Нийгмийн

МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсэд нэр төртэй зүтгэж яваа “Шивээ-Овоо” ХК-ийн үе үеийн уурхайчид, инженер техникийн ажилтнууд, оршин суугч иргэд та бүхэнд түүхт 30 жилийн ойн мэндийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олны зүгээс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний бүлэг орд газрыг анх монгол инженер, геологичид илрүүлэн нээж, нөөцийг тогтоон, улмаар Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь уурхайн барилга трестийн харьяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Хувьцаа эзэмшигчдийн 1995 оны хурлаар тус уурхайг төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын дотоодын эрчим хүч, дулааны нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаараа нийлүүлж байна.

Улс орны амин судас болсон эрчим хүч, уул уурхайн салбарт томоохон хувь нэмэр оруулж буй Шивээ-Овоогийн уурхайн 90 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан билээ. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс уурхайн техник, технологийн шинэчлэл, өр төлбөрийг барагдуулахад анхаарч, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолын дагуу техникийн баазад шинэчлэлт хийж, үүний үр дүнд өнөөдөр нүүрс борлуулалт, хөрс хуулалт, уулын цулын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, эдийн засагт үзүүлэх үр нөлөө нэмэгдээд байна. Мөн уурхайн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг найдвартай, тасралтгүй хангах зорилгоор Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр ажиллаж байна.

“Шивээ-Овоо” ХК зөвхөн нүүрс олборлогч бус эдийн засгийн өндөр чадамжтай үйлдвэрүүдийн цогцолбор болох ирээдүйтэй бөгөөд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор байгуулах бодлого барин ажиллаж байна. Цаашид Монгол Улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах, төвийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлд та бүхэн түүчээлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол орны гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрлээр тасралтгүй найдвартай хангах их үйлсэд зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд та бүхэнд түүхт 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button