Хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар олон зуун мянган хүн Праг хотод жагслаа
Ням гарагт /2026.11.15/ Чех улсын нийслэл Прагт хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар олон зуун мянган хүн жагссан байна. Тодруулбал засгийн газраас хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн оролдлого гэгдэж буй оролдлогыг эсэргүүцэн 350 мянган хүн цугласан гэж жагсаалыг зохион байгуулсан хүмүүс мэдэгджээ.
Жагсагчдын үзэж буйгаар Чехийн олон нийтийн радио телевизүүдийн санхүүжилтээ босгодог лицензийн төлбөрийг болиулж, засгийн газраас санхүүжилт олгохоор төлөвлөж буй нь хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх аж. Өөрөөр хэлбэл санхүүжилтийг засгийн газар олгосноор олон нийтийн радио телевизүүдэд сайд нараас үзүүлэх нөлөө нэмэгдэж магадгүй гэж хүмүүс үзэж байгаа юм. Жагсагчид “Вечерник” нэртэй хүүхдийн нэвтрүүлгийн дүр өмсдөг гурвалжин хэлбэртэй цаасан малгай өмсжээ. Мөн хүмүүс “Бид хэвлэл мэдээллийг алдахгүй” гэсэн уриа лоозон барьсан байна.
Аравдугаар сард Чехийн эрх баригчид санхүүжилтийг өөрчлөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг олон нийтийн сонор сэрэмж бага үед буюу шөнө явуулжээ. Тэр үеэс хойш Чех улсад эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж ирсэн юм.
Жагсаалыг зохион байгуулсан “The Million Movements for Democracy” бүлэг мэдэгдэл хийхдээ, энэ хуулийн төслийг хэр эсэргүүцэж байгааг эрх баригчид одоо харсан байх гэсэн байна. Тухайлбал ахлах зохион байгуулагч Микулас Минар “Өнөөдөр бид гайхалтай үйл явдлын гэрч боллоо. Энэ бол дөнгөж эхлэл нь гэдгийг хэлмээр байна” хэмээжээ.
Тус бүлэг засгийн газар тэрхүү хуулийн төслийг татаж, Ерөнхий сайд Андрей Бабиш болон түүний эвслийн холбоотнуудыг ардчилалд эрсдэл учруулж байна хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. “Бабис болон түүний засгийн газар хүссэн зүйлээ хийж чадна гэж бодож байгаа нь илт байна. Тэд мэргэжилтнүүдийг үл тоож, шүүмжлэгчдийн дуу хоолойг дарж, ардчилсан институтийг өөрсдийн эзэмшлийн зүйл мэт хандаж болно гэж бодож байна” гэж “The Million Movements for Democracy” мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.