Х.Баасанжаргал: Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг 126 гишүүнээс нэхсэнд баярлалаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалтыг маргааш үргэжлүүлэх боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дараах байр суурийг илэрхийлэв.
Ардчилал нуран унаж байгааг, ямар нөхцөл байдалд байгаагаа бүгдээрээ хүлээн зөвшөөрцгөөе. Яагаад дүр эсгээд байгаа юм бэ. Чимх чимхээр төрийн эрх мэдлийг булаан авч ардчиллыг сулруулдаг жишээг би мэднэ. Турк, ОХУ-ыг бид бүгд мэднэ. Үүнд бүр ҮАБЗ, хуульчид оролцож байгаад би маш их харамсаж байна. Хэдэн асуултыг би хожмын Үндсэн хууль судлаач, засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэний нийгмийн байгууллага, судлаачдад зориулж асууж өгч байгаа юм шүү. Энд сууж байгаа таван хүний гурав төрийн тусгай албан хаагч. Дунд нь сууж байгаа нэг хүнээс л улс төрийн асуулт асууна гэж байсан боловч өнөөдөр та нар өөрсдөө улс төрийн асуудалд хутгалдаж, хязгаарыг давж орж ирлээ. Та нар өөрсдөө ёс зүйн шаардлагыг хангасан уу. Тэр тусмаа ҮАБЗ-ийн гишүүн ардчиллын дархлааг сулруулаад сууж байгаа чинь ёс зүйн босгыг давсан уу гэдэгтээ дүгнэлт хийгээрэй.
Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх ямар нэг хэмжээ хязгааргүй байх ёстой юу гэдэгт судлаачид дүгнэлт хийгээрэй. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль хоёр зөрчилдсөн учраас Үндсэн хуулиа илүү баримтална гээд энэ эрхийг ямар нэг хил хязгааргүй, тэр дундаа парламентын эрхэнд халдаж байгаа нь зөв үү гэдгийг авч үзэж дүгнэлт хийгээрэй. Нэгэнт энэ хуулийг хэлэлцэж эхэлсэн учир хожмоо Ерөнхийлөгч ямар хүрээнд, дур зоргоороо аашлахыг бид таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаар дотор барьдаг, явдаг байсан нь эвдэгдлээ.
Эрх мэдлийн хяналт тэнцэл парламентын дархлаанд энэ хуулийн өргөн барьсан процесс нь нөлөөлсөн үү гэдэг судлаачид дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг 126 гишүүнээс нэхсэнд баярлалаа. Өнгөрсөн 30 жилд та нар ёс зүйн өндөрлөгт байсан бол өнөөдөр ийм байх байсан уу. Намайг нэгдүгээр ангид байхад улс төрд байсан ах нар одоо ч улс төрд байна. Та нар биднийг кноп дардаг утсан хүүхэлдэй болно гэж бодсон ч бид тэгээгүй. Та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй учраас та нар нойргүй хоносон байх.
Т.БАТСҮРЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
balai avgai
Ямар их баярладаг юм бэ?
Энэ эргүү авгайгаа татаж аваачээ, хулгайчуудаа!!