Эдийн засгийн мэдээ

50 м.кв байрны үнэ дүүргээсээ хамаарч ₮81 саяын зөрүүтэй байна

Намар болж, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод оршин суух оюутан, залуусын урсгалыг дагаж орон сууцны эрэлт нэмэгддэг. Гэвч байрны үнэ зөвхөн шинэ, хуучин эсэхээс гадна байршлаасаа шалтгаалан ихээхэн ялгаатай байна.

ҮСХ-ны 2026 оны долоодугаар сард гаргасан орон сууцны үнийн индекс өмнөх онтой харьцуулахад 0.3 хувиар өсөж, хуучин орон сууцны үнэ 0.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.73 сая төгрөг болж Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үнэтэй буюу нэг м.кв 5.66 сая төргрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 7.8 хувь (410.5 мянган төгрөг)-өөр өсөж Чингэлтэй дүүрэгт 11 хувь (509.1 мянган төгрөг)-өөр буурсан үзүүлэлттэй байна.

Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ /шинэ орон сууц/

  • Сүхбаатар дүүрэг- 5.66 сая
  • Баянзүрх дүүрэг- 4.72 сая
  • Баянгол дүүрэг- 4.65 сая
  • Хан-Уул дүүрэг- 4.59 сая
  • Чингэлтэй дүүрэг- 4.13 сая
  • Сонгинохайрхан дүүрэг- 3.44 сая

Харин 2026 оны долоодугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.88 сая төгрөгийн үнэтэй байна. хучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 8.5 хувь (440.5 мянган төгрөг)-өөр өссөн үзүүлэлттэй байна.

Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ /хуучин орон сууц/

  • Сүхбаатар дүүрэг- 5.88 сая
  • Чингэлтэй дүүрэг- 5.63 сая
  • Хан-Уул дүүрэг- 5.27 сая
  • Баянзүрх дүүрэг- 4.32 сая
  • Баянгол дүүрэг- 4.26 сая
  • Сонгинохайрхан дүүрэг- 3.25 сая

Өөрөөр хэлбэл, байрны үнэ байршлаасаа шалтгаалан хэдэн арван сая төгрөгөөр зөрүүтэй байна. Тухайлбал, 50 м.кв талбайтай хуучин орон сууцыг тооцож үзвэл Сүхбаатар дүүрэгт 294 сая төгрөг, Баянгол дүүрэгт 213 сая төгрөг болно. Энэ хоёр дүүргийн хооронд 81 сая төгрөгийн зөрүү гарч байна. Харин шинэ орон сууцны хувьд 50 м.кв байр Сүхбаатар дүүрэгт 283 сая, Баянгол дүүрэгт 232.5 сая төгрөгийн үнэд хүрч, 50.5 сая төгрөгөөр ялгаатай байна.

Түүнчлэн шинэ, хуучин орон сууцны үнийг харьцуулахад зарим дүүрэгт хуучин байр нь шинэ байрнаасаа ч өндөр үнэтэй байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны нэг м.кв үнэ шинэ байрнаас 220 мянган төгрөгөөр, Хан-Уул дүүрэгт 680 мянган төгрөгөөр, Чингэлтэй дүүрэгт 1.5 сая төгрөгөөр тус тус өндөр байна. Харин Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууцны үнэ хуучин байрнаасаа өндөр байгаа юм.

Т.ЗОЛЗАЯА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button