Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох коксжих нүүрсний ханган нийлүүлэлтийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас коксжих нүүрс импортлох боломжийг, тээвэр ложистикийн хүндрэл бэрхшээлтэй байсан ч үнэлэн судалж байгаа талаар албаны эх сурвалжууд хэллээ.
Дэлхийн түүхий гангийн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор авдаг бөгөөд түүний хагасаас илүүг Австралиас авдаг. Ирэх жилүүдэд энэ эрэлт өсөх төлөвтэй байгаа тул засгийн газар болон ган үйлдвэрлэгчид шинэ эх үүсвэр хайж эхэлсэн байнэ. Далайд гарцгүй Монгол Улс нүүрс экспортлох хоёр үндсэн гарцтай нь Оросоор дамжих урт зам, эсвэл БНХАУ-аар дамжин тээвэрлэх боломж юм.
Гэвч Энэтхэгийн зүгээс Монголын коксжих нүүрсийг БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх зам нь урт хугацаандаа хүндрэлтэй гэж үзээд байсан юм. Учир нь Монгол Улс Бээжингийн хувьд стратегийн чухал нийлүүлэгч бөгөөд Хятад улс шаардлагатай нөхцөлд нэвтрэх замыг хаах эрсдэлтэй талаар нэрээ нууцалсан эх сурвалж мэдээллээ. Энэтхэгийн Гангийн яам энэ асуудлаар бидний илгээсэн имэйлд хариу өгөөгүй юм.
2020 онд хоёр улсын маргаантай хил дээр болсон мөргөлдөөнөөс үүдэн удаан хугацааны цэргийн сөргөлдөөн эхэлсэн ч Энэтхэг, Хятад хоёр эдийн засгийн холбоогоо болгоомжтой сэргээж буй. Монголын коксжих нүүрс нь салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар харьцангуй бага өртгөөр өндөр чанартай нүүрс нийлүүлэх боломжтой эх үүсвэр байж болох ч хамгийн том бэрхшээл нь ложистик хэвээр байна.
Төрийн өмчит Steel Authority of India (SAIL) компани Монголоос нэг тонн нүүрс туршилтаар авахаар төлөвлөж байсан талаар Ройтерс өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байсан билээ.
“SAIL компани Монголын коксжих нүүрсний нийлүүлэгчидтэй техникийн болон ложистикийн боломжийг тогтоох чиглэлээр тасралтгүй хамтран ажиллаж байна” гэж тус компани имэйлээр бидэнд хариу мэдэгдсэн.
Харин Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэл авах бидний хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.