Н.Учрал: "Цөмийн энергийн АМНАТ-ийг 5 хувиас дээш гарахгүй" гэж хуульчилсан тул ашигтай хэлэлцээ хийх боломжгүй

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2024.10.31/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуулийн заалтын талаарх гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Тэрбээр “Цаашид ураны үнэ жил ирэх тусам өснө. 2007 онд уран 10 орчим доллар байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 83 орчим доллар болж өссөн. Тэгэхээр бид ямартай ч суурь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувиар авъя. Тусгай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэдээр яаж орлуулах вэ гэдгээ Засгийн газраас гэрээтэйгээ хамт өргөн мэдүүлж УИХ-аар шийдье. Бид хамгийн багадаа 14-15 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авна. Ирэх жилээс үнэ өсөөд эхлэхээр энэ 19 хувь хүртэл өсгөнө. Тэгээд 10 хувийн энгийн хувьцаа авч Монгол Улс ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхээ больё гэдэг хэлцэл хийж байгаа.
Би гайхаад байгаа юм. Цөмийн энергийн хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг яагаад 5 хувиас дээш гарахгүй гэж хатуу хуульчилсан юм. Ямар ч хэлэлцээ хийсэн нөгөө тал нь зөвшөөрөхгүй. Тусгай АМНАТ-ийг нь ахиу бодъё гэхээр манай хуульд 5 хувиас дээш гаргахгүй гэсэн хатуу зохицуулалттай. Энэ хуулийн заалт хэний ашиг сонирхол байсан юм бэ.
Хэлэлцээ яаж ч сайн хийгдэж болно. Тэгэхээр энэ таазыг байхгүй болгох хэрэгтэй. Ер нь Монголын төр зарим төсөлд хэдэн ч хувь авч болно. Цаашлаад төр ямар ч хэлбэрээр баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж болно. Эцсийн үр дүнд бид хожсон байх ёстой. Энэ зарчмаа л бид хангуулах гэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.