Нийгмийн

Орон даяар томуугийн дархлаажуулалт 92 хувьтай байна

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас томуу, томуу төст өвчний дархлаажуулалтын аяныг өнгөрсөн есдүгээр сарын 12-ноос өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулалтыг эхлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 136 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.

Тодруулбал, /2025.10.22/ өчигдрийн байдлаар 124.947 иргэн хамрагдаж, дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл сүүлийн гурван жилд Монгол Улсад томуугийн өвчлөл хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгджээ. Тандалтын мэдээгээр жилд дунджаар 630-700 хүн томуугаар өвчилж, 45-47 мянган тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг ажээ. 2024 оны ирцийн тандалтын статистик мэдээгээр, өвчний улмаас хичээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүдийн дийлэнх буюу 60 хувь нь томуугийн шалтгааны улмаас байв. 

Томуугийн өвчлөлийн 40-70 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Нөгөөтэйгүүр, томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгддэг аж.  Мөн “Маскаа зүүе” аяны хүрээнд нийтийн тээврээр зорчиж буй иргэд, олон нийтэд дархлаажуулалтын талаар постер мэдээлэл хүргэх ажлыг холбогдох байгууллага, дүүргүүдэд нь үүрэг болгосон. Өнөөдөр нийт есөн эмнэлэгт үндсэн тусламж, үйлчилгээний 2614 ор байгаагаас хүүхдийн тасгийн ор 759 байна. 

Орны ашиглалт 59.2 хувьтай бөгөөд нэмэлтээр 1052 ор дэлгэхээр төлөвлөж байгаа юм. 2025 оны эхний хагас жилийн үзлэг өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үзлэгийн төрөлд амбулаторийн үзлэг 49.7 хувь, урьдчилан сэргийлэх үзлэг 28.8 хувь, гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 13.2 хувь, диспансерын хяналтын үзлэг 8 хувийг эзэлж буй. Мөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, үйлчилгээний чанарт хяналт хийх ажлыг төлөвлөж ажиллаж байна.

Улирлын томуугаас сэргийлэх хамгийн оновчтой арга бол улирлын томуугийн эсрэг вакцинаар хүн амыг ялангуяа эрсдэлт бүлгийн иргэдийг жил бүр дархлаажуулах явдал. Ингэснээр халдвар авах, халдвар авсан ч хүндрэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Мөн томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжид,

  •  Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх
  •  Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх
  •  Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих
  •  Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх
  •  Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух
  •  Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах
  •  Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах
  •  Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх
  • 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харьяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээ авах шаардлагатай аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button