Уул уурхайн хамаарлаасаа холдоогүй Монголын эдийн засагт "Тогтвортой” үнэлгээ бол эцсийн "онош" биш

“Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Фитч”, “Мүүдис”, “Эс энд Пи” агентлагууд “тогтвортой” гэж зарлалаа. Бид ижил түвшний дундаж орлоготой улс орнуудаас өндөр хурдтай урагшилж буйг дэлхийн гурван агентлаг ийнхүү нотоллоо” хэмээн Ерөнхий сайд, Сангийн сайд нар өнгөрсөн баасан гарагт (аравдугаар сарын 9) зэрэгцэн зогсож байгаад мэдэгдэв.
Засгийн газрын хувьд энэ бол эдийн засгийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж буйн нотолгоо, Монголд хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлэх томоохон мессеж юм байх. Гэхдээ олон улсын зээлжих зэрэглэл тогтоогчдын үнэлгээг сайд нарын тайлбарласан шиг шууд ойлгож, эдийн засаг сайжирсны баталгаа хэмээн дүгнэхэд учир дутагдалтай.
Тэд уул уурхайн экспортын өсөлт, гадаад валютын нөөцийн нэмэгдэл, өрийн үзүүлэлтүүдийн эерэг өөрчлөлтийг онцолсон ч инфляц өндөр хэвээр байгаа, эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, төсвийн сахилга бат болон гадаад өрийн эрсдэл бүрэн арилаагүйг дээрх агентлагууд сануулсныг мөн шударгаар хэлэх шаардлагатай.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог гол байгууллагууд болох “Фитч” Монгол Улсыг B+, “Эс энд Пи” (S&P) BB−, “Мүүдис” B1 түвшинд үнэлж байна. Эдгээр нь хөрөнгө оруулалтын бус ангилалд багтдагийг эхлээд бодох хэрэгтэй. Тухайлбал, "Эс энд Пи” -ийн хувьд "BBB−"-ээс дээшилж байж хөрөнгө оруулалтын зэрэглэлд тооцогдоно. Тэгэхээр Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлд өр төлөх чадвартай ч эрсдэл харьцангуй өндөртэй зээлдэгч хэвээр байна гэсэн үг. “Тогтвортой” гэдэг нь энэ зэрэглэлийн төлөвийг илэрхийлж буй болохоос Монголын эдийн засгийг “сайн”, эсвэл “эрсдэлгүй” гэж үнэлсэн хэрэг биш.
Зээлжих зэрэглэл тогтоогчид тухайн улсын Засгийн газар дотоод, гадаад өрөө хугацаанд нь төлөх чадвартай эсэх, төсвийн орлого зарлага хэр тогтвортой байгаа, валютын нөөц болон гадаад төлбөрийн хэрэгцээ ямар байгааг үнэлдэг. Түүнчлэн эдийн засаг, улс төрийн бодлогын өөрчлөлт өр төлөх чадварт хэрхэн нөлөөлөхийг ч харгалзана. Тиймээс “тогтвортой төлөв” гэдэг нь суурь төсөөллөөр ойрын хугацаанд зэрэглэл өөрчлөгдөхгүй байх хүлээлттэй гэсэн үг. Харин энэ нь эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа, төгрөгийн ханш тогтвортой байна гэсэн баталгаа биш.
Уул уурхайн өсөлт бодитой ч эрсдэл алга болоогүй
“Эс энд Пи"-ийн 2026 оны аравдугаар сарын 8-ны тайланд дурдсанаар, Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн, уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 31.5 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй бодит үзүүлэлт. Уул уурхайн экспортын орлого нэмэгдэхийн хэрээр гадаад валютын нөөц ч өсөх нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар, 2025 оны эцэст 7.0 тэрбум ам.доллар байсан бол 2026 оны наймдугаар сард 8.37 тэрбум ам.долларт хүрчээ. Харин есдүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэх мэдээлэл байна.
"Гадаад валютын нөөц нэмэгдэх нь гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх чадвар, валютын зах зээлийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй. Гэхдээ нөөц өссөнөөр төгрөгийн ханш цаашид заавал тогтвортой байна, эсвэл Монголд орох хөрөнгө оруулалт автоматаар нэмэгдэнэ гэсэн үг биш. Учир нь үүнд экспортын орлогоос гадна импортын төлбөр, гадаад өрийн эргэн төлөлт, хөрөнгийн урсгал болон эдийн засгийн бодлого нөлөөлнө. Нөгөө талаас, өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхай хэвээр байгаа нь Монголын эдийн засгийн эмзэг тал юм" гэжээ.
Тэгвэл “Фитч”-ийн үнэлгээтэй холбоотойгоор анхаарах ёстой нэг үзүүлэлт бол Монголын цэвэр гадаад өр ДНБ-ий 112 орчим хувьтай тэнцэж, ижил зэрэглэлтэй орнуудын дунджаас зургаа дахин өндөр байгаа гэх тооцоо юм. Энэ тоо анхаарал татахуйц өндөр үзүүлэлт мөн.
Түүнчлэн уул уурхайн үнэ өндөр, экспортын орлого нэмэгдэж байгаа үед төсвийн орлого сайжрах нь мэдээжийн эерэг мэдээ мөн. Гэвч орлого түр зуур өссөн нөхцөлд төрийн зардлыг хэт тэлж, урт хугацааны үүрэг хариуцлага нэмэгдүүлбэл түүхий эдийн үнэ буурах үед төсөв дахин хүндрэх эрсдэлтэй. Инфляц ч энэ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ гэдгийг давхар сануулж.
Үнийн өсөлт өндөр хэвээр байгаа нь иргэдийн бодит худалдан авах чадварт дарамт учруулж, мөнгөний бодлого болон зээлийн хүүгийн орчинд хүндрэл үүсгэж болзошгүй. Эдийн засаг 7.7 хувиар өссөн гэх мэдээ сайхан сонсогдож болно. Гэхдээ иргэдийн бодит орлого үүнтэй ижил хурдаар өсөж байна уу, үнийн өсөлт өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг нь тусдаа асуудал. Улсын эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьдралын чанарыг нэг хэмжүүрээр дүгнэх боломжгүй.
Зээлжих зэрэглэл сайжирлаа гээд хөрөнгө оруулалт шууд нэмэгдэх үү?
Сангийн сайд З. Мэндсайхан мэдэгдлийнхээ үеэр эдийн засгийг төрөлжүүлэх, ДНБ-ийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч байгаа ч эрчим хүчний салбарт шийдвэрлэх асуудал их байгааг онцлоод араас нь "Ийм учраас Оюу толгойн ногдол ашгаас орж ирэх хоёр их наяд төгрөгийг эрчим хүчний төслүүдэд зарцуулахаар тусгасан" гэдэг санаагаа хавчуулна лээ. Эрчим хүчний хангамж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Гэвч ногдол ашгийн орлого, түүнийг зарцуулах төлөвлөгөө, бодитоор хэрэгжсэн хөрөнгө оруулалт гурав нь онхи өөр зүйл.
Хөрөнгө оруулагчид санхүүгийн эрсдэлээс гадна хууль, эрх зүйн орчин, төрийн бодлогын тогтвортой байдал, эрчим хүчний хангамж, дэд бүтэц, татварын нөхцөл болон бизнес эрхлэх боломжийг харгалздаг жамтай.
Дээрээс нь гол гурван агентлаг 2027-2028 оны сонгуулийн өмнөх улс төрийн эрсдэлийг онцолсон байхад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт заавал нэмэгдэнэ гэж итгүүлэх гэж зүтгэх нь үнэмшилтэй биш сонсогдоно. Үүнийг бодит үр дүн болгохын тулд Засгийн газар бодлогын тогтвортой байдал, төсвийн сахилга бат, эрх зүйн орчин, дэд бүтцийн асуудлаа бодитоор сайжруулах шаардлагатай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.