Тээврийн хэрэгслийн эзэмшигч, улсын дугаар зэргийг цахимаар шилжүүлэх боломжтой
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн цахимаар хийх боломжтой болжээ. Уг үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломжтой болсон байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээг бүрэн цахимжуулжээ.
Иргэд өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан аж. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байсан юм.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх юм байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг бууруулах чухал алхам юм гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам үзэж буй ажээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.