"Мазаалай баавгайн 2-5 минутын дүрсийг авахын тулд жил гаруй хугацаа зарцуулсан"
Монголын говьд цөөн тоогоор амьдардаг үндэсний бахархалт амьтан болох Мазаалай баавгайн тухай "Их говийн манаач" баримтат кино өчигдөр нээлтээ хийсэн билээ.
Уг киноны ерөнхий продюсероор "Eguur News" агентлаг ажиллаж, ерөнхий найруулагчаар баримтат болон уран сайхны хэд хэдэн дэлгэцийн бүтээл найруулсан Э.Ган-Очир ажиллажээ. "Их говийн манаач" баримтат кино нь зөвхөн Мазаалайн тухай өгүүлэх бус говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаанд ажилладаг байгаль хамгаалагчдын амьдрал, нэн эмзэг говийн экосистемийг хадгалж хамгаалахын тулд хичээх цаг наргүй хөдөлмөр зэргийг харуулахыг зорьжээ. Тэгвэл тус киноны уран бүтээлчдийн багийн гишүүдийн сэтгэгдэлийг хүргэж байна.
Мазаалай оройн цагаар идэвхтэй хөдөлгөөн хийдэг учраас хүн харахад тун бэрх

"Их говийн манаач" баримтат киноны гол дүрийг бүтээсэн, биологич Д.Дэлгэрчимэг
"Кино маань миний төсөөлснөөс хавь илүү бүтээл болсон байна. Энэ төсөлд орж, баримтат кинонд тоглосноор өөрийнхөө ажил, амьдралыг өөр өнцгөөр, өөр дурангаар харсан нь сонирхолтой байлаа. Сэтгэл их хөдөллөө, учир нь ийм сайн бүтээл болно гэж төсөөлөөгүй. Хүмүүс манай киног үзээд энэ байгаль, дэлхий дээр зөвхөн хүн ганцаараа оршин тогтнох бус биологийн олон янзын төрөл зүйлийн ан амьтад байдаг гэдгийг ойлгоод гараасай гэж хүсэх байна. Мөн тэдгээрийг хүмүүс бид бүхэн авч үлдэх учиртай. Тэр тусмаа "дархан цаазат газрын байгаль хамгаалагчид түүний төлөө хэрхэн ажиллаж байгаа, түүнтэй зэрэгцэн эрдэмтэн судлаачид ямар үүрэгтэй оролцдог вэ?" гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон. Тиймээс иргэд маань зөвхөн Мазаалай гэх биш хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалаасай, хамгаалмаар байна гэх сэтгэгдлийг аваасай гэж хүсэж байна" гэлээ.

Мөн тус киноны гол дүрийн нэг, байгаль хамгаалагчаар 15 дахь жилдээ ажиллаж буй Ч.Давааням
Мазаалай баавгай нь холимог идэштэн, өдрийн цагаар хэвтээд орой цагаар идэвхтэй хөдөлгөөн хийдэг учир бодитоор олж харна гэдэг тун бэрх. Том газар нутагт, цөөн тоогоор нутагладаг учраас түүний дүрсийг авна гэдэг нь мөн хүндрэлтэй, том сорилт байсан. Энэ киногоороо дамжуулан дархан цаазат их говийн экосистемийг онгон зэрлэгээр нь хадгалан хамгаалж үлдэж, оршин буй амьтадыг амар тайван байлгахыг л хүсэж байна.
Хүн амьдардаггүй дархан цаазат газрыг 10 гаруй удаа зорьж, Мазаалайн дүрсийг авсан

“Их говийн манаач” кинонд Мазаалайн хэд хэдэн цоо шинэ дүрс авагдсан нь үндэсний хэмжээний ач холбогдолтой болжээ. Мазаалай баавгайн бодит дүрсийг авахын тулд дөрвөн улирлын зураг авалтыг тууштай хийж, BBC агентлагийн ашигласан автомат камерыг суурилуулж ажилласан аж. Тус төсөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Эрдэнэ монгол” компани бодлогын бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Төслийн продюсер, Eguur News агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам
"Их говийн манаач" баримтад киног бүтээхэд Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам болон "Эрдэнэ Монгол" ХХК гол туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа. Энэ кино цаашдаа олон улсад Монгол Улсын засгийн газрыг төлөөлөх бүтээл болно гэсэн үг. Тиймээс жил гаруй хугацаанд камераа үүрээд Мазаалай баавгайг олохгүй байсан болон туулсан саад бэрхшээлийг эхлээд ярихаас илүү Монголын говь, экосистемийн цэвэр ариун, эмзэг, үнэн төрхийг харуулахыг хичээсэн бүтээл гэдгээр энэ киног харах нь зөв болов уу.
Мазаалай нь 1400 километр зайд, нийт ердөө 51 бодгаль тархан суурьшдаг гээд бодохоор үнэхээр энэ амьтантай тааралдах, олж харах боломж нь хязгаарлагдмал. Бидний төсөл жил гаруй хугацаанд үргэлжилж, огт хүн амьдардаггүй дархан цаазат газар руу томилолтын багаа 10 гаруй удаа илгээсний үр дүнд мазаалайн 2-5 минутын дүрсийг авч чадсан. Мазаалай баавгайн 2-5 минутын дүрсийг бичихэд бид жил гаруй хугацаанд маш их хичээж ажиллалаа. Тиймээс мазаалай гэх амьтныг тийм нандинаараа дэлхий нийтэд ойлгогдох ёстой гэдгийг бид энэ төслийн хугацаанд ойлгосон.
-Мазаалайн тухай кино хийхийг зорьсон шалтгаан тань юу вэ?
- Би өөрөө говийн хүүхэд учраас "Мазаалайн тухай кино бүтээнэ" гэсэн багын бодол байсан. Энэ бодлоо тээж явсаар өдийг хүрч, олон хүмүүсийн тус дэмээр өнөөдөр мазаалайн тухай "Их говийн манаач" бүтээл маань дэлгэцнээ гарлаа.
-Мазаалайн дүрсийг авахад BBC агентлагийн ашигласан автомат камерыг суурилуулсан гэсэн?
-Мазаалай баавгайн дүрсийг авахын тулд отолт хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй. Тиймээс байгаль хамгаалагчдын ашигладаг камерын дүрсийг аль болох ашиглахгүй, өөрсдийн сайн чанартай техник хэрэгслээр авсан дүрсээ ашиглахыг зорьсон. Энэ хүрээнд байгаль, ан амьтны баримтат киноны арвин баялаг туршлагатай "BBC"-ийн хэрэглэдэг аргачлалын дагуу мэдрэгчтэй камерыг тодорхой цэгүүдэд 7-10 удаагийн давтамжтай байршуулж зураг авалтаа хийсэн юм.
Монголчууд мазаалай баавгайн өөрсдийн шинэ дүрстэй болсон нь бидний киноны үнэ цэнэ
Урьд өмнө мазаалай баавгайн талаарх кино, нэвтрүүлгүүд нь ихэвчлэн танин мэдэхүйн шинж чанартай хийгдэж байв. Тэгвэл энэ удаа мазаалайн төдийгүй говийн дархан цаазат газрын экосистем, онгон дагшин байгалийн өөрийнхөөрөө төрхийг гойд дүрслэн үзүүлж, байгаль хамгаалагч, эрдэмтдийн нөр их хөдөлмөрийг анх удаа дэлгэн харуулснаараа онцлог. Тус киноны найруулагчаар “Дасгалжуулагч”, “Дурсаж яваарай” зэрэг уран сайхны бөгөөд баримтат киногоороо үзэгчдийн талархлыг хүртээд буй Э.Ган-Очир ажилласан байна.

Найруулагч Э.Ган-Очир
Монголын кино уран бүтээлчдийн сайн таних "Ардын элч кино"-ны ерөнхий зураглаач О.Уртнасан гэж хүн анх мазаалайн дүрсийг авахаар тэмээн дээр техник хэрэгслээ ачин явсан байдаг.
Улмаар 15 минут орчмын кино бүтээсэн байдаг. Түүний дараагаар зураглаач Г.Маш мазаалайн тухай кино хийсэн түүхтэй. Мөн BBC, APPLE TV, CCTV зэрэг дэлхийн томоохон телевизүүд мазаалайн тухай баримтат кино хийхээр манай улсыг зорьж ирсэн. Ингээд харахаар бид өөрсдөө үндэсний бахархалт амьтан болсон мазаалай баавгайн тухай баримтат кинотой байх ёстой юм байна. Энэ түүчээг бид таслах ёсгүй гэдгийг киногоо бүтээж байхдаа ойлгосон. Ингээд өнөөдөр "Их говийн манаач" киногоо нээж байгаа нь гайхалтай үйл явдал. Бидний зорьсон Алтайн өвөр говьд ямар ч хүн, амьтан үгүй. Зөвхөн зэрлэг амьтад л аж төрдөг онгон байгаль биднийг угтсан. Бидэнгүйгээр Алтайн өвөр говьд онгон дагшин байгаль, ан амьтан үнэхээр үзэсгэлэнтэй аж төрж буйг харж, үүнийгээ бас кинондоо тусгахыг зорьсон.

“Их говийн манаач” баримтат киноны зохиолч М.Тэнгис
Баримтат киноны зохиол урьд өмнө бичиж байгаагүй учир шинэ туршлага боллоо. Дүрстэй холбоотой текст, бичвэртэй ажиллах нь сонирхолтой санагдсан. Хамгийн гол нь дүрснүүд хүчтэй, зураглаачид маань сайн ажилласан учир тухайн дүрсийг үзэгчдэд сайн ойлгуулах үүрэг надад ирсэн юм.
Мазаалайг үнэхээр ховор амьтан гэдгийг дөрвөн улирлын турш говь нутгаар зураг авалт хийхээр явж байхдаа мэдэрсэн.Анхны томилолтоороо мазаалайтай мэдээж шуудхан таараагүй. Дүрсийг нь ч авч чадаагүй л дээ. Гэсэн ч ерөнхий продюсер Ж.Мядагбадам "Төслийг яаж ийгээд амжилттай дуусгах хэрэгтэй" гэсэн зорилгоор "BBC"-гийн хэрэглэдэг камерын арга техникийг судалж үзээд мөнгө санхүү зэргийг нь шийдэж өгсөн. Түүний үр дүнд бид Мазаалай баавгайн дүрсийг авч чадсан. Хиймэл оюун ухаан, гадаадын том агентлагийн дүрсийг зээлж аваагүй Монголчууд өөрсдөө мазаалайн шинэ дүрстэй болж буй нь бидний киноны үнэ цэнийг улам бүр нэмлээ.
-Өмнө Мазаалайн тухай баримтат кинонууд хийгдэж байсан. Танай кино тэдгээрээс юугаараа ялгарах вэ?
-Мазаалайн тухай өмнө хийгдсэн хэд хэдэн кино байдаг. Тэдгээр бүтээлүүд ерөнхийдөө танин мэдэхүй талдаа. Мазаалайн идэш тэжээл, хийгдэж байсан судалгаа зэргийг нь танилцуулаад өнгөрдөг. Манай багийн тухайд говийн дархан цаазат газрын үзэсгэлэн, түүнийг хайрлан хамгаалдаг байгаль хамгаалагчдын аж амьдрал зэргийг харуулах нь чухал байсан. Тэгэхээр манай баримтат кино зөвхөн мазаалай баавгайн тухай биш гэдгээрээ бусад бүтээлүүдээс ялгарах байх.

Зураглаач Х.Өлзийбаяр
Кино бол багийн уран бүтээл байдаг. Бид олон удаа говийг зорьж энэхүү уран бүтээлээ хийсэн. Техник хэрэгслийн тухайд BBC агентлагийн ашигладаг тоног төхөөрөмжийг ашиглаж мазаалайн дүрсээ авч чадсан нь энэ киноны хамгийн чухал амжилт юм. Бид олон удаа говийг зорьсон аялалдаа мазаалай баавгайн дүрсийг авч чадаагүй ч суурилуулсан камерт маань дүрээ үлдээж, үлдээхдээ бүр бүтэн дүрээрээ орж ирсэн нь киноны маань амин чухал үйл явдал болсон. Киноны гол дүрүүд хөдөлгөөнтэй дүрснүүдтэй учир ихэнхдээ камераа гар дээрээсээ бичсэн. Энэ нь баримтат киноны үндсэн хэв шинжтэйгээ нийцэж, илүү амьтай болж өгснөөрөө онцлог.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн бүтээл болжээ, улам их амжилт хүсье
Энэ Мядагбадам бол жинхэнэ мэргэжлийн янхан шүү
Сайн байна, амжил хүсэе.
Амжилт
үзэх юмсан, амжилт
Баавгайтайгаа өөрийнх нь хэлээр тохиролцоогүй л байна даа
Neg basvgsin dvrs xend xteim. Bvten jil zarcuulsan gej xudlaa mungu cavjj idex.muu argatai uumdaa ene mpngplchuud!
Neg muu baavgain zurag. Vxer mongol zalitai adgiin shaarnuud noljee.