Нийгмийн

ЦЕГ: Иргэдээс ирдэг эргэлзээтэй асуултад хариулт өглөө

Цагдаагийн ерөнхий газраас Хэвлэл, мэдээллийн төвийн албан ёсны цахим хуудсанд иргэд, олон нийтээс асуусан нийтлэг 10 асуултад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг хариулт өглөө.

-Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэх үү, зам хаах уу?

-Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020.07.11-2020.07.16-ны өдрийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баяр амралтын өдрүүдэд авто зам хаах талаар мэдээлэл одоогоор ирээгүй байгаа тул хаахгүй хэвийн үргэлжилнэ. Харин “Хүй 7 худаг”, “13 дугаар зуун” цогцолбор руу орох хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд Улсын их баяр наадмыг телевиз, радио, цахимаар хүлээн авч үзнэ.

-Цахим хаягаа бусдад алдчихлаа. Хаана хандах вэ?

-Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 13.10 дахь заалтад заасны дагуу хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд та цахим хаягаа алдсан тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна.

-Жолооны үнэмлэхтэй /шинээр захиалсан, эрх сэргэх хугацаа болсон г.м/ холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

-ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн 70191515 дугаарын утсаар холбогдож жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

-Гэрийн гадаа эсхүл хажуу айлд согтуу хүмүүс хэрэлдээд унтаж амраахгүй байна. Хаана хандах вэ?

-Олон нийтийн газарт, эсхүл орон байранд, хэрүүл маргаан үүсгэж, бусдын өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн тохиолдолд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5.2 дох зүйлд зааснаар хүнийг нэг зуун нэгжтэй /100.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Иймд иргэн та цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд холбогдож дуудлага мэдээллээ өгнө үү. Цагдаагийн алба хаагч тухайн газар очиж, гэм буруутай этгээдэд дээрх хуулийн заалтад заасны дагуу арга хэмжээ авч ажиллах болно.

-Явган хүний зам болон авто замын орц, гарц хааж тээврийн хэрэгслээ байрлуулсан бол хаана хандах вэ?

-Явган хүний зам болон авто замын орц, гарц хааж тээврийн хэрэгслээ байрлуулсан бол Та гар утаснаасаа “UB Traffic” аппликейшн ашиглаж эсхүл Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудсанд хандаж болно.

-Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг хаана гаргах вэ?

-Цагдаагийн алба хаагчтай хууль зөрчсөн, гэмт хэрэг, зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой аливаа гомдол мэдээллийг 126 тусгай дугаар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн 70191212 дугаарын утсаар холбогдож өгнө үү.

-Машинаа ачуулсан бол хаана хандах вэ? Ямар журмын хашаанд очсоныг хаанаас мэдэх вэ?

-www.smartcar.mn болон 7555-1000, 1800-1200 дугаарын утсаар холбогдон тээврийн хэрэгслийнхээ марк, улсын дугаарыг хэлж мэдээлэл авах боломжтой .

-Ахлагчийн сургууль сонирхож байгаа юм. Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хаанаас авах вэ?

-Цагдаагийн ерөнхий газар нь Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран ахлагч бүрэлдэхүүний нөхөн хангалтыг жилд 2-4 удаа зохион байгуулдаг. Иргэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn авч болно. Энэ удаагийн Бүртгэл 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл явагдаж иргэдээс материал хүлээн авч, бүртгэх үйл ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагт дууссан. Дараагийн бүртгэл эхлэх хугацааг цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хуудсаар иргэд олон нийтэд мэдээлэх болно.

-Машин хаагаад явсан бол хаанаас дугаарыг нь мэдэж болох вэ?

-Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн дугаарыг 93021124, 93020124 утсаар холбогдож авч болно.

-Ял шийтгэлийн тодорхойлолтыг хаанаас авах вэ?

-2020 оны 04 дүгээр сарын 20-ноос төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн операторуудаас олгодог болсон. Энэ нь Улаанбаатар хотод “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” худалдааны төв дэх үйлчилгээний нэгдсэн төвүүдээс олгож байгаа болно. Мөн 2020 оны 06 дугаар сараас аймгууд дахь Үйлчилгээний нэгдсэн төвүүдээс мөн авах боломжтой болсон.
Үйлчилгээний нэгдсэн төвүүдээс иргэд лавлагаа авахдаа хурууныхаа хээг уншуулаад авна. Архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг аль ч банкнаас төрийн сангийн 100900012027 тоот дансанд тушааж очих буюу эсвэл банкны карттай очоод картаа уншуулан төлбөрийг төлнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button