УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮3.5 тэрбумаар 1000 тонн барьцалдуулагч авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх С.Даваасүрэнг маргааш шүүнэ

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, буруугаа хүлээсэн гэх. Түүнд хязгаарлалт тогтоох саналыг Прокуророос шүүхэд гаргасан байна. Уг саналыг маргааш Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэнэ.


С.Даваасүрэнгийн намтрыг харвал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан. 2015 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар томилогдоход нь Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байв. Харин Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар томилогдох үед нь уг хорооны даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байлаа.

Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнгөрсөн наймдугаар сард томилогдсон. Ийн эл албанд томилогдсоноор хойш хоёр сарын дараа |2026.10.23| эхнэрийнхээ танил БНХАУ-ын иргэнтэй тохиролцсон ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулж, Хайнань мужийн компаниас 1000 тонн барьцалдуулагчийг нэг тонныг 6500 юаниар авахаар тохирсон. Оруулж ирэх гэж байсан барьцалдуулагч нь полиакриламид, бентонит агуулсан, хорт хавдар болон угаар үүсгэдэг химийн бодис агуулсан гэх хэрэгт холбогдлоо.

С.Даваасүрэнд холбогдох хэргийг АТГ-аас тодруулахад "Хувьдаа болон бусдад 1 тэрбум гаруй төгрөгийн давуу байдал олох зорилгоор барьцалдуулагч бодисыг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэх гэж байсныг өнгөрсөн долоо хоногт АТГ-ын мөрдөгч нар саатуулан зогсоосон. Эрүүгийн хуулийн 22.1-3 буюу Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "С.Даваасүрэнд хязгаарлалт тогтоох саналыг прокурорын байгууллагаас ирүүлсэн. Баасан гарагт шүүх хурлаар хэлэлцэнэ" хэмээсэн юм.

Үргэлжлүүлэн “Тавантолгой түлш” ХХК-аас асуудлыг тодруулахад "Нийслэлийн хэмжээнд 427 мянган тонн түлш хэрэглэх бөгөөд үүнээс 120 мянган тонн нь Эрдэнэс Тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш, 307 мянга нь хагас коксон түлш байхаар төлөвлөсөн. Эрдэнэшишийн цардуул суурьтай шахмал түлшийг аравдугаар сарын сүүл хүртэл үйлдвэрлэсэн. 80 мянга орчмыг үйлдвэрлэсэн. Уг түлшид ямар нэгэн хууль бус найрлага байхгүй. Стандартад нийцсэн. БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж, барьцалдуулагч оруулж ирэх гэж байсан талаарх мэдээлэл бидэнд байхгүй. Илрүүлсэн АТГ-аас асуусан нь зөв" гэлээ.

Харин Хотын дарга Б.Пүрэвдагваас тодруулахад "Полиакриламид, бентонит агуулсан барьцалдуулагч бодис хилээр нэвтрүүлэх гэж байсан гэх мэдээлэл ирсэн. Маш эмзэг асуудал. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг шууд ажлаас нь чөлөөлнө. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахаар хууль хүчний байгууллагатай хамтран ажиллана. Одоо борлуулагдаж байгаа түлшинд ямар нэгэн хортой бодис байхгүй. Өдөр бүр стандарт хэмжилт хийж байгаа. Санаа зоволтгүй хэрэглэх боломжтой" хэмээв.

Барьцалдуулагчид агуулагдсан гэх полиакриламид, бентонит хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

Полиакриламид бол акриламид гэдэг нэгдлийг полимержүүлж гаргадаг, усанд уусдаг нийлэг бодис юм. Үүнийг ус цэвэршүүлэх, бохир ус цэвэрлэх, ашигт малтмал баяжуулах, цаас үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг. Мөн өрөмдлөгийн угаалгын шингэн, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог.

Полиакриламид өөрөө хоргүй гэж тооцогддог. Эрсдэл нь бүтээгдэхүүнд үлдсэн, урвалд ороогүй акриламидаас буюу мономероос үүсдэг. Акриламид мэдрэлийн системд хортой. Түүнтэй их хэмжээгээр, удаан хугацаанд харьцсан ажилчдын гар, хөл мэдээ алдаж, сульддаг. Олон улсын хорт хавдар судлалын агентлаг 1994 онд акриламидыг "хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай" гэсэн 2А бүлэгт оруулсан. Харин полиакриламидыг өөрийг нь ангилаагүй.

Ундны усанд илэрдэг акриламид голдуу ус цэвэршүүлэхэд хэрэглэсэн полиакриламидаас гаралтай. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага усан дахь акриламидын хэмжээ литрт 0.5 микрограммаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ хүний биед орох акриламидын дийлэнх нь уснаас бус, өндөр температурт шарсан, жигнэсэн хоолноос ирдэг.

2019 онд "Heliyon" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар полиакриламидыг агаарт халааж задлахад аммиак, метан, азотын исэл, нүүрстөрөгчийн давхар исэл ялгарчээ. Харин цэвэр акриламид 175–300 хэмийн халуунд задарч, аммиак, устөрөгч, угаарын хий үүсгэдэг.

Бентонит нь галт уулын үнс өгөршиж үүссэн, монтмориллонит эрдэс голлосон байгалийн шавар юм. Усанд хавдаж, наалдамхай болдог учраас үүнийг өрөмдлөгийн шингэн, цутгуурын хэв, муурны элс, шахмал түлш хийхэд хэрэглэдэг. Үүнээс гадна дарс тунгалагжуулах, мал тэжээлд нэмэх, гоо сайхны маск үйлдвэрлэх зэрэгт ашигладаг. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа бентонитыг хүнсний орцоор хэрэглэхэд аюулгүй гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Бентонит өөрөө хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд ороогүй. Гэвч зарим ордын бентонитод талст цахиурын давхар исэл буюу кварц холилдсон байдаг. Олон улсын хорт хавдар судлалын агентлаг кварцын тоосыг хүний биед хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан гэсэн 1-р бүлэгт оруулсан. Үүнийг удаан хугацаанд амьсгалсан хүнд силикоз өвчин тусдаг. Тиймээс энэ эрсдэл голдуу бентонит олборлож, боловсруулдаг газарт ажилладаг хүмүүст хамаатай.

Бентонитыг ууж хэрэглэхэд өөр эрсдэл бий. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа 2016 онд бентонит шавраар хийсэн хоёр бүтээгдэхүүнд хар тугалга илэрсэн тул хэрэглэгчдэд анхааруулга гаргажээ. Тэдгээрийг усанд хольж уух, арьсанд түрхэх зориулалтаар зардаг байжээ. Үүнээс гадна их хэмжээгээр уувал өтгөн хатах, цусан дахь калийн хэмжээ буурах, эмийн шимэгдэлт муудах эрсдэлтэй. Бентонит шатдаггүй учраас түлшний үнсэнд үлддэг. 2022 онд "Scientific Reports" сэтгүүлд гарсан судалгаагаар шахмал түлшинд бентонитын эзлэх хувь нэмэгдэх тусам илчлэг нь буурчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button