Нийгмийн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ, ЯПОН, БНХАУ, АНУ-ын элчин сайд нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНСУ, Япон, БНХАУ, АНУ-ын элчин сайд нартай уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдээ чартер нислэгүүдээр авч буй ажлын талаар ярилцаж мөн тухайн улсуудад амьдарч буй иргэдэд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн гадаад худалдааны гарц, шийдлүүд ярилцжээ.

КОВИД-19-ӨӨС ҮҮДЭЛТЭЙ ХҮНДРЭЛИЙГ ДАВАХ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭВИЙН БОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн ба 2 улс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэсэн юм.

Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд “Ногоон гарц” түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцлаа.


БНСУ-Д АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУДАД БОЛОМЖИТ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцсон юм.


АНУ-Д НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв.

Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв.

Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.


КОВИД-19-ИЙН УЛМААС ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙГАА Ч НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

Япон улсын Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button