Улс төрийн карьераа хурдацтай ахиулж ирсэн Чэнь Жининийг Бээжин шалгаж эхэлсний учир юу вэ
БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жининийг шалгаж эхэлжээ. Ингэснээр тэр 2025 оноос хойш шалгагдсан БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын дөрөв дэх гишүүн болов. Чэнь Жининийг шалгаж эхэлсний дараа Шанхайн Коммунист намын дээд албан тушаалтнууд Бээжинд үнэнч гэдгээ илэрхийлжээ.
Хятадын авлигатай тэмцэх байгууллага түүнийг “Сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байж болзошгүй” үндэслэлээр шалгаж эхэлснийг Шинхуа агентлаг мэдээлсэн байна. Авлигын хэргээр шалгаж эхэлсэн гэдгийг Хятадын төрийн өмчит хэвлэлүүд мэдээлэхдээ энэ үг хэллэгийг түгээмэл хэрэглэдэг аж.
Хятадын төрийн албан тушаалтнуудын хувьд хувьд Сахилга батыг хянан шалгах төв комиссоос мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэж зарласнаар нь улс төрийн карьер нь дуусдаг.
Чэнь Жинин шалгагдаж эхэлснээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин авлигын эсрэг явуулж буй кампанит ажил өргөжиж буйг харууллаа. Энэхүү ажлын хүрээнд Коммунист намын удирдах дээд түвшний бүрэлдэхүүн цөөрч, цэргийн дээд командлалын эгнээ ч сийрэгжээд байгаа юм.
Түүнээс өмнө Улс төрийн товчооны гурван гишүүн болох Хэ Вэйдун, Жан Юшиа, Ма Шинжуй нар шалгагдан, намаасаа хөөгдөж улс төрийн карьерууд нь дууссан.
62 настай Чэнь Жинин улс төрийн карьераа хурдацтай ахиулж иржээ. Байгаль орчны судлаач мэргэжилтэй тэрбээр Лондоны Хааны коллежид докторын зэрэг хамгаалж, БНХАУ-ын шилдэг их сургуулиудын нэг болох Цинхуа их сургуулийн ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан юм.

Тэрбээр 2015 онд Байгаль орчныг хамгаалах сайдаар томилогдон улс төрд оржээ. Тухайн үед Ши Жиньпин бохирдлыг бууруулах, экологийг хамгаалахыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгоод байсан юм. Дараа нь Чэнь Жинин Бээжин хотын даргаар ажиллаж, 2022 онд Улс төрийн товчооны гишүүн болсон. Мөн БНХАУ-ын санхүүгийн төв болох Шанхайн намын хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон юм.
Өмнөх авлигын хэргүүдээс үзвэл түүний хэрэг шүүхэд шилжвэл гэм буруутай гэж үзэх нь гарцаагүй. Хятадын шүүх засаглал Коммунист намын хяналтад байдаг учир намын шийдвэрийг эсэргүүцээд байдаггүй аж.
Чэнь Жининийг шалгаж эхэлсэн нь Тайванийн асуудалд нөлөөж магадгүй байна. Учир нь Шанхай, Тайпэйн хамтарсан форум нь БНХАУ, Тайванийн хооронд үлдсэн цөөн хэдэн өндөр түвшний харилцааны сувгийн нэг юм. Шалгах ажиллагаа хоёр талын харилцаанд нөлөөлөх эсэх талаарх асуултад Хятадын Тайванийн асуудал эрхэлсэн албаны хэвлэлийн төлөөлөгч Жан Хань хариулахдаа, Бээжин хоёр талын харилцааг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа гэжээ.
Шалгагдаж эхлэхээсээ өмнө Чэнь Жинэн ирэх жил бил Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийг сонгоход дахин дэвших магадлалтай хүмүүсийн нэгт тооцогдож байв.
Цюрихийн их сургуулийн Хятад судлаач Жан Кристофер Миттелстаедт хэлэхдээ, түүнийг гэнэт шалгаж эхэлсэн нь авлигын эсрэг аян болон Коммунист намыг шинэчлэх үйл явц сулрахгүй гэсэн дохиог өгч байна гэжээ.
Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга нь БНХАУ-ын муж, хотын түвшний хамгийн нэр хүндтэй албан тушаалуудын нэг юм. Энэ албан тушаалыг хашсан хүмүүс төрийн дээд удирдлагад гарах боломж олддог байна. Ши Жиньпин 2007 онд Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Удалгүй тэрбээр шийдвэр гаргах хамгийн дээд байгууллага болох Улс төрийн товчооны Байнгын хороонд элсэж байсан билээ.
Эх сурвалж: The Guardian, Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.