Bne Intellinews: Оюу Толгойн зэс, алтны уурхайн үйл ажиллагааг шалгах нээлттэй сонсгол зохион байгуулагдана
“Bne Intellinews” агентлаг Оюу Толгойн зэс, алтны уурхайн сонсголын талаар нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Оюу Толгой нь дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох төлөвтэй байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улс тус төслөөс хүртэх ёстой ашгаа шударгаар авч чадаж байгаа эсэхэд хууль тогтоогчид эргэлзэж буй. Ийм учир ирэх долоо хоногт Оюу Толгойн зэс, алтны уурхайн үйл ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсголыг зохион байгуулагдах төлөвтэй байна.
Монгол Улсын УИХ-ын тогтоолоор энэ оны эхээр байгуулагдсан Оюу Толгойн асуудлаарх Хянан шалгах түр хороо нь олон тэрбум ам.долларын өртөгтэй уг уурхайгаас төр хангалттай үр өгөөж хүртэж чадсан эсэхийг шалгаж байгаа юм.
Уурхайн ил уурхайн олборлолт болон гадаргын бүтээн байгуулалтын анхны өртөг ойролцоогоор 6.4 тэрбум ам.доллар байсан билээ. Оюу Толгойн ирээдүйн гарцын ихэнхийг бүрдүүлэх гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөв 7 тэрбум гаруй ам.долларт хүрсэн.
Хууль тогтоогчдын хэлснээр сонсгол нь нөөцийн үнэлгээ, тусгай зөвшөөрөл олгох шийдвэрүүд болон гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн бүтэц зэрэг асуудлуудад төвлөрөх юм.
Тэдний анхаарч буй нэг гол асуудал Оюу Толгойн хамтарсан үйлдвэрийн нэг хэсэг болгон ашиглаж буй Жавхлант, Шивээ Толгойн тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцөөс Монгол хэрхэн ашиг хүртэх тухай юм. Эдгээр нь "Entrée Resources" компанийн Монгол дахь охин компани болох "Entrée LLC"-ийн эзэмшилд бүртгэлтэй.
Төслийн оператор болох Оюу Толгой ХХК сүүлийн саруудад хурц шүүмжлэл хүртэж, хяналтад орох болсон. Тус компанийн ихэнхийг “Rio Tinto” эзэмшдэг. Энэ оны эхээр Оюу Толгой ХХК худалдан авалтын үйл ажиллагаанд гарсан байж болзошгүй зөрчилтэй холбоотой дотоод шалгалт эхлүүлсэн. Үүний улмаас хууль тогтоогчдыг хяналтаа чангатгасан байна. Компанийн удирдлагууд хяналтын хорооны мэдээлэл авах хүсэлт дээр тал дээр хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ хорооны үйл ажиллагаатай холбоотой аюулгүй байдлын асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Сонсголд ерөнхий сайд асан хүмүүс, уул уурхайн салбарын удирдах албан тушаалтнууд болон салбарын гүйцэтгэх захирлууд зэрэг 300 хүртэлх гэрч оролцоно. УИХ-ын удирдлагууд хэлэхдээ, өмнөх гэрээ хэлцлүүд болон санхүүжилтийн нөхцөлүүд, тэр дундаа гүний уурхайн санхүүжилтэд ашигласан хөрөнгө оруулагчдын зээлийн нөхцөлийг дахин хэлэлцэх шаардлагатай эсэхийг тодорхойлоход гэрчүүдийн мэдүүлэг тусална.
Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сүүлийн долоо хоногуудад дарамт шахалтад өртөж, таних тэмдэггүй автомашинууд түүнийг дагаж байгаа талаар албаныханд мэдэгдсэнээ хэлэв.
Тэрбээр "Bne IntelliNews" агентлагт имэйл илгэхдээ “Энэ үйлдэл нь миний хувийн эрхэд халдаж буй явдал. Үүгээр зогсохгүй парламентын халдашгүй байдал, бүрэн бүтэн байдлыг сулруулж, парламентын албан ёсны хяналт шалгалтын үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого. Энэ асуудлыг зохих байгууллагуудад албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.
Тусгай зөвшөөрлийн шалгахаас гадна төслийн санхүүжилтийг тодорхойлдог хувь эзэмшигчдийн гэрээг дахин хянах нь өөр нэг гол сэдэв болно гэж О.Батнайрамдал онцлов. Түүний хэлснээр, уг гэрээнд "Rio Tinto"-гоос "Оюу Толгой" ХХК-д олгосон 12 тэрбум ам.долларын зээл багтдаг аж. Тус зээлийг 11.3 хувийн хүүтэй олгосон.
О.Батнайрамдал "Хүү ийм өндөр байгаа нь үндсэн зээлийг төлж дуусах үед хуримтлагдсан хүүгийн зардал зээлсэн дүнгээс давж гарах эрсдэлтэй. Энэ нь Монгол Улсын ашиг хүртэж эхлэх хугацааг 2030, бүр 2040-өөд он хүртэл хойшлуулахад хүргэж байна" гэж хэлэв.
Гэрээнд зааснаар хүүгийн хэмжээг долоон жил тутамд дахин хэлэлцэх боломжтой. О.Батнайрамдал "Хэрэв бид энэ боломжийг алдвал дахин долоон жилийн турш хэлэлцээ хийх чадахгүй" гэж анхааруулжээ.
Тэрбээр "Манай хяналтын хороо олон улсын жишигт нийцүүлж хүүг бууруулах арга хэмжээг яаралтай авахыг Засгийн газраас шаардана. Энэ бол үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Манай хорооны бүрэн эрхийн хүрээнд хамаарах зүйл" хэмээн нэмж хэлэв.
Оюу Толгой төсөл нь Монголд удаан хугацааны турш улс төрийн маргааны сэдэв байсаар ирсэн билээ. Иргэдийн олонх нь уурхайг үндэсний хөгжилд нэн чухал гэж үздэг ч Монгол Улс энэ баялгаасаа хангалттай үр өгөөж хүртэж чадахгүй байна хэмээн санаа зовдог. Дэлхийн зах зээлд зэсийн эрэлт өсөж буй энэ үед гүний уурхайн өргөтгөл нь Оюу Толгойг дэлхийн шилдэг зэс үйлдвэрлэгчдийн нэг болгох хүлээлт үүсгээд байгаа.
"Rio Tinto" компани удахгүй болох сонсгол болон Монгол Улс хөрөнгө оруулалтын тал дээр шинэ нөхцөл шаардаж болзошгүй талаарх "Bne IntelliNews"-ийн асуултад хариулт өгөөгүй байна.
2026 оны эхээр гарах Хянан шалгах түр хорооны дүгнэлт нь Монголын уул уурхайн салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтыг тодорхойлж, гадаадын хамгийн том түншүүдийнхээ нэгтэй харилцах харилцаанд нөлөөлж болзошгүй юм.
Эх сурвалж: Bne Intellinews












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.