ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

"Рио Тинто"-гийн стратегийн чиглэл зэс рүү эргэж, 2030 он гэхэд жилд нэг сая тонныг үйлдвэрлэх зорилт тавьжээ

Товч агуулга,

  • Хөрөнгө борлуулалтаар уул уурхайн компанид 5–10 тэрбум ам.долларын эх үүсвэр босгоход дэмжлэг үзүүлнэ
  • Компанийн бүтээмжийн өсөлтийг эхний 3 сарын хугацаанд 650 сая ам.долларт хүрчээ
  • Ажлын байрны цомхотголыг нэмэгдүүлэхээс татгалзав

Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн үйлдвэрлэгч "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт анхны стратегийн өдрөөрөө компанийн бүтцийн төвөгшлийг бууруулах зорилтын хүрээнд хөрөнгийн зарлага болон бүтээмжийн өсөлтөд төвлөрсөн шинэ бодлогоо танилцуулжээ.

Хөрөнгө оруулагчид 8-р сард "Рио Тинто"-гийн үйл ажиллагаагаа дөрвөн бизнес нэгжээс гурван үндсэн чиглэлд нэгтгэж, өгөөж өндөртэй хөрөнгө дээрээ төвлөрөхөө зарласнаас хойш дэлгэрэнгүй мэдээллийг хүлээсээр байсан билээ. Борлуулах багцад титан, боратын бизнесүүд багтаж буй. Компанийн гүйцэтгэх удирдлагууд дэлхий даяарх хөрөнгүүдийг нарийвчлан үнэлж, Рио өөрийн эзэмшилд байлгах шаардлагагүй активуудыг тодорхойлсон гэж Тротт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Тэрбээр,

“Зэс, хөнгөн цагаан, литий болон төмрийн хүдэр гэсэн гурван үндсэн бүтээгдэхүүний аль алинд өсөлтийн өндөр чадавхтай төсөл бий. Бид хамгийн өгөөжтэйг нь сонгож хэрэгжүүлэхийн зэрэгцээ ашиглагдаж буй одоогийн активуудын тогтвортой байдлыг хангана” хэмээжээ.

Рио Тинто нийт 5–10 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломжтой актив борлуулалт болон бусад арга хэмжээг тодорхойлсон бөгөөд эдгээрт худалдааны түншлэл байгуулах хувилбар ч судлагдаж байна. Компанийн мэдээлснээр 2024–2030 оны хооронд нэгж бүтээгдэхүүний өртгийг 4 хувиар бууруулах аж.

Компанийн зүгээс жилийн дүнгээр 650 сая ам.долларын бүтээмжийн өсөлт ба зардлын хэмнэлт бий болсныг мэдэгдсэн бөгөөд үүний 370 сая нь аль хэдийн биелсэн, үлдсэн хэсэг нь эхний улиралд хэрэгжинэ гэжээ. Энэ хэмнэлтэд ажлын байрны тоог бууруулах арга хэмжээ багтсан ч хэдэн хувь буурч байгааг Тротт дэлгэрүүлсэнгүй. Компанийн мэдээлснээр хөрөнгийн сахилга бат, түүхий эдийн үнэ өсөлт, зэсийн 20 хувийн үйлдвэрлэлийн өсөлт нь арван жилийн сүүлчээр компанийн ашигт ажиллагааг 50 хувь хүртэл өсгөх боломжтой гэв.

Төмөр ба титан, боратын бизнесүүдийн стратегийн үнэлгээ, төлөвлөгөөний дагуу ахиж байгаа бөгөөд дараагийн шатанд эдгээр активуудын зах зээлийн эрэлтийг үнэлэх ажил багтаж байна. Мөн компани 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төлвөө өсгөсөн нь Монгол дахь Оюу Толгой төслийн олборлолт нэмэгдэж буйтай холбоотой.

Рио Тинто энэ онд 860,000–875,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн төсөөлөлтэй байсан бол ирэх 2026 онд 800,000–870,000 тонн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хэдийгээр компанийн гол ашиг төмрийн хүдрээс бүрддэг ч Рио Тинто стратегийн чиглэлийг зэс рүү эрчимтэй эргүүлж, 2030 он гэхэд жилд 1 сая тонн зэс үйлдвэрлэх зорилт тавиад байна. Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, дэлхий нийт ногоон эрчим хүчний шийдлүүдийг өргөн нэвтрүүлэх хэрээр эрэлт нь өснө гэж тооцогдож буй.

"Рио Тинто" Оюу Толгойн зэсийн гарцыг энэ онд 50 хувь нэмэгдүүлж, 2026 онд ойролцоогоор 15 хувь өсгөх төлөвлөгөө нь хэвийн хэрэгжиж байгаа гэж мэдэгдсэн юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button