Эргэн сануулъя: С.Баяр, С.Баярцогт нар "Оюутолгой"-н асуудлаар хэрхэн яллагдаж, юу хэлж байв
Өнөөдөр /2025.12.10/ "Оюутолгой" ордтой холбоотой асуудлаар нээлттэй сонсголын хоёр дахь өдөр.
“Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар” сэдвийн хүрээнд явагдана.
Иймд, бид Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нар "Оюутолгой"-н асуудлаар хэрхэн яллагдаж, тухайн үед юу ярьж байв гэдгийг эргэн сануулъя. С.Баяр оролцохгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн. Харин С.Баярцогт оролцож байгаа билээ.
"Оюутолгой"-н гэрээний асуудлаар шүүгдсэн таван хүний хоёр нь С.Баярцогт, С.Баяр нар.
Тэднийг "Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэж" буруутган шүүсэн.
С.Баярыг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд "Айвенхоу Майнз Монголия Инк", "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан.
С.Баярцогтыг, "Оюутолгой"-г ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт байхдаа албан тушаалын байдлаа болон албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ ашиглан эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг "Кью Эф Эс" компаниар 2010-2012 онуудад Ханбогд болон өмнөд кемпэд үйлчилгээ үзүүлэх 43 тэрбум төгрөгийн, "Номадс катеринг энд интеград сервис" ХХК-иар 20.7 тэрбум төгрөг буюу нийт 63.9 тэрбумын орлого олж, улсад хохирл учруулсан. 2009.10.06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа 1.6 тэрбум ам.долларыг оффшор бүс дэх "ND Harmony LTD" компанийн данснаас авч, мөнгө угаасан. Нүхт дэх үл хөдлөхөө Хожгорын Дөчинтав гэх хүний нэр дээр гарган авч, хөрөнгө орлогоо нуусан. Зайсан дахь Белла Виста таун хаусуудын үнэлгээ өөрий хууль ёсны орлогоос гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг тайлбарлаж чадаагүй бюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдсан.
2020.07.23-нд болсон БЗД, СБД, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баяр нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн.
- Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял оноож, 5,580,444,00 төгрөг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан.
- Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон.
2020.12.04-нд болсон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
- С.Баярт оногдуулсан ТАВАН жилийн хорих ялыг 2.5 жил болгон бууруулж, хөрөнгө хураах ялыг хэвээр үлдээсэн. /
- С.Баярцогтод оноосон АРВАН жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилсөн.
- Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд 1.3 жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг 1 жилээр хорьсон.
2021.05.19-нд болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс
- С.Баярцогтыг 4.8 жилээр хорьж, 1 сая 345 876 ам.долларыг гаргуулан улсын орлогод болгохоор шийдвэрлэсэн. Дараа нь 2021.07.19-нд болсон хурлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад замхруулсан билээ.
2021.07.05-нд С.Баярыг магадлангаар суллах шийдвэр гаргасан. Суллагдахдаа таван тэрбум 580 сая төгрөг болон нэг тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураалгасан гэдэг.
Шүүхийн танхимд С.Баярцогт, "“Монголын төрд үнэнч зүтгэх халтай”. Оюу Толгойн гэрээ уг нь Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээ. Гэхдээ энэ гэрээг ахалж хийсэн хүний хувьд 10 жил муу сайнаар хэлүүлж, улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлж, баригдан хоригдож байсан. Монгол УИХ 2019 оны 12 дугаар сарын 19-нд 92 дугаар тогтоолоо гаргаж 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай хийгдсэнийг дахин баталгаажууллаа.Гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрт байсны дараа эзэмшсэн мэргэжил, залуу насандаа эрдэж хөрөнгө мөнгийг гаднаас босгож Монголдоо оруулж ирж болно, чадна гэсэн өөдрөг бодлоор эрсдэл хийж 12 жилийн өмнө олон улсын үнэт цаасны зах зээлд оролцсон минь сүр дуулиантай оффшорын асуудал болж, 7 жил Монголдоо, 4 жил Швейцарын Холбооны Улсад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдлаа..." хэмээж байв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.
Шүүхийн танхимд Ерөнхий сайд асан С.Баяр, "Миний бие ямар нэгэн ач холбогдолгүй тоо баримт нэхээд, эсвэл сониуч зан хөдлөөд лавлаж тодруулаад байгаа зүйлүүд биш юм. Энэ бол Ерөнхий сайд асан С.Баяр намайг үйлдсэн гэх эрүүгийн гэмт хэргийн гол суурь нь гэхээр асуудлууд юм. Эдгээр асуултын тодорхой хариу буюу намайг гэм буруутайг нотлон тогтоосон баримт хэргийн материалд байсан бол би энд олон юм ярилгүй, хуулинд заасан хариуцлагаа үг дуугүй хүлээхэд бэлэн байгаа гэдгээ шүүхийн өмнө мэдэгдэж байна. Гэтэл хэргийн материал, Яллах дүгнэлт болон НПГ-ын прокурорын тогтоолд ийм нотлох баримт алга байна. Харин том жижиг алдаа, нотолгоогүй дүгнэлт цөөнгүй..." хэмээж байв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯЛАА АВАААД БҮР СУУСАН ХҮМҮҮС ШҮҮ. ТА НАР ОДООО ГАРУУУДЫГ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. БАТТЛАГ ХҮҮК ЭЛБЭГЭЭ САЙХНАА АЛТАНХУЯГАА