УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС хүргэе.


НЭМЭЛТ: /2025.12.04/ 22.20 цаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө. 

Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн  анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.  

Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.

Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.


НЭМЭЛТ: /2025.12.04/ 21.50 цаг

-Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.  

Ерөнхийлөгч хоёр улсын дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа нь хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх  таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.

Талууд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы Апостолик архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулах замаар өнө эртний харилцаагаа нийтэд толилуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо. 

Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин Пап Францисын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд ажилласнаа дурсаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Төрийн хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, дипломат харилцаатай бүхий л асуудлыг хариуцдаг. Хэрэг эрхлэх газрын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга /Ерөнхий сайд/ байдаг. 


ЭХЛЭЛ: 2025.12.04

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын төрийн тэргүүн, Пап Арвандөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийлээ.

Пап Арвандөрөвдүгээр Леог Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, даян дэлхийн католик шашны тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буйд санал нэгдэж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, түүх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ядуурал зэргийн эсрэг хамтран ажиллахаа нотоллоо.

Пап Арвандөрөвдүгээр Лео 2025 онд 267 дахь Папаар сонгогдсон.

Гэгээн Августинийн шашны сургууль, АНУ-ын Виллановагийн их сургуулийг тоо, философийн чиглэлээр, Чикаго хотын Католик теологийн холбоонд шашны чиглэлээр суралцаж төгссөн. Ром хотын Гэгээн Томас Аквинасын нэрэмжит Папын харьяаны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Гэгээн Ширээт Улс нь Италийн Ром хотын дотор 0.44 км2 нутаг дэвсгэртэй хот улс юм. 900 орчим хүн амтай бөгөөд ихэнх нь итали, швейцар гаралтай.

Улсынх нь төсөв 890 гаруй сая евро. Арилжааны бус өвөрмөц эдийн засаг, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн орлого, католик шашинтнуудын хандив, өргөл, шашны ном, бичиг баримт хэвлэх, музей, дурсгалын зоос, медалийн орлогоос санхүүждэг.

Дэлхийн 183 улс болон Европын Холбоотой дипломат харилцаатай. Олон улсын 34 байгууллагад бүрэн эрхт гишүүн болон байнгын ажиглагчийн статустай.

Гэгээн Ширээт Улс нь шашны болон дипломат ёслолын нарийн дэг баримталдаг юм байна.

Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Монгол дахь Ромын католик шашны тэргүүн Ж.Маренго 2022 онд орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу кардиналаар сонгогдсон.

Гэгээн Ширээт Улс 1993 онд хүмүүнлэгийн тусламжаар 1,000 кг эм, эмнэлгийн материал, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31 мянган ам.доллар хандивлаж байсан.

Мөн 2000 оны зудын хохирлыг арилгахад зориулж Ромын Пап Гэгээн хутагт II Ион Павел хувиасаа 50 мянган ам.доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30 мянган ам.доллар хандивлаж байлаа.

Тус улсын тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд манай улсын ес, Италид хоёр оюутан суралцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button