УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Төсвийн орлого ₮2.3 их наядаар тасарч болзошгүй. Иймд, татварын орлого бүрдүүлэлтэд бүх хүчээ дайчилна"

Өнөөдрийн /2025.12.10/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.


Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор үүрэг даалгавар өглөө. Хараахан албажиж гараагүй байна. 2025 оны жилийн эцэс хүртэлх батлагдсан орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллах. Мөн орлогодоо тааруулж, алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлэх шаардлагатай. Төсвийн ерөнхийлөгч захирагч, сайд нар онцгойлон анхаарахыг даалгалаа.

Хэмнэлтийн хуулиа чандлан мөрдөх, цаашид ч энэ хууль өндөр ач холбогдолтойг харуулж байна. Хүүхдийн мөнгө, онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг саадгүй олгох үүрэг өглөө. Шинэ жилийг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй байх, бэлэг дурсгал бэлдэхгүй байх. Мөн бичиг хэрэг, тээвэр, томилолт зэрэг тэвчиж болох зардлуудыг хэмнэх, хэмнэлтээ 2026 онд үргэлжлүүлэх үүрэг өглөө.

Засгийн газрын нөөц хөрөнгө 140.8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Одоогоор 20 тэрбумын үлдэгдэлтэй байна. Үүнийг өвөлжилтийн хүндрэл буюу онцгой байдал болон хөдөө аж ахуйн салбарын танилцуулсан зардалд энэ ондоо багтаан гаргана.

"Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Эрүүл Монгол хүн" зэргээс гадна яамдад хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрүүдийг 2026 он руу шилжүүлэх. Иргэд, ААН-үүдэд зөвлөн туслах замаар татвар бүрдүүлэх шаардлагатай тохиолдолд шат дараатай арга хэмжээ авах.

Уул уурхайн салбарын хэд хэдэн татварын өр хуримтлагдаад байна. Тиймээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг зогсоох, хязгаарлах саналуудыг боловсруулан танилцуулах үүрэг өгсөн" хэмээлээ.

Мөн тэрбээр, "2025 оны хоёрдугаар улирлаас татварын орлого саатах, ялангуяа гадаад худалдаан дээр нүүрсний үнэ буурсан тул төлбөрийн тэнцэл дээр том хүндрэл гарч эхэлсэн. Ноднин төсөв батлах үеийнхээс даруй 50 хувиар буураад байна. Уул уурхайн салбарт том цохилт болсон. Дөрөвдүгээр сард, ажлын хэсэг байгуулагдахад төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан. Татварын бүрдүүлэлт мөн сааталтай байсан цаг үе байсан. Шинэ Засгийн газар бүрдээд долоодугаар сард төсвийн тодотгол хийж, зардлыг 2.3 их наядаар бууруулсан. Ингээд тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн.

Монгол Улсын валютын нөөц анх удаа 6 тэрбум ам.доллар давсан. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн. 3600 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өнөөдөр 3544 төгрөг болтлоо тогтворжлоо. Төлбөрийн тэнцэл эерэг гарлаа.

Энэ оны 12-р сарын байдлаар 2.3 их наядаар орлого тасарч болзошгүй, хүндрэл бий болсон. 1.2 нь гаалийн татвар буурсантай холбоотой. Тиймээс татварын орлого бүрдүүлэлт дээр бүх хүчээ дайчилна. 70 гаруй хувь нь уул уурхайн салбараас орж ирнэ" гэлээ.

-Ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй байгаа асуудалд дараах хариулт өглөө.

-"2025 оны төсөв батлагдах үед ажилгүйдлийн сан буюу ажилгүйдлийн тэтгэмжийн төсөв батлагдаагүй. 2024 онд хэлэлцэхдээ гэсэн үг. 2025 оны зургаадугаар сард 2026 онд төрийн алба хаагч нарын тоог есөн хувиар бууруулах төлөвлөгөө батлагдсан. 2026.01.01-нээс үүнийг эхэлсэн бол төсөв дээр ч, төрийн албан хаагч дээр ч нэг дор маш хүчтэй цохилт болно. Тиймээс 2025 оны төсвийн тодотголоор 9 хувийн цомхотголыг хийсэн. Энэ жилийн ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн хөрөнгө хүрэхгүй байгаа. Гэхдээ оны эцэс рүү төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс хэмнэлт гарна. Энэ хэмнэлтээс ажилгүйдлийн тэтгэмжийг олгоно. Өөрөөр хэлбэл төсвийн хуваарийн асуудал. Энэ тэтгэмжийн хоцрогдол татварын орлого бүрдүүлэлттэй холбоогүй шүү" гэв.

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо хуралдана.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button