Гацсан томилгоонууд: ЗГХЭГ, АБГББХ, ТЕГ, МЭЕГ, ХОХГ-ын даргаар хэн очих вэ
Дотоод улс төр бужигнан халавч төрийн ажил зогсож болохгүй. Атал ЗГХЭГ-ын даргын томилгоо долоо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргынх 63, нэг өдөр чөлөөлөгдсөн ТЕГ, МЭЕГ, ХОХГ-ын дарга нарын суудал 20 хоног эзгүй байна.
ЗГХЭГ-ын даргаар хэн томилогдохоос Н.Учрал У.Хүрэлсүх нарын түнжин харагдах нь

Сүүлийн 10 жилд Засгийн газрын "гал тогоо"-г барьсан сайд нараас Б.Энхбаяр шиг өргөдлөө өгч явсан нь үгүй.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг “Бодь интернэшнл”-ийн 110 сая ам.долларын хээл хахуулийн хэрэгт “Одоогийн ЗГХЭГ-ын дарга холбоотой, Б.Энхбаяр $10 саяыг авсан” хэмээн нэрийг нь цоллосон. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн нэр ч дурдагдсаны дараа тэрбээр ажлаа өгөхөө мэдэгдсэн бөгөөд “Төрийн тэргүүн ажлаа өгч шалгуулна гэж байхад би ч гэсэн тэгнэ” хэмээгээд Б.Энхбаяр сайд өргөдлөө өгсөн билээ. Өргөдлийг нь хүлээн авч, даруй шийдвэрлэсэн.
Орны томилгоог У.Хүрэлсүхийг ажлаа өгсний маргааш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох тогтоол баталсан байдаг. Хэдийгээр Ерөнхий сайд танхимын сайд нараа томилж чөлөөлнө гэж заасан ч ийнхүү МАН-ын Удирдах зөвлөл шийдсэн гэсэн үг. Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх, МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хүн гэдэг. У.Хүрэлсүх Засгийн газар дахь өөрийн нөлөөллөө бууруулахгүй гэсэндээ түүнийг томилуулахаар зүтгүүлж байгаа талаар хөшигний ард багагүй яригдсан.
Үүнийгээ өөрөө ч батлах шиг "Энэ томилгоог өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тохирсон байсан. Ингээд Ерөнхий сайд Н.Учрал Удирдах зөвлөлд өчигдөр танилцуулж, баталсан. Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно" хэмээчихсэн. Ерөөс ам алдвал барьж болдоггүй гэдэг нь болж, өнгөрсөн баасан гарагийн чуулганд танилцуулагдаж чадсангүй. Нэг танхимд багтаж мэдэх сайд нарын төлөөлөл ч түүнд сайнгүй, Засгийн газрын "гал тогоог барих" чухал албан тушаалд тэнцэхгүй, дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлээд буй.
Нөгөө талд Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг ЗГХЭГ-ын даргад зүтгүүлж байгаа гэх. Ямартай ч эл суудалд хэн суух вэ гэдгээс Н.Учрал У.Хүрэлсүх хоёрын түнжин харагдах нь.
Үндсэн хуулийн 39.4-т зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлж, огцруулна. Улсын Их Хурал танилцуулгыг сонсдог ч шийдвэр гаргадаггүй. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлж байгаа тул энэ удаагийн томилгоог түүнд танилцуулна.
Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайдаар томилогдоод 63 хоноход АБГББХ хоёр удаа хуралдаж, Ч.Анар даргалав

Г.Тэмүүлэн 2024 оны долдугаар сараас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог удирдсан. Тэрбээр ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос хойш тус хороонд шинэ дарга томилогдоогүй 63 хоног өнгөрчээ. Одоогоор тус суудалд хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын бүлэг хуралдаагүй, нэрс ч яригдахгүй өнөөг хүрэв. Өнгөрсөн хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хоёр удаа хуралдахад УИХ-ын гишүүн Ч.Анар даргалсан байна.
ийм тийм
Нэг өдөр чөлөөлөгдсөн гурван дарга. ТЕГ, МЭЕГ, ХОХГ-ын даргын томилгоог хийлгүй 20 хонолоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг ЗГХЭГ-т хүргүүлснээр Ерөнхий сайд Н.Учрал |2026.11.04|-ний хуралдаанаар ТЕГ, МЭЕГ, ХОХГ-ын даргыг чөлөөлж буйгаа мэдэгдсэн байдаг.
Тэрбээр "Хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ)-ын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий Газар(МЭЕГ)-ын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө Оруулалт, Худалдааны Газар(ХОХГ)-ын дарга Б.Зандан нарыг ажлаас чөлөөлж байна. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өгч байна" хэмээсэн юм. Тус албан тушаалтнууд чөлөөлөгдөөд 20 хонож буй ч орны томилгоо хийгдээгүй, сонгон шалгаруулалтын дүн гараагүй байгаа билээ.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө солигдоогүй цагт хэн ч очоод хэрэггүй