Хүүхдэд "хайргүй" томчууд: Энэ онд 60 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алдав
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар зам тээврийн ослоор 60 орчим хүүхэд амиа алджээ.
Санамсаргүй, санаандгүй үйлдлээс улбаалан манай улсад хичнээн хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алддаг тухай мэдээллийг тоо баримтанд тулгуурлан дараах мэдээллийг хүргэж байна.
Зам, тээврийн осол, гэмтлийн улмаас энэ оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 562 иргэн амиа алдаж, 2990 хүн гэмтэл бэртэл авч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсан байна. Нийт осол, гэмтэлд 875 хүүхэд өртөж, 60 хүүхэд амиа алдсан гэх тоон мэдээлэл байна.
Нэг жилд сургуулийн бүтэн хоёр ангитай тэнцэх хэмжээний хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж байна гэж зүйрлэж болно. Гэхдээ энэ бол хүүхэд эндэж буй олон шалтгаануудаас зөвхөн зам тээврийн осолд өртөж амиа алдсан хүүхдүүдийн тоо юм.
Дээрх тоон мэдээллийг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Зөвхөн нийслэл хотын хэмжээнд 552 зам тээврийн ослын улмаас 606 хүүхэд өртсөн байна. Үүнээс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдийн 376 нь явганаар, 98 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 132 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд өртжээ.
Нийт осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13 насныхан, харин 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5 нас, 1.8 хувь нь гурав хүртэлх насныхан байна.
Хүүхдээ чирээд гарцгүй газраар зам хөндлөн гүйдэг, автомашиныхаа цонхоор хүүхдийнхээ толгойг гаргачихсан, зориулалтын суудлын бүс огт хэрэглэхгүй явдаг тохиолдол байсаар байгаа. Энэ бүх хайрхамжгүй үйлдэл, өөртөө болон хүүхдүүддээ “хайргүй” хандах хандлага нь хүүхдийг зам тээврийн осолд орж хүнд, хөнгөн байдлаар гэмтэх цаашлаад амь насаа алдахад хүргэсээр.
Зориулалтын автомашины суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 55-80 хувиар хамгаалдаг аж.
Энэ онд зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ. Харин сүүлийн таван жил улсын хэмжээнд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2,534 хүн нас барж, 14,905 хүн гэмтсэн байна. Үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Статистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа аж.
Бас нэгэн харамсалтай тоон мэдээг цагдаагийн байгууллагаас гаргаж байжээ. Таван жилийн өмнө буюу 2020 онд 64 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Үүний 23 нь гэрийнхээ ойролцоо аав ээж, ойр дотнын хүмүүсийнхээ авто машинд дайруулж амиа алджээ.
Ингээд сүүлийн зургаан сарын хугацаанд зам тээврийн, автомашины ослоос болж, хүүхэд эндсэн хэргүүдийг багцлан хүргэе.
Хоёр өдрийн өмнө /2025.12.03/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт "Лексус" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөн, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт суудлын хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхдийн амь хохирч, хоёр хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.
Есдүгээр сарын 29-нд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт "Тoyota prius" маркын автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан найман сартай хүүхэд нас барж, дөрөв болон зургаан настай хоёр хүүхэд нэн хүнд гэмтсэн.
Зургаадугаар сарын 8-нд Сэлбэ зуслангийн замд 15-16 насны зургаан хүүхэд автомашин жолоодон осол гаргаж, нэг хүүхэд амь эрсэдсэн хэрэг гарч байв.
Зургаадугаар сарын 1-нд Баян-Өлгий аймгийн төвд төгсөх ангийн 17 настай хөвгүүд автомашин жолоодон хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж гурван хүүхэд газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байхдаа өвчнөө даалгүй нас барсан байдаг.
Угтаа бол одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэмд "Сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй, мөн гурав хүртэлх насны хүүхдийг машин дотор харгалзах хүнгүй авч явж болохгүй" гэж заасан байдаг. Гэтэл осолд орсон хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа гэмтэж, амь насаа алддаг гэсэн мэдээлэл байна. Энэ мэтчилэн хүүхдэд хайргүй томчуудаас болж, ирээдүй хойч үе маань амь насаараа хохирсоор л байх уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, хүмүүсийн дуу хоолой яагаад ийм асуудал дээр гарч ирдэггүй юм бол