Б.Болдсайхан эмч Бутан улсын хүүхдүүдийг эмчилж байна

Зүрх мартахгүй төслийнхөн сүүлийн үед хүрээгээ тэлж, Өвөр Монгол, Тува, Киргиз, Афганистаны зүрхний өвчтэй хүүхдүүдэд тусламж үзүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд Бутан улсын 200 хүүхдийг зүрхний үзлэгт хамруулж, 85-д нь мэс заслын заалт тавьснаас найман хүүхдийн мэс засал амжилттай болсон байна.
Одоогийн байдлаар гурав дахь ээлжийн гурван хүүхэд "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн зүрхний эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд ойрын хугацаанд хоёр хүүхдийг нэмж хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Энэхүү санаачилгийг Бутаны хаан гэр бүлийн хамтаар өнгөрсөн зун манай улсад айлчилж ирсний дараагаар төлөвлөж, энэхүү ажлыг эхлүүлж байгаа юм байна.
Зүрх мартахгүй төслийг зүрхний мэргэшсэн эмч Б.Болдсайхан эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд 2027 он хүртэл зүрхний хагалгаанд орох шаардлагатай 1000 хүүхдийг эмчлэх зорилт тавиад буй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.