НИЙГЭМНийгэм мэдээ

3.2 тэрбум төгрөгөөр баригдсан цэцэрлэг нэг жилийн дараа цуурч, хүүхдүүдийг нүүлгэв

Нийслэлийн хүүхдийн 335 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод ердөө нэг жилийн дараа цуурч, суурь нь сууж эхэлжээ. Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах тус цэцэрлэгийг 2024 онд “Гранд Марз” компани 3.2 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан ч өдгөө хүүхдүүдийг өөр цэцэрлэгт шилжүүлж, багш ажилчид нь сул зогсолтод орох эрсдэл үүсээд байна. Тус цэцэрлэгийн хана, таазанд 2025 оноос цууралт үүсэж эхэлсэн бол энэ оны арваннэгдүгээр сараас эрс нэмэгджээ.

Улмаар барилгын шал, суурь зарим хэсэгтээ 2-10 сантиметр сууж, дулаан, цахилгааны холболтод доголдол үүссэн байна. Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирсан тул цэцэрлэгийн 290 орчим хүүхдийг ойролцоох цэцэрлэгүүдэд түр шилжүүлжээ. Барилгын суулт, цууралтын шалтгааныг тогтоож, засварлах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьсан ч одоогоор хариу өгөхгүй байгаа аж.

Үүний улмаас цэцэрлэгийн 290 орчим хүүхдийг ойролцоох цэцэрлэгүүд рүү түр шилжүүлсэн байна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд ийм шийдвэр гаргасан ч эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хол зөөх, ажил амьдралаа зохицуулахад хүндрэл үүсжээ. Харин багш, ажилчдын хувьд цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэх, ажлын байр нь хэрхэх нь тодорхойгүй байна.

Ганцхан жилийн дараа цуурч эхэлсэн энэхүү цэцэрлэгийг 2024 онд Хан-Уул дүүргийн төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гранд Марз” компани барьж, ашиглалтад оруулжээ. Гэвч барилга ашиглалтад орсноос хойш нэг жилийн дараа хана, таазанд нь судас шиг нарийн цууралтууд үүсэж эхэлсэн байна. Тухайн үед цэцэрлэгийн удирдлага барилгын компанид мэдэгдэж, тэмдэглэл, протокол үйлдэн, засвар хийлгэж байжээ.

Гэвч энэ оны арваннэгдүгээр сараас цууралтын хэмжээ нэмэгдэж, барилгын суурь суух, шал доошлох зэрэг асуудал илэрсэн байна.

Нийслэлийн хүүхдийн 335 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Насанжаргал “Барилгын компанийн төлөөллийг ирүүлж, шаардах хуудас өгсөн. Нэгдүгээрт, барилгын суурь яагаад ийм хурдан суугаад байгаа талаар дүгнэлт гаргуулах, хоёрдугаарт, засах үүрэг даалгавар өгсөн” гэв.

Тэрбээр “Дулаан орсны дараа цууралт ихэсч, шалны суурь доошоо суусан. Суултаас болж холболтууд хоорондоо зөрүү гарснаар дулаан тасалдах нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь цахилгааны асуудал гарсан. Тиймээс бид эрсдэлээс урьдчилан сэргийлж хүүхдүүдээ шилжүүлсэн” гэж ярив. Цэцэрлэгийн удирдлагын мэдээлснээр, барилгын суулт, цууралтын улмаас хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн тул хүүхдүүдийг түр шилжүүлэх шийдвэрийг эцэг эхчүүдтэй хамтран гаргажээ.

-Хүүхдүүдийг 49 дүгээр цэцэрлэгийн хуучин байранд шилжүүлжээ-

335 дугаар цэцэрлэгийн 290 орчим хүүхдийг одоогоор 49 дүгээр цэцэрлэгийн хуучин байранд болон салбар байранд түр хуваарилан хамруулж байгаа аж. Тодруулбал, хуучин байранд зургаан бүлэг, салбар байранд долоон бүлгийн үйл ажиллагаа явуулж байна. Гэвч түр шилжүүлсэн цэцэрлэг нь 335 дугаар цэцэрлэгээс зайтай, өөр хороонд байрлаж байгаа нь эцэг эхчүүдэд хүндрэл үүсгэжээ. Эцэг эхийн төлөөлөл Х.Цэцэгжаргал “Эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учраас хүүхдүүдийг түр хугацаанд шилжүүлэх шийдвэрийг эцэг эхчүүдтэй хамтран гаргасан. Эцэг эхчүүд асуудлыг ойрын хугацаанд шийдээсэй гэж хүсэж байгаа. Хол газар руу зөөхөөр бидэнд ч хүндрэлтэй байна. Ихэнх хүүхдийг өвөө, эмээ нь цэцэрлэгт хүргэж ирдэг учраас гулгаатай үед халтирч унах гээд хүндрэл гарч байна” хэмээн ярив. Мэдээж эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэгээ яаралтай янзлаад, буцааж оруулаасай гэж хүсэж байна. Одоо шилжиж орсон цэцэрлэг нь биднийг жаахан байхад л байсан цэцэрлэг. Тохижилтын хувьд ч гэсэн эцэг эхчүүд ер нь энэ цэцэрлэгтээ орох хүсэлтэй байгаа юм” гэв.

-“Гранд Марз” компанийн барилгын ажлын туршлага, тендерийн мэдээлэл-

335 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Гранд Марз” компанийн талаар нээлттэй мэдээллээс үзэхэд тус компани өмнө нь өөр цэцэрлэг, сургуулийн барилгын ажилд тендерт шалгарч байжээ. “Гранд Марз групп” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд улсын бүртгэлд 2018 оны хоёрдугаар сарын 27-нд бүртгэгдсэн гэх мэдээлэл байна.

Тус компани 2022 онд Хан-Уул дүүргийн Нисэхийн бүсэд баригдах 200 ортой цэцэрлэгийн барилгын тендерт шалгарч, 2.36 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн байна. Мөн 2024 онд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын тендерт шалгарч, 9.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Гэвч 7 дугаар сургуулийн барилгын ажил өнөөдрийг хүртэл удааширч, суурийн ажил хийснээс өөр ахицгүй байгаа юм.

335 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Насанжаргалын хэлснээр, барилгын компанийн төлөөллийг ирүүлж, засвар хийх, суурь яагаад сууж байгааг тогтоох дүгнэлт гаргах шаардлага тавьсан байна. Гэвч компанийн холбогдох утас руу залгахад авахгүй, хүүхдүүдийг шилжүүлснээс хойш одоогоор ирж ажиллаагүй байгаа гэлээ.

-“Компани утсаа авахгүй, хүүхдүүдээ шилжүүлчихээд байхад ирээгүй”-

Цэцэрлэгийн удирдлагын мэдээлснээр, барилгын компанид шаардах хуудас өгч, арванхоёрдугаар сарын 5-ны дотор арга хэмжээ авах, барилгын суурь сууж буй шалтгааны талаар дүгнэлт гаргаж өгөхийг шаарджээ. Д.Насанжаргал “Компанийн холбогдох утсаа ерөөсөө авдаггүй. Хүүхдүүдээ шилжүүлчихээд байхад ч одоогийн байдлаар компани ирээгүй байна. Өмнө нь бид өдөр болгон л залгасан. Барилгын компанитай холбогдоход маш хүндрэлтэй, холбогдож чадахгүй явж байна” гэв.

Энэхүү барилгын суурь сууж, хана тааз цуурсан асуудлаар Нийслэлийн барилгын хяналтын улсын байцаагчтай холбогдож, компанид шаардлага хүргүүлсэн байна. Цэцэрлэгийн барилга ашиглалтад ороход улсын комисс хүлээн авсан ч ердөө нэг жилийн дараа суурь сууж, цууралт үүссэн асуудалд барилгын чанарын хяналт хэрхэн хийгдсэн, гүйцэтгэгч компани ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Түр байр хайж байгаа ч хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах эрх хүлээгдсээр Цэцэрлэгийн удирдлага хүүхдүүдийг түр байрлуулах боломж хайж, ойролцоох 15 давхар барилгын доод давхарт байрлах 650 метр квадрат талбайг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг судалж байгаа аж.

Д.Насанжаргал “Эрхлэгчийн хувьд үнээс шалтгаалаад бид түрээсийн байр хайсан. 2027 онд улсын комисс орох юм байна. Доод давхарт нь 650 метр квадрат талбай түрээсийн байр болох боломжтой. Барилгын компанийн захиралтай уулзахад, хэрэв нийслэл, яамнаас дэмжлэг үзүүлэх бол цэцэрлэгийн зориулалтаар ариун цэврийн өрөө, угаалтуур, гал тогооны асуудлыг шийдэж болно гэсэн. Ийм гарц гаргалгаа хайж ажиллаж байна” хэмээв. Гэвч түрээсийн байр ашиглахад шаардлагатай зардал, тохижилт, цэцэрлэгийн зориулалтын шаардлага хангах эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна.

-Цэцэрлэгийн барилга ашиглагдахгүй байгаа ч урсгал зардал, дулааны төлбөр гарсаар байна-

335 дугаар цэцэрлэг нийт 54 ажилтантай. Одоогоор 35 ажилтан тухайн байрандаа ажиллаж байгаа бөгөөд барилгын асуудал удаан үргэлжилбэл ажилчид сул зогсолтод орох эрсдэлтэй. Д.Насанжаргал “Манайх нийт 54 ажилтантай. Энэ нөхцөл байдал удах юм бол нэгдүгээрт, 300 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй болно. Ажилчид маань сул зогсолтод орох эрсдэлтэй. Тиймээс одоохондоо бүлгүүдээ хуваарилаад авч явна.

Энэ асуудлаар холбогдох газарт албан бичиг хүргүүлж, дүүргийн хэмжээнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. Ийнхүү 3.2 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэгийн суурь сууж, хана тааз цуурсан шалтгааныг тогтоох, засварлах ажил хүлээгдэж байна. Харин 290 орчим хүүхэд түр байрнаас цэцэрлэгтээ буцаж орох, 54 ажилтны ажлын байр хэвийн үргэлжлэх эсэх нь барилгын асуудлыг хэрхэн, хэзээ шийдвэрлэхээс хамаарах нөхцөл үүсээд байна.

Одоогоор барилгын суулт, цууралтын шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтоосон дүгнэлт нийтэд ил болоогүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button