Нийгмийн

Н.Дамдинжав: Зүүн гар, нүүр минь эмчилгээгүй болтлоо түлэгдсэн ч, найзынхаа амийг аварч чадсан

Хэсэгхэн дурсамжаас энэхүү ярилцлагаа эхлүүлье. Одоо бодоход, би тэр үед хүүхэд байсан учир их л содон сонсогддог байж. Учир нь нутгийнхан түүнийг “түлэнхий Даймаа” хэмээн чимээгүй нэрлэдэг. Хүмүүс мэдээж нүүрэн дээр нь энэ нэрийг дурсахгүй шүү дээ. Зүгээр л нэг нутаг хошууны хүмүүс биесээ содон шинж байдлаар нь авгайлан нэрлэж буй нь энэ. Тэд өөлж муучилсандаа биш эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүний амь аварсан түүний үнэтэй гавьяаг нэртэй нь хамт яригдаж байг хэмээн ийн авгайлдаг шиг надад санагддаг юм.

Н.Дамдинжав 1986 онд зүүн хил дээр үүрэг гүйцэтгэж байх үедээ нөхдийнхөө хамт гэнэтийн түймэрт өртжээ. Салхины чиг гэнэт өөрчлөгдсөнөөр тэдний үүрэг гүйцэтгэж байсан цэгт түймэр эргэж энэ бүхэн эхэлсэн түүхтэй юм. Тухайн үед байлдааны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан зургаан алба хаагчийн нэг нь Н.Дамдинжав байв. Энэ гэнэтийн ослын үеэр түүний нүүр, зүүн гар эмчилгээгүй болтлоо түлэгдсэн ч тэр улаан галаас байлдагч нөхдийнхөө амийг аварч чадсандаа баяртай байдаг хэмээн өдгөө ярьж сууна. Мөн эх орон, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явсан нөхдийнхөө төлөө бие, эрүүл мэндээрээ хохирсон учир харамсах сэтгэл төрдөггүй харин ч бахархдаг гэдгээ тэрээр онцолсон юм. Түүнтэй хэсэг хугацаанд ийнхүү ярилцлаа.

-ЭХНЭРЭЭ ДОЛООН САРТАЙ БИЕ ДАВХАР БАЙХАД ДҮҮГИЙНХЭЭ ХАМТ ЦЭРЭГТ МОРДОЖ БАЙЛАА-

-Сайн байна уу, сайхан зусаж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Төрж, өсөж, торнисон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумандаа тавтай сайхан зусаж байна. Өвлийн цагт хүүхдүүддээ Улаанбаатар луу очдог болоод байгаа. Миний бие энэ нутагтаа шороон нохой жил төрсөн. Их Хойдгойд овогт Нямдайн Дамдинжав гэдэг хүн. 1983 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Тэр жилийнхээ намар айл болсон доо. 2000 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлага, захиргааны арга зүйч мэргэжлээр “менежер” цолтой дүүргэсэн. Энэ мэргэжилтэйгээ холбоотойгоор улс төр, олон улсын байдал сонирхон ажиглалт судалгаа хийх болсон. Ажиглалт судалгааны дүгнэлтүүдээ ямар ч захиалга, хаалтын гэрээгүй, шударга үнэний дуу хоолой болж, Монгол улсдаа толгой цохиж яваа Улс төрийн сонин “Хөх толбо”-д байнга нийтэлдэг. 2000 онд “Тэсийн голын унага аа... гэж”, 2018 онд “Эрсдэлийн жолоодлого ба Эрдэм дүүргэгч Хойдгойд Монголчууд” номоо тус тус хэвлүүлээд байгаа.

-Та их сургуулиа төгсөөд, аав болсон хойноо цэрэгт явсан гэсэн. Хэдэн он бэ?

-Их Сургуулиа дүүргэсний дараа жил буюу 1984 онд. Тухайн үеийн хуулиар бүх нийтээр хугацаат цэргийн алба хаах хатуухан хуультай. Дээд мэргэжилтнүүд 2 жил бусад нь 3 жилээр буюу 1080 хоног байв. Тухайн үеийн хуулиар эхнэр нь жирэмсэн, эсхүл төрсөн ах дүү хоёр хамт цэрэгт татагдсан бол тухайн жилийн цэрэг татлагаас хэн нэг нь чөлөөлөгдөх гэсэн хоёр ч зүйл заалт байсан юм билээ. Энэ хууль, журам надад үйлчлээгүй, хамаараагүй гэдгийг нэлээн хожим мэдсэн л дээ. Залуу ч байж. Тэгээд л эхнэрээ долоон сартай бие давхар байхад төрсөн дүү Н.Дашравдангийн хамт албанд мордсон доо. Ингээд улсыг агаараас эсэргүүцэн хамгаалах төрөл мэргэжлийн тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэдэг радио локацийн Халх голд байрлах тусгай салбарт хуваарилагдсан. Хүрэх замдаа, үүрийн хяраанаар мөнх хөх тэнгэр, алдарт мэнэнгийн их тал, Буйр нуур нийлэн алсарсан газар тэнгэрийн савслагаас том улаан нар мандахыг харж байлаа. “Мөн ч уудам юм даа миний хайртай эх орон” гэж өөрийн эрхгүй сүүрс алдсан. Чухам тэр үеэс эх орноо шүтэн бишрэх, хайрлаж хамгаалах үзэл санаа минь улам бэхэжсэн гэж хэлж болно.

-Таныг үүрэг гүйцэтгэх байх үед 1986 онд зүүн хил дээр гарсан түймрийн ослын тухай гол яриагаа эхэлье. Тухайн үед яг юу болов. Хамт осолдсон нөхдийнхөө тухай дурсаач?

-1939 оны Халхын голын байлдааныг Монгол-Зөвлөлтийн талын командлал байрлан удирдаж, хянаж байсан домогт Хамар давааны хярд, Г.К.Жуковын командын байрны дэргэд манай тусгай салбар байрладаг онцлогтой байв. 1986 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр салбарын байрлалын баруун хойд зүгт Бадам Ишийн талд үдээс хойх нь түймэр гарсан. Миний бие хэсэг дайчдынхаа хамт тухайн үед тайван цагийн байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж байв. Манай амарч байсан бие бүрэлдэхүүн тэр зүгт очиж, малаа түймрийн аюулаас зайлуулаад орой зургаан цагийн үед эргэж ирэхэд түймэр зүүн хойгуур өнгөрч Баянцагааны нуруу чиглэж байсан. Гэтэл салхи гэнэт эргэж яахын зуургүй манай байрлалыг нөмөрсөн.

-НЭГ БАЙЛДАГЧИЙН ХӨЛИЙН УЛНААС БУСАД НЬ ТҮЛЭГДЭЖ, АМЬД ГАРАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН БАЙСАН-

-Яах ч авралгүй гэнэтийн зүйл болжээ дээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэгээд л тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэж байсан нөхөд нэмэлтээр дайчлагдсан. Гинжин трактороор 2-3 эргээд хаячихсан түймрийн зогоон маягийн юман дээр бие бүрэлдэхүүнээрээ очсон л доо. Тухайн үед Үнэн сонины Дорнод аймаг дахь сурвалжлагч Н.Батсүх, 40 м\сек хурдтай галан шуурганд шонгийн мод оройноосоо шатаж байсан гэж бичсэн байсан. Үнэн байх. Бид салбарын байр, байлдааны зэвсэг техникээ хамгаалж чадсан ч бие бүрэлдэхүүний хувьд том хохирол амсаж, хугацааны таван цэрэг нэг офицер маш хүнд зэрэглэлээр осолд орсон. Чих, хамрын үзүүр, гар хурууны ар, үзүүр зэрэг нь хөнгөн хайрагдсан хэд хэдэн цэрэг байсан л даа. Тэд салбартаа эмчлүүлээд үүргээ гүйцэтгэсээр үлдсэн. Түймрийн нөхцөл байдал, осол, эрсдэлийн талаар Холбоо салааны ахлагч Ш.Жаргалсайхан маш яаралтай, өндөр ур чадвар гарган нууцлалгүй мэдээллийн харилцаагаар төвд мэдээлж байлаа. Жолооч ахлах байлдагч Ц.Ганбаатар нарын цэрэг түрүүч, офицерууд үүргээ онц сайн гүйцэтгэснийг сайн санаж байна. Төв ч онц шуурхай ажиллаж, хамгийн хүнд цэгт эрсдэлд орсон бид зургааг Батлан хамгаалахын сайдын онгоцоор хот руу аваачихаар төлөвлөсөн. Гэвч түймрийн утаа, хүчтэй салхи шуурганы улмаас маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Сүмбэрт онгоц буух боломж олдоогүй. Дорнод аймгийн төвд хоноглосон. Хармсалтай нь тэр өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Гуулингийн талаас цэрэгт ирсэн хоёрхон сарын дараа халагдаж, аав ээждээ үнсүүлэх байсан Загдын Батзаяа гэдэг жолооч байлдагч нөхөр минь бурхны оронд явсан даа. Түүний хоёр хөлийн улнаас бусад нь түлэгдсэн амьд үлдэх боломж нэгэнт үгүй болсон байсан гэдэг.

-Харамсалтай юм. Тэгээд хэдийд эмнэлэг бараадав?

-Түймрийн осол гарсны нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 09-нд нисэх экипажийн эр зориг, ур чадварын хүчээр онгоц Сүмбэрт бууж, амьд үлдсэн бид тав эхээс гарснаараа хөнжилд боолгон Улаанбаатар орох болсон юм. Цэргийн төв эмнэлэгт очоод Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Улс төрийн орлогч а\д Д.Баатарчулуун, салбарын Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн үүрийн дарга, нууцын бичээч миний бие, Ховд аймгийн Ховд сумын уугуул, миний планшитээр сургаж байсан шавь, шинэ байлдагч Тухпийн Амангельд бид гурав сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн юм даа. Харин Шарын голын харьяат жагсаалын дарга, а\т н.Аманбек, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат хал цэрэг б\ч Цэдэвийн Оюунбаатар хоёр энгийн тасагт эмчлүүлсэн. Цэргийн госпитальд ирээд толинд өөрийгөө хартал хуйхалсан хонины толгой шиг хачин юм харагдсан. Сэхээнд орсон шөнөө Т.Амангельд тэнгэрт хальсан. Хожим Д.Баатарчулуун бусдад хорлогдсон. Одоо Шарын голдоо байгаа Жа байсан Аманбектэйгээ хааяа утсаар л ярьдаг.

Нэхэн дурсахад, байгалийн давагдашгүй их гал түймрийг сөрөн, өөрийн шатаж буй ар нуруу, бөгсөн хэсгээ гителээ тайлан хоёр гараас мултлалгүй үрж унтраасаар гарч ирэхэд нэг улаан гал миний өмнө өнхөрч байв. Тэр Шинелиэ тайлаад хаячихсан дамбаал нь  шатаж байсан. Бакалийнх нь түрүү шатаад умаачихсан, дамбаал нь тайлагдахгүй бөгсөн бие нь шатаж байсан тул би гителээрээ баруун гараа ороож хамгаалан, зүүн гараа золигт гарган шууд улаан  гараараа галыг базан авч дамбаал, бакалийг хүү татаж, галаас салгасан. Ингэж амийг нь аварсан Ц.Оюунбаатартайгаа холбоо барьж чадаагүй 40 шахам жил болж байна. Оюунбаатарын шатаж байсан хувцсыг тайлж хаячхаад цааш хартал 40-50 м-ийн зайд бас нэг цэрэг шатаж байв. Би планшетчнаар хоёр цэрэг сургасны нэг нь хөөрхий тэгээд шатаж, биеийнх нь 90 гаруй хувь нь түлэгдсэн, салгах хувцас ч үлдээгүй байж билээ. Түүнийг үүрээд, хөл нь хүнд түлэгдсэн Оюунбаатарыгаа түшээд л ангидаа авчирсан даа.

 -Эмнэлэгт эмчлүүлж байсан үеэ жаахан тодруулж болох уу?

-Сүмбэрийн эмнэлэгт хоёр хонож байх үед гэрийнхэн хотод ирсэн юм байна лээ. Эмч нар удалгүй миний түлэгдэлтийг тодорхойлоод сэхээний тасаг руу шилжүүлэхээр болж, шатаар явж байтал эхнэр минь зогсож байв. Тэр тасагт нь удахгүй байх гэж бодож баярлаад эхнэртээ “Би ч удахгүй байх аа” гээд орчихсон юм. Гэтэл манай эхнэр удахгүй бурхан болно гэж ойлгосон юм билээ. /инээв/ Гэхдээ түлэнхийн шарх, хордлого тухайн үедээ сайн мэдэгдэхгүй хэд хоногийн дараа илэрдэг юм байна лээ.

Сонирхуулан ярихад, сэхээний өрөөнд наркозтой хэвтэж байтал цагаан халаадтай хүн орж ирээд “Бие нь яаж байна, гайгүй юу” гээд л юм асуугаад байх юм. Би түүнийг таньдаггүй. Тэгээд “Ингэхэд та чинь хэн билээ” гээд асуучихлаа. “Ёндон байна аа л” гэж байна. БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Ёндон гуай хэдэн цэргээ эргээд явсан нь тэр байсан юм билээ.

-ЭМНЭЛЭГТ ОЧИХОД ЭДГЭХГҮЙ, ҮХЭЖСЭН ГЭЭД ЗҮҮН ГАРЫН ХУРУУНУУДЫГ МИНЬ ТАЙРСАН-

-Хэр зэрэг удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн бэ?

-Эмнэлэгт очиход эдгэхгүй, үхэжсэн гээд зүүн гарын хуруунуудыг минь тайрсан. Госпитальд эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш удалгүй хамаг бие халуу дүүгээд, тэсэхгүй орилоод эхэлсэн дээ. Ингэж дөрвөн сар эмнэлэгт хэвтэж, наймдугаар сарын 4-нд цэргээс халагдаж билээ. Хөвсгөл рүү, гэр рүүгээ шууд явсан. Нүдний шил, амны хаалт зүүгээд л явна. Манай нутгийнхан ийм аймар түлэгдэлтэй хүн харж байгаагүй болохоор санаа зовдог байлаа. Онжавууд маань тавдугаар сард халагдаад явчихсан байсан. Нуруу маань бүсний ормоор түлэгдсэн учраас түүнийгээ эдгээх гэж их удсан. Түрүүлгээ харж л хэвтдэг байлаа.

-Ослоос хойш та ямар нэг эмгэг хуучтай болсон уу. Одоо биеийн байдал ямархуу байдаг вэ?

-Алтан гарт эмч, сувилагч, асрагч  нарын хүч хөдөлмөрөөр, амь бие заагласан ч нойргүйдэх, халуун гал утаагаар амьсгалснаас уушиг цээжний үүрдийн эмгэгтэй болсон. Одоо үргэлж ханиаж, хахаж цацаж байнга хүлхдэг кофлет хэрэглэж, уушгины цэрээ ховхолж цэвэрлэж явдаг. Нүүрэн бие, зүүн гар асуудалтай. Эмчилгээ байхгүй. Гэхдээ болоод л явна. Биеийн ерөнхий дэвсгэр гайгүй дээ.

-Тухайн үед ослын дүгнэлтийг үйлдвэрийн осол гэж гаргасан гэсэн. Энэ талаар тодруулах уу. Тэр үеэс өөр ярих зүйл танд юу бодогдож байна?

-Тэр үнэн. Тэнд ямар ч үйлдвэр аж ахуйн газар байгаагүй. Эх орноо батлан хамгаалах өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлсэн л явдал шүү дээ. Сонин санагддаг. Бас гайхдаг. Ер нь бол энэ нууцлалтай холбоотой байх аа. Нэг сонин дурсамж гэх юм уу, гомдол ч гэх юм уу тийм зүйл байдаг. Тухайн үед галт хамт өртсөн Улс төрийн орлогч Д.Баатарчулуун эхнэр хүүхэдтэй. Би ч эхнэр хүүхэдтэй адилхан л хүн. Улс төрийн орлогч маань эмчлүүлэх хугацаандаа цалингаа авахын зэрэгцээ гэнэтийн ослын даатгал гээд чамгүй мөнгө халааслаж байхад арван төгрөгийн цалинтай миний бие ор хоосон. Хүн биш цэрэг байна гэдэг онигоо шиг. Ийм ялгаварлалыг амсаж л байлаа.

-НУТГИЙНХАН ИЙМ АЙХТАР ТҮЛЭГДЭЛТЭЙ ХҮН ХАРЖ БАЙГААГҮЙ БОЛОХООР ЭХЭНДЭЭ САНАА ЗОВДОГ БАЙСАН-

-Эх орноо батлан хамгаалах үүргээ гүйцэтгэх үедээ осолдсондоо харамсах сэтгэл төрж байсан удаа бий юу. Сэтгэл зүйн асуудлаа шийдэхэд амаргүй байсан байх?

-Харамсана ч гээд яах вэ. Цэргийн алба хааснаараа харин ч бахархдаг шүү. 1986 онд манай Цэцэрлэг сум Энх-Амьдрал нэгдэл буман хонины баяр хийх байсан. Түргэн эдгээд харьж морио уяж уралдана гэх бодол бас л их нөлөөлсөн. Адуу миний амьдралын салшгүй нэг хэсэг л дээ.

-Биеийн байдал дээрдээд гэртээ харих сайхан байсан байх. Зарим талаараа үгүй байсан ч юм шиг бодогдох юм?

-Эмнэлгээс гараад гэр рүүгээ шууд явсан. Нутгийнхан ийм айхтар түлэгдэлтэй хүн харж байгаагүй болохоор эхлээд ч санаа зовдог л байлаа. Гэхдээ амь амьдрал минь энд, төрсөн нутаг минь энд. Ер нь хайртай бүхэн минь энд байхад, тэгээд ч би гэм хийгээгүй шүү дээ гэх бодол төрсөн. Өдий хүртэл туулж ирсэн энэ цаг хугацааг туулах хамгийн том хүч, өндийх тэнхэл бол мэдээж гэр бүл минь л байлаа шүү дээ.

-Та ч одоо олон ач зээтэй, өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн болжээ?
-Хоёр хүү, нэг охинтой. Таван хүүхэдтэй байсан бол гэж хааяа боддог л байсан. Тэр хүслээр минь одоогоор таван хөөрхөн ачтай болоод байгаа. Эхнэр Л.Хишгээхүү маань багш байсан. Одоо гавьяаны амралтаа авсан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүнд их хүч өгдөг юм билээ.

-ӨНӨӨ ЦАГ ҮЕЭ ШҮҮМЖИЛЖ, ШҮҮХГҮЙ ЭЭ-

-Эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн өнөө цагт ховор болжээ гэж их ярьцгаах болж. Танд юу гэж бодогдож байх юм?

-Эх орны тухай ярьж болох ч юм шиг, үгүй ч юм шиг. Өөрийн бүтээсэн хиймэл оюун ухааныхаа золиос болох гээд ч байгаа юм шиг маш ээдрээтэй дэлхий ертөнцтэй хорин нэгдүгээр зуунд хүн төрөлтөн хөл тавьж, нүүр тулж байна. Нүүдэлчид гаазгүй бол галаа асааж дөнгөхөө больж байх шиг. Энэхүү сонин ертөнцөд төөрөлдөж, түүний  нөлөөнд хэт автсан үндэсний хэт гажуудал газар авсан гэж хэлмээр ч юм уу. Өөрөөр бол Монгол хүн эх орноо гэх сэтгэл нь хаачхав. Байж л байгаа л даа.

-Өөрийн бүтээсэн хиймэл оюун ухаан гэж та юуг хэлээд байна?

-Хүн хөгширч бус хөшиж үхдэг гэсэн үг бий. Хиймэл оюун ухаан өмнүүр нь ороод бүх зүйлийг бэлэн болгочхоод байхаар хүний бие болоод оюун ухаан хөдлөх хөдөлмөрлөх, ажиллах шаардлагагүй болохоор хөдөлгөөний болоод оюун ухааны хомсдолд орсоор мөхөж болох тухай хэлж байгаа ухаантай юм.

-Бусдаар эх орон минь ийм л бол гээд санааг тань зовоодог зүйл бий юу?

-Байлгүй яах вэ. Эх орныхоо ирээдүйн төлөө үнэхээр сэтгэл өвдөж байна. Өнөө цаг үеэ шүүмжилж, шүүхгүй ээ. Энэ тойрохгүй дайрах л ёстой ээлж. Монголчууд хэвийн, төвшин сайхан аж төрөх Дээд тэнгэрийн зараалтай, их хувьтай хүмүүс. Монголчууд хүчээ нэгтгээд шийдэх цөөн шийдэл байна. Энэ бүгд Үндсэн хуультай холбоотой.

Нэгдүгээрт, Үндсэн хууль өөрөө маш энгийн ойлгомжтой, товч тодорхой байх ёстой. Ингэж байж гэмээнэ эцэг хуулийн үүргээ гүйцэтгэнэ.

Хоёрдугаарт, Нийгмийн чиг баримжаагаа маш сайн судалж, ярилцсаны үндсэн дээр тогтоох, Төрийн эрх барих дээд байгууллыг засаглал хуваарилах хэвшмэл ёсны дагуу байгуулдаг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс тусгаарлах. Энэ хоёр асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэх.

Гуравдугаарт, Нүүдлийн өв соёлоо хамгаалах. Үүний тулд сайн малчдыг шалгаруулахдаа малын тоогоор бус ердийн хөсгөөрөө нүүдэллэсэн, мориороо малаа адгуулсан байдлыг  гол шалгуур болгох хэрэгтэй нэж боддог. Ноос ноолуур, арьс ширний урамшуулал гэх мөнгө идэх шалтгаа шууд таслан зогсоох, малын хөлийн татварыг хэнд ч ямар ч хөнгөлөлтгүйгээр 1000 төгрөгөөс дээш тогтоох, тэмээнд татвар ноогдуулахгүй байх.

Энэ гурван асуудлыг хамтын хүчээр ялангуяа хоёр дахь асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэхэд л болоод явчих юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Тухайн ослоор амь үрэгдсэн хоёр цэрэгт “Шударга журам” медаль олгосон байдаг. Харин Улс төрийн орлогч Д.Баатарчулууныг “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, гурван өрөө байраар шагнаж эхнэрт нь ажил олгожээ. Тэгвэл амьд үлдсэн гурван цэрэгт МХЗЭ-ийн төв хорооны “Цэргийн алдар” медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль л олгосон байгаа юм. Ослыг үйлдвэрийн осол хэмээн худал дүгнэхээс гадна эх орныхоо төлөө байгуулсан тэдний ижил гавьяаг тухайн үеийн төр засаг салбарын яам ч ялгаварлан үнэлжээ.

Өнөө цагт дэлхийн чанартай болон олимпын тэмцээн наадамд үнэмлэхүй амжилт гаргасан тамирчдад, мөн урлаг соёлынхонд мөнгөн тэтгэмж өгч, цэрэг цагдаагийн том цол олгодог дампуу байдал газар авчихсан. Өөрөөр хэлбэл ямар ч хамааралгүй салбарын нэгнийг салбартаа ноён мэт өргөмжилж суухаар энэ мэт гавьяа байгуулсан чимээгүй баатрууддаа энэ тэнцүү сэтгэлээр хандаж, гараа сунгадаг бол нийтэд бүр л таатай санагдана.

Эх оронч үзэлтэй залуу хойч үеийг төлөвшүүлэхэд ч үлгэрлэл болно. Урлаг соёл, спортынхон гээд олонд сайхан харагдсан, танигдсан бүхэнд салбараа гоё харагдуулах гэж ичихгүй үүрүүлдэг энэ жишгээсээ төр засаг, салбар нь татгалзах хэрэгтэй байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш үнэн, бодит амьдралд тохиолдсон зүйл байна шүү.

Зочин
Зочин

Ийм сайхан хүмүүсиг бурхан ивээх болтугай

Зочин
Зочин

Хөвөсгөлийн ахдаа амжилт хүсий

Зочин
Зочин

Эх оронч үзэлтэй залуу хойч үеийг төлөвшүүлэхэд ч үлгэрлэл болно. Урлаг соёл, спортынхон гээд олонд сайхан харагдсан, танигдсан бүхэнд салбараа гоё харагдуулах гэж ичихгүй үүрүүлдэг энэ жишгээсээ төр засаг, салбар нь татгалзах хэрэгтэй байгаа юм.

Зочин
Зочин

Урт насалж удаан жаргаарай та минь. Үнэхээр буянтай хүн юм

Зочин
Зочин

Өөө ямар сайхан бахархал болсон хүн бэ???????????? Аз жаргал хүстй

Зочин
Зочин

бахархам юм аа, бүр нулимс гарчихлаа. 2хон сарын дараа халагдаад аав, ээждээ очих байсан хайран сайхан залуу өөд болсон гэхээр... эвий минь гэж

Зочин
Зочин

Ийм хүн олон байх болтугай????????????

Зочин
Зочин

Ямар бурханлаг сайхан хүн бэ???????? Аз жаргал хүсий таньд

ганбаа
ганбаа

манай Даймаа тулдаа л ингэж яваа юм даа. өөр хүн бол өдийд БХЯ-ны үүдэн дээр хэвтэж байгаа

Зочин
Зочин

Санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтэх болтугай

Зочин
Зочин

Ийм сайхан хүмүүсиг бурхан ивээх болтугай

ганбаа
ганбаа

БХЯ энэ хүндээ туслаж дэмжих тал дээр анхаараасай

даваа
даваа

даймаа ахдаа сайн сайхан, эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин

Үнэхээр эр зоригтой эх оронч үнэн үгтэй ертөнцийн аливааг эргэцүүлэн бодож одоогийн ямарч эрдэмтэн, өөрсдийгөө дөвийлгээ гаж үзэгдлийг магтан дуулагч нарын дэргэд жинхэнэ сэтгэгч филосоич хүн байна даа. Ийм л гүнзгий ухаантай хүмүүс их хуралд суумаар

Зочин
Зочин

Ёстой баатарлаг хүмүүсийг нэхэн шагнах нөхөн олговор олгомоор

Зочин
Зочин

Мундаг байсан бна. Нөхөн олговор олгож шагнах хэрэгтэй.хань нь мундаг ухаантай бүсгүй бна даа.эрүүл урт наслахыг ерөөе.зурагтаар гаргаж орчин үеийн залууст тэсвэр тэвчээр ямар даруухан байгааг үлгэр жишээ болгооч.

Зочин
Зочин

Их сүрхий хүн юмаа. Үзсэн сурсанаа маш логиктойгоор дүгнэж, боловсруулж явдаг юм байна. Үнэхээр авууштай санаанууд дэвшүүлжээ. Ээ дээ тэр элдэв хөнгөлөлт, урамшууллыг зогсоож малын хөлийн татвар авах. Энэ л чухал.

Зочин
Зочин

Бахархаж байна

Зочин
Зочин

Fuch

Зочин
Зочин

Бичлэгтэй ярилцвал бол маш гоё хүнд хүрнэ дээ

Зочин
Зочин

Үнэхээрийн сэтгэлийн их тэнхээтэй, мундаг боловсорсон хүн юм. Жинхэнэ баатарлаг үйлстэн ????????????

Холбоотой мэдээ

Back to top button