Сурвалжилга, Нийтлэл

Хөл хориогоо цуцлах гэж яарвал 100 жилийн өмнөх алдааг давтах эрсдэлтэй

Коронавирусийн тархалт буурч, ихэнх улс орнууд  хөл хориогоо цуцлаад буй.  Ингэж хөл хориог эрт цуцлах нь өвчний хоёрдогч аюулыг авч ирэх магадлалтайг Америкийн түүх нотолжээ.

-100 ЖИЛИЙН ӨМНӨ Ч ОДООГИЙНХТОЙ АДИЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙСАН-

1918 оны "Испани ханиад”-ын дэгдэлтийн үед өвчний талаар бодит мэдээлэл байхгүй хүн амд хэд хэдэн хориг үйлчилж байжээ. Эцэст нь цар тахлыг зогсоож чадсан хэдий ч асар их хохирол амсаж, 50-100 сая хүн халуун амиа алдсан гэдэг.

Энэ ханиадыг Герман улс Дэлхийн нэгдүгээр дайнд ялахын тулд боловсруулсан зэвсэг гэсэн хувилбар ч мөн гарч байв.

Тухайн үед хүн олноор цугларахыг хязгаарлах зорилгоор хотуудын зугаа цэнгээний газруудыг хаажээ. Тухайлбал бүжгийн заал, кино театрууд ажиллахаа больж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг цуцалжээ. Уг арга хэмжээ ч үр дүнгээ өгч, өвчлөл, нас баралт буурч эхэлсэн байна.

Оршуулгын гаүрууд ачааллаа дийлэхгүйд хүрч, моргууд цогцсоор дүүрсэн тул зарим айл өрхүүд оршуулгын ажиллагаанаас өмнө талийгаачдаа гэртээ хадгалж байжээ. Авсны хомсдолд орсон тул энгийн хайрцагт ч хийж байв. Уран гартнуудыг бүгдийг нь авс урлахыг, энгийн ажилчдыг шарилын газар ухаж бэлтгэхийг уриалж байв.

Орон сууц, оюутны дотуур байрыг түр эмнэлэг болгов. Энгийн эмнэлгүүд дүүрсэн тул ийм арга хэмжээ авсан юм. Зарим өвчтөнийг гадаа хүртэл байршуулж байжээ. Зарим хотод хөл хорио тогтоожээ. Хүн амыг гэрт нь, эсвэл тусгайлан байгуулсан газруудад тусгаарлаж байв.

-ТАРХАЛТ БУУРМАГЦ ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛЖ, УЛМААР ХАЛДВАР УЛАМ БҮР НЭМЭГДСЭН-

Өвчний тархалттай тэмцэхийн тулд улс орнууд дэлгүүр эзэмшигчдээс ид ачааллын цагаар ажиллахгүй байж, худалдан авагчдынхаа тоог хязгаарлах, худалдааны заалуудаар явах хүмүүсийг цөөлөх уриалга гаргаж байв.

Хотууд болон үйлдвэрүүдэд хүмүүсийг олон нийтийн газарт нулимахгүй байх тэмдгүүд бий болж эхэлжээ. Учир нь нулимах нь испани ханиад тараадаг гэж байв. Зарим хотод, тухайлбал, Нью-Йоркт нус шүлсээ хаяхыг шууд хориглож, зөрчвөл торгож байв.

Зарим газруудад амны хаалт зайлшгүй зүүх ёстой гэж байсан юм.

Тухайлбал, Сан-Франциско хотод олон нийтийн газруудад амны хаалтгүй гадуур явсан хүнийг торгож байв. Хязгаарлалтууд хэрэгжиж, хэдэн долоо хоногийн дотор нас баралтын тоо буурчээ. Өвчний тархалт саарсан даруйд Сан-Францискохотын захирагч олон нийтийн цугларалт, арга хэмжээний хоригийг цуцалж,  дөрвөн долоо хоногийн дараа амны хаалтаа авч болно гэж мэдэгджээ. Үүнээс хойш гурван долоо хоногийн дараа халдвар дахин дэгдэж, өмнөхөөсөө  олон хүн халдвар авч, нас баржээ.

Одоогийн коронавирустэй тэмцэж буй улс орнуудын арга хэмжээ 1918 оны “Испани ханиад” гарсан үеийн арга хэмжээнээс ялгарах үйл бараг алга. Техник технологийн давуу талаар тархалтыг бага зэрэг барьж буй ч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь яг адил.

Харин тухайн үеэс нэг ялгарах давуу тал нь вакцин гаргах боломжтойд байгаа юм. Иймд улс орнууд тархалт буурлаа гээд Сан Францискогийн алдааг дахин давтаж болохгүй. Хөл хориогоо цуцлах гэж яарах бус вакцин гартал хараа хяналтаа сулруулахгүй байх нь чухал юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button