Сэлэнгэ аймагт сураггүй болсон иргэнийг дөрөв хоногийн дараа олжээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн Жаргалантын ам орчимд хонио эргүүлэхээр морьтой гарсан 56 настай иргэн сураггүй болсон тухай дуудлага нэгдүгээр сарын 7-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, сумын мэргэжлийн анги болон ар гэрийнхэн нийт 31 хүн, 7 автомашин, 14 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэлчид нийт 161 км талбайд эрлийн ажиллагаа хийсэн байна.
Хайгуулын үр дүнд сураггүй болсон иргэнийг 2026 оны нэгдүгээр сарын 11-ний 12:27 цагт олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн эрэн хайх, аврах ангийн захирагч, ахмад Э.Мөнхтулгаас тодруулахад “Тухайн иргэний хувьд нэгдүгээр сарын 7-ны 15 цаг орчим хонио эргүүлэхээр гэрээсээ гараад, ирээгүй гэх дуудлагыг ар гэрийнхнийх нь аймгийн цагдаагийн газар бүртгүүлсэн байсан. Улмаар цагдаагийн газар сураггүй алга болсныг баталгаажуулж, Онцгой байдлын газарт албан бичгээр мэдэгдэж, тус эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Алга болсон иргэнийг олоход биеийн байдал нь харьцангуй хэвийн байсан” гэв.
Сураггүй алга болсон иргэнийг олсон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба хаагч, ахлах дэслэгч Б.Мөнгөншагайтай утсаар холбогдож, мэдээлэл авахад “Иргэн хөгжлийн бэрхшээлтэй байсан. Гэрээсээ ойролцоогоор таван км зайд уулын өөд өгсөж явах үед нь олсон. Хониндоо морьтой явж байгаад мориноосоо бууж, дараа нь морио ололгүй төөрсөн. Биеийн байдлын хувьд гар нь бага зэрэг хайрагдсан байдлаас өөр ноцтой гэмтэл тогтоогдоогүй. Юу болсон талаар тухайн хүнээс асуухад “Мориноосоо буугаад морио олж чадаагүй, төөрсөн. Юу болсныг сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн” гэлээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын байгууллагаас иргэдийг болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед “What3words” системийг ашиглан дуудлага өгөхийг зөвлөв. Энэ аппликейшн нь иргэн байршлын мэдээллээ мэдэхгүй, координат өгөх боломжгүй үед гурван үгт хаягаар байршлыг нарийвчлалтай тодорхойлох боломж олгож, аврах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулахад дэмжлэг болдог гэж тус газраас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.