Хэцүү мэдээгээр зүрхээ балбуулчхаад хөгжмөө хэрхэн тоглосон бол. Магад тэр өдрийн тоглолт дээр гарыг нь агаар удирдаж, амьсгал нь зүрхнийх нь гүнээс гарч, хэзээ ч гарч байгаагүй тийм нэгэн хөг, хэмнэлийг Ховд нутгийнхны чихэнд тэврүүлсэн биз ээ. Ингэж бодох дулаахан байна. Арай уужруулж байна.

...Малын туурайнаас, модноос, цааснаас, төмрөөс, чулуунаас дуу чимээг сонсоно. Тоочсон  юмс угтаа тэдний хөгжмийн зэмсэг. Бог малын туурайг олноор цуглуулж, нэгэн зүйлээс салаалуулж, уяад нааш, цааш хөдөлгөж байх юм. Хачин тансаг чимээ. Зүйрлэх үг ч олдохгүй нь.

Тэднийг монголын тал нутагт урьж, эл сайхан чимээг сонсгосон Б.Бадрах хэмээх эрхэмд талархъя. Гагц би биш монголын тал нутаг, тал нутгаар аялж яваа монголчууд сонссон гэж бодохоор сэтгэл цаанаа л өег.

Тэр ч утгаараа Б.Бадрах хэмээх эрхмийг та бүхэнд цухасхан танилцуулъя. Тэрбээр дотоодын аялал жуулчлал хөгжүүлэх чинхүү хүсэл тээж яваа нэгэн ажээ.  Монголчуудыг үзэх, сонсох юмтай байлгахын тулд өөрөөсөө хөрөнгө гаргаж, замын зардал, хоол унд, байрлах газрыг нь шийдэж ийн хамтлагуудыг урьж авчирдаг юм байна. 2013 онд гэхэд л “Imayra” хамтлагийг монголд авчирч байжээ. Харин энэ удаад “Qirwa anka” хамтлагийг авч ирэв. Хамтлагийн гишүүд болох ах дүү хоёр Б.Бадрахыг Бамбуу гэж дуудна.

Бамбуу бидний яриаг хөрвүүлэн өгч, түүний хөрвүүлснийг би ийн сийрүүллээ.


-Анх удаа ирж байна уу. Монгол орон ямар байна. Юу нь хамгийн их таалагдаж байна вэ?

- Хулио Санаялан: Тийм ээ. Бид Монголд анх удаа ирж байна. Ковидын өмнө Бамбуу найзтайгаа холбогдоод, урилгаар нь ирсэн. Эквадорынхоо соёл урлаг, хөгжим дуу бүжгийг сонирхуулж, монгол орны ёс заншилтай танилцах гэж ирсэн. Сайхан байна аа. Ирээд 18 хонож байна. Маргааш буцна. Монголын байгаль. Хамгийн гол  нь хүмүүс нь их таалагдсан.

-Фернандо Санаялан: Байгаль нь, үндэсний хувцас, монгол эмэгтэйчүүд нь маш их гоё харагдсан. Монгол бүсгүйчүүд биеэ их гоё авч явдаг юм байна лээ. Бас би монголын хэлэнд маш их хайртай. Би дараа жил хэрэв ирэх бол монголоор маш сайн ярьдаг болчхоод ирнэ ээ.

-Монголыг хэрхэн төсөөлж, ой тойндоо зурагладаг вэ?

-Фернандо Санаялан: Монголын тухай мэдээлэл багатай онгоцноос буусан. Youtube-ээс хайлт хийхээр гэр болон морьдын тухай л гарч ирж байсан. Ийм ойлголттой байсан би л “Зүчи” зочид буудалд буугаад их гайхсан. /инээв/

-Хулио Санаялан: Монголын хоолны тухай мэдээлэл байхгүй байсан. Харин гэдэснээс эхлээд иддэг хоолнууд нь адилхан байсан.  

-Монголд ирээд хамгийн түрүүнд юу хийж үзье гэж бодож, төлөвлөж байсан бэ?

-Фернандо Санаялан: Монгол орноор тойрч соёл урлагаа танилцуулах хамгийн анхны Эквадор болохыг хүсэж байсан. Бид тэрхүү хүслээ биелүүллээ.

-Монголын үзэсгэлэнт ямар, ямар газруудаар явж тоглолтоо хийв. Бас “Playtime” хөгжмийн наадамд оролцсон гэж сонссон...

-Фернандо Санаялан: “Playtime” хөгжмийн наадмын хамгийн сүүлийн орой тоглосон. Дараа нь Орхоны хүрхрээ, Майхан толгой, Хэцүү хад, Ховд аймаг, Ховдын Мөст суманд очиж Андын нурууны соёл урлагийг танилцуулсан.

Мөст суманд байхад хажуу талын өрөөнд нэг хөгжим дугарсан. Тэгээд Хулио очоод сонирхсон чинь “Таван цалам” гэдэг хамтлагийн залуус монгол хөгжим тоглоод сууж байсан. Бид хоёр хөгжмийг нь сонирхоод, өөрсдийнхөө хөгжмийг ч сонирхуулсан. таван минутын дотор бид хоорондоо ярьж байгаад, монгол найруулга хийж үзсэн. Би товшуур хөгжим тоглосон. Хулио бөмбөр тоглосон.

-Үзэсгэлэнт газруудаар хийсэн тоглолтуудынхаа уур амьсгалаас хуваалцаач?

-Хулио Санаялан: Бидний хувцас, нүүр будалт, ёс заншил сонирхолтой байсан учир тэр байх. Бараг л бүх үзэгчид зураг даруулж байсан. Маш олон хүн зураг даруулах гэж ирсэн учраас байж бай, наашаа, цаашаа гэдэг үг сурсан. /инээв/

-О.Хангай аваргад зориулсан цэнгүүний үеэр очиж, тоглосон юм билээ. Тэр өдөр ээжийгээ хорвоогоос буцсан мэдээг сонсчхоод тайз руу гарах хэцүү байсан л байх...

-Хулио Санаялан: Юу ч болоогүй юм шиг инээгээд тоглосон. Монголчууд маань алга ташиж ээжид минь ерөөл өргөсөн. Монголчууддаа баярлалаа.

-Фернандо Санаялан: Ах хоёулаа гарья. Шууд тоглоё гэж хэлсэн.

-Хулио Санаялан: Тэгсэн: Шууд тогломоор санагдсан.

Тэд маргааш эх руугаа мордох тул Цонжин болдог руу очиж, үзэхээр төлөвлөжээ. Тийш авч явах унаа нь гадаа хэдийнэ ирсэн тул бид ийн цомхон ярилцав. Тэд монгол орны тухай  “Хөх тэнгэрийн орон” хэмээх дуу хийж, монголд ирэхийн өмнө гаргасан “Mother earth” хэмээх CD-дээ багтаажээ. Аймгуудаас манайд ирээч гэсэн хүсэлт их ирсэн тул тэднийг дараа жил дахиад авч ирэхээр төлөвлөж буй мэдээг Б.Бадрах дуулгасан юм. Энэ жил очиж чадаагүй аймгуудаараа ирэх жил ороод гарах нь ээ, тэд.

ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button