"Алтан гадас"-аас ялгаагүй болсон "Ардын", "Гавьяат" цолны эрэмбэ

Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн дээд одон, медаль хавтгайрч, үнэгүйдэх болоод удаж байна. Шагнал нүдээ олсон, зөв хүндээ хүрч хүндлэл хүлээдэг цаг ард хоцорч, Ардын, Гавьяат цол нь хүртэл “Алтан гадас”, Хөпөлмөрийн хүндэт шиг тараасаар “төмөр” болгон хувиргалаа.
Иргэдийн дунд, нам дагасан нь л шагнал авдаг гэх цуу яриа хэдийн эрчээ авсан нь үнэний ортой. Энгэрт нь төмөр зүүлгээд үр шим нь юу байх вэ? Түүний оронд нь мөнгөн дэмжлэгийг цөөн бөгөөд байгаа онож өгвөл энэ нь жинхэнэ шагнал болно гэх яриа иргэдийн дунд бий.
Бусад хөгжингүй улс орнуудад ийм хавтгайрсан шагнал өгдөггүй байхад ОХУ-аас өвлөгдөж ирсэн соёлоор Монголд л “Хөдөлмөрийн баатар” гэх мэт цол тэмдгүүдийг тараасаар. Яг бодит байдал дээр “Амьдрахын төлөө өөр өөрсдийнхөөрөө тэмцэж, хийж бүтээж буй бүгд л баатар” бус уу?
Сонгууль дөхөх бүрт “Төрдөө үнсүүлэх” нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулдаг явдал хэзээ зогсох вэ?
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед (2009-2017) төрийн одон, медаль, шагналын асуудалд шагналын шалгуурыг өндөрсгөх, олгох тоог хязгаарлах, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх байр суурь илэрхийлж байлаа. Тэрээр шагналын тоо хэмжээг 3-5 дахин бууруулахаар төсөлд тусгаж байжээ. Тэгвэл түүнээс хойшхи Ерөнхийлөгчдийн үеэс шагнал тараах явадл бүр илүү эрчээ авлаа.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажилласан 5 жил гаруйн хугацаандаа хэд хэдэн байгууллагуудад “Сүхбаатарын одон”, “Чингис Хаан одон”-г гардуулсан. Энэ нь өнгөц харахад байгууллагад олгож байгаа мэт боловч, ажаад харвал тэр байгууллагын ажилтан нэг бүрт тал засаж "Намайг дэмжээрэй" гэж хэлэх далд утга юм. Тухайлбал:
- Сүхбаатар аймагт Сүхбаатарын одон
- “МИАТ” ТӨХК-д Сүхбаатарын одон
- Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Сүхбаатарын одон
- Онцгой байдлын ерөнхий газарт Сүхбаатарын одон
- Цэргийн төв эмнэлэгт Сүхбаатарын одон
- Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг тус тус хүртээжээ.
Тэгвэл 2026 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Төрийн шагналын тухай хуулийн төсөл"-ийг санаачлахдаа эзнээ олдог шагналууд буюу “Алдарт эхийн одон”, “Малчны одон”-оос бусдыг цөөлж төсвөө хэмнэх шаардлагатай гэж үзсэн байдаг.
Тухайлбал, 2023 онд яамдын шагналд 26592 ширхэгт 2 тэрбум төгрөг, 2024 онд 33736 ширхэгт 2.8 тэрбум төгрөг зарцуулж, зардал 36 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал урамшуулалд зарцуулсан төсвөө ил тод мэдээллэхийг хоёр удаа хүссэн ч хариу өгөөгүй талаар дурдсан.
Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрох саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр С.Цэнгүүн гишүүн Ерөнхийлөгчид хандаж төрийн олон медальд зарцуулсан төсвөө нээлттэй хэлэхийг хүссэн. Харин У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид хэдэн мянган шагналын хүсэлт тодорхойлолт ирдэг. Сүүлийн үед шагналыг ахмадуудад өгье гэсэн зарчмыг барьсан. Онцгой гавьяа байгуулсан залууст хүртээсэн бөгөөд одон медалийг зохих хүмүүст нь өгсөөр байгаа, миний тайлан бүгд цахимд ил тод байгааг өөрсдөө харчих” гэх хариултыг өгч байлаа.
Гэсэн хэдий ч шагналд чухам хэдэн төгрөг зарцуулсан тухай мэдээлэл, тоо баримт одоо ч тодорхойгүй хэвээр байна.
Түүнчлэн, шагналд тодорхойлогдож буй иргэдийг ямар шаардлага шалгуураар олгож байна вэ? гэх асуулт иргэдийн дунд буй байнгийн асуулт, эргэлзээ хэвээр. Урлагийн тогоонд орсон гарсан бүхэн СТА болж шагналын үнэлэмжийг унагааж байлаа. Тэгвэл одоо Гавьяат, Ардын цол тэмдгийн нэр хүнд унаж эхлээд байна. Аливаад эрэмбэ дараалал, хүндлэл байх ёстой гэдгийг бодож, шагналыг чансаатай болгох цаг иржээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.