Оёдлын кафег үүсгэн байгуулсан Б.Нямдэлгэр: Та оёхыг хүссэн зүйлийнхээ материалыг авчрахад л болно

Аяга кофе уунгаа өөртөө болон хайртай дотны хүндээ дээл, хувцас урлах хүсэл оёдол, эсгүүрт дуртай хэн бүхэнд бий. Тэгвэл саяхан үүдээ нээгээд буй өөртөө үйлчлэх "Оёдлын кафе"-н оёдлын машин, багаж хэрэгслийг ашиглаад хүссэн хувцсаа өөрийн гараар оёх боломжтой болжээ. Энэхүү кафег үүсгэн байгуулагч Б.Нямдэлгэртэй ярилцлаа.
Видео үзэх:
-Энэ төрлийн кафе нээх санааг хэрхэн олсон бэ?
-Намайг Б.Нямдэлгэр гэдэг гурван хүүхдийн ээж, ам бүл тавуулаа. Энэхүү кафегаа нөхөртэйгөө ярилцаж байгаад үүсгэн байгуулсан. Хүн бүрд оёдол, эсгүүр хиймээр санагддаг ч оёдлын машингүй, тоног төхөөрөмж дутагдаад дараа оёно доо гэсэн хүсэл байдаг даа. Тэрхүү хүслээ манай кафед ирээд дуртай кофегоо уунгаа биелүүлэх боломжоор хангахыг хүссэн. Манай оёдлын кафед өөрийн хүссэн бүтээлээ сэтгэлээ шингээн урлаж хайртай, дотны хүндээ бэлэглэх боломжтой.

Өмнө нь хүүхдээ асрангаа гэрээр оёдол хийдэг байлаа. Ганцхан шулуун оёдлын машинтай учир хэрээсний машин дутагдаж байсан. Хэрээсний машинтай оёдолчид дээр очиж үнэ төлж үйлчилгээ авна. Мөн надтай адил хэрэгцээ, шаардлага тулгарсан хүмүүс олон байгааг анзаараад оёдлын кафегаа нээхээр болсон.
-Энгийн оёдлын газартай харьцуулахад танай оёдлын кафены онцлог юу вэ?
-Манай оёдол хийхэд шаардлагатай бүх зүйлс зөвхөн танд зориулагдсан. Манайд шулуун оёдлын машин гурав, хэрээсний машин хоёр, товч оёдог машин, уурийн индүү гэх мэт хэрэг болох бүх зүйл бүгд бэлэн байгаа. Та зөвхөн оёхыг хүссэн зүйлийнхээ материалыг авчрахад л болно. Материалаа авч ирээд, цагийг бүтээлчээр тухтай өнгөрүүлэх боломжтой.

-Оёдол эсгүүрийг анх хэрхэн сурч байв?
-Би авто инженер мэргэжилтэй ч хадам ээжээсээ оёдол, эсгүүр хэрхэн хийхийг сурч байсан. Анх дээл оёж сурсан. Өөрөө ч их сонирхсон болохоор амархан сурсан. Ямар дээл болж гэдгийг товчо, шилбэ хэр цэвэрхэн гоё хадсанаар хардаг.
-Хамгийн сонирхолтой үйлчилгээ авсан үйлчлүүлэгч ямар бүтээл урласан бэ?
-Манай кафен анхны үйлчлүүлэгч ерөөсөө оёдлын машин дээр ажиллаж үзээгүй залуу байсан. Найзынхаа төрсөн өдөрт бэлэглэхээр бичлэгнээс эсгүүрийг нь хараад өөрийн гараар цүнх оёж өгсөн.

-Ирж үйлчлүүлэхээсээ хүмүүс үнэ, хөлс нь ямар бол гэж их сонирхож байгаа байх. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Оёдол эсгүүр удаан суусны эцэст гараас гардаг. Тиймээс манайх нэг цаг нь 10 мянган төгрөг, гурван цагаас дээш суувал цаг нь 8000 төгрөг, таван цагаас дээш бол цаг нь 6000 төгрөгийн үнэтэй. Ер нь удаан суух тусам хөнгөлөлттэй. Нээгдээд удаагүй учир үйлчилүүлэгч бага ч гэлээ хүмүүс утсаар яриад хэрэгтэй газар нээгдсэнд баяртай байна. Дараа очиж заавал үйлчилүүлнэ гэсэн хүмүүс их байгаа.


-Үйлчлүүлэгчдийн хандлага ямар байна?
-Утсаар яриад би чамд юу авчирч өгөх вэ, эгч нь чамд эсгүүр авчирч өгөх үү? Эгч нь юм оёх дуртай танайд дахин ирж үйлчилгээ авна аа гэх мэт хүмүүсийн эерэг хандлага зөндөө мэдрэгдсэн.
-Ярилцсанд баярлалаа
Б.АЛТАНГЭРЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.