Улс төрийн мэдээ

Шинжээчид нь дулимаг, олон нийт нь "дүлий" эмийн сонсгол

Удаан хугацаанд яригдаж, олны хүлээлтэд байсан "ЭМИЙН" гэх тодотголтой сонсгол гурван хоногийн хугацаанд сүр дуулиан бололгүй чимээгүйхэн өндөрлөлөө.

Сонсголын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажилласан бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, нар багтсан. Мөн сонсголд ажиглагчаар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ш.Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар оролцсон. Урилгаар сонсголд АТГ, УЕПГ, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллага, ХЭҮК, ҮАГ,  Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, ГЕГ, ТЕГ, ХХЕГ, ШӨХТГ газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Сонсголын эхний өдрөөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судаллаа. Хүртээмж, эмийн үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлш­гүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаал­тан нөлөөлсөн байдал, эм хан­гамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, нотлох баримт, гэрчүүдийн мэдээллийг сонсон, асуулт асууж, хариулт тайлбар авсан.

Шинжээчийн мэдээлэлд:

  • ЭМЯ-ны удирдлагын 110 хүнээс 87 нь эмийн салбартай хамааралтай,
  • ЭМДҮЗ-ийн 28 гишүүнээс давхардсан тоогоор 35 нь хамааралтай,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 42 хүнээс 41 нь хамааралтай,
  • Эрүүл мэндийн ерөнхий газрын 93 хүнээс 57 нь хамааралтай,
  • Хүний эмийн зөвлөлийн 321 хүнээс 241 нь хамааралтай,
  • Гаалийн ерөнхий газраас 14 хүн хамаарал бүхий гэж зарлалаа.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа, ЭМЯ Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, МАК-ийн Н.Номтойбаяраас эхлээд нийт 450 гаруй хүн эмийн салбарт компанитай аж.

АТГ: Эрүүл мэндийн салбар авлигад өртөх өндөр эрсдэлтэй. Шинжээч нарын дүгнэлт манайхаас өмнө шалгалт хийгээд гаргаж байсан мэдээллээс хамаарлын хувьд өндөр байна. Цус ойртсон салбар гэдгийг АТГ удаа дараагийн шалгалтаараа гаргаж ирж байсан” гэж хэлээд сууж байна.

Товчхондоо, ЭМЯ-ныхан нэг гараараа салбар барилцаж, нөгөө гараараа хувийн бизнесээ цэцэглүүлж сууцгаах дүр зурагтай. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж буй байдал энэ салбарт ер үйлчлээгүй, хэн ч анхаараагүй болж таарав.

Гэвч сонсголын хоёр дахь өдрийн дараагаар иргэд нийгмийн сүлжээнд сонсголтой холбоотой сөрөг өнцгүүдийг дэлгэж эхэлсэн.

Сонсголын үеэр эмийн компанигүй, энэ чиглэлээр бизнес эрхэлдэггүй иргэдийн овог нэрийг ашиглан нийтэд худал мэдээлэл өгсөн талаар зарим хүмүүс олон нийтийн сүлжээнд тайлбар, залруулга бичсэн нь шуугиан тариад байна.

Ганц, нэгээр ч тогтохгүй маш олон иргэн ийм агуулгатай сэтгэгдэл нийтлэл бичиж, “ор үндэсгүй мэдээлэл тарааж байна, гүтгүүллээ” хэмээн давалгаалж байгаа нь шинжээчид хангалтгүй ажиллаж, сайн боловсруулаагүй, дутуу, дулимаг мэдээллээр иргэдийг харлуулсан юм биш биз дээ гэх хардлагыг эрхгүй төрүүлсэн юм.

“Гүтгүүллээ” хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн зарим иргэдийн сэтгэгдлээс хүргэвэл, иргэн Г.Навчаа “Эмийн сонсголыг сайн нягтлаагүй, их л яаруу явуулж байх шиг. Бүх мэдээлэлд нь итгэх хэрэггүй юм байна. Насандаа нэрийг нь сонсоогүй компанитай холбосон байна. Ингэж хүн гүтгэж болдог юм уу” гэжээ.

Мөн иргэн О.Батбаяр “Эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг насандаа сонсоогүй эмийн компанитай холбохдоо аавтай нь, ээжтэй нь адилхан нэртэй хүн эмийн компани эзэмшиж байвал шууд холбож байгаа юм байна. Яг л 1937 оных шиг аргаар. Opendatalab.mn рүү ороод холбосон компанийнх нь мэдээллийг хайхаар яг тэгж харагдаж байна. Эмийн сонсголын шинжээч нар арай л дэндүү байна” гэх мэтчилэн олон сэтгэгдэлүүд ар араасаа хөвөрсөөр байв.

Иргэдийн зүгээс энэ гурван өдөр эмийн талаар маш олон төрлийн мэдээлэл авч, эмийн салбар маш том мафийн бүлэглэлтэй болсныг мэдсэн хэдий ч яг үнэндээ эзэн биетэй байсангүй. Мөн шинжээчид нь хүртэл мэдээллээ нягтлах "зав" байсангүй хэмээн дүгнэж байна. Иймд эмийн сонсголыг зохион байгуулагчид олон нийтэд залруулга, мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол олон хүний нэр төр сэвтэж, бүр бүхэл бүтэн салбарын үнэлэмж буурна. Эсвэл Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ аалзны тор шиг хэрж, “мафижсан” салбараа сонгуулийн өмнө цэгцэлж, оноо авах гэсэн хоёр сонголт үндсэндээ үүсээд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2024-04-18 08:59

Сайн биш байсан ч заав�##� иийх ёстой ажлын нэг дээ яах аргагүй

Зочин
Зочин
2024-04-18 11:59

Сонсголуудаас нь үр дүн гарахгүй болохоор сүүлдээ хүмүшс тоохоо болилооштээ

Иргэн
Иргэн
2024-04-24 21:54

Маш их гүжир гүтгэлэг тараасан. Энэ бол сонсгол зохион байгуулагчид гол хэргийн эздээс захи�##�га авч зориуд өөр хүмүүс рүү олны анхаарлыг хандуулж, жинхэнэ эздийг бултуулсан. Үр дүнгүй, иргэд хууртагдсаар дууслаа.

Холбоотой мэдээ

Back to top button