ЦЕГ: 14.7 тэрбум төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн, иргэн B.Ганзоригтой холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэж цагдан хориулж байгаа талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Л.Төгс-Ухаан “Цагдаагийн байгууллагын ажилтан, нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг шалгахаар ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Иргэн А нь цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 28-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас 5 сая ам.доллароор худалдан авах гэрээ байгуулан 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд 14.7 тэрбум төгрөгийг иргэн В.Ганзоригийн дансанд шилжүүлж залилуулсан гэсэн гомдол гаргасан. Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдол гаргагч А нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийг худалдан авч 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагааны зардалд 41.9 тэрбум төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон.
Тиймээс бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Яллагдагч В.Ганзориг нь 2022 оны аравдугаар сараас 2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай суманд хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 74 техникийг хураан авсан.
Б.Чинбат энэ хэргийн оролцогч биш. Хувьцаа эзэмшигчээр явж байгаа” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.