ДЭЛХИЙ

Талийгч Айсултан өөрийгөө Нурсултан Назарбаевын төрсөн хүү хэмээдэг байжээ

Энэ сарын 16-ны ням гарагт Казахстан улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан Назарбаев Лондон хотод нас барсан. Түүний үхлийн шалтгаан албан ёсоор ил болоогүй ч Казахстаны хэвлэлүүд зүрх нь зогссон хэмээн бичиж буй юм.

Олон нийтийн мэддэгээр Айсултан бол цуут ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаевын хүү. Харин аав нь Назарбаевынхны хүргэн болсныхоо дараа улс төрийн ажилд идэвхийлэн оролцож, басхүү хөрөнгөжиж, эцэстээ шоронд хоригдож байх үедээ амиа егүүтгэсэн байдаг. Харин Айсултан аавыгаа бусдад хорлуулсан гэж үздэгээ нуудаггүй байсан юм.

Аавынхаа үхлээс хойш Айсултан хар тамхи хэрэглэх болж, хамааралтай болсон гэдгээ өөрийн Фэйсбүүк хуудсаар дамжуулан зарлаж байлаа. Сүүлийн жилүүдийг их Британид өнгөрүүлсэн түүнийг цагдаагийн ажилтны гарыг хазсан, зочид буудлын найман давхраас үсрэхийг завдсан тухай мэдээ хэвлэлээр хөвөрч байв.

Фэйсбүүк хуудастаа Казахстаны улс төрд холбогдох, үнэн худал нь үл мэдэгдэх зүйлсийг тэр бичсээр байсан. Хамгийн онцлууштай нь тэр энэ оны нэгдүгээр сард өөрийн жинхэнэ аавыг Нурсултан Назарбаев хэмээн зарлаж байв. Мөн Нурсултаныг ерөнхийлөгчийн албаа өөрийн хүсэлтээр өгсөн нь ээж Даригагийн шахалт, тэр одоо Нурсултаныг үхүүлэхийг хүсэж буй гэхчлэн бичиж байсан билээ.

Хамгийн сүүлд долдугаар сарын 16-нд тэр Казахстаны толгой тэрбумтан Владимир Кимийн тухай ноцтой баримтуудыг дэлгэсэн юм. Айсултаны ийн учир битүүлгээр нас барсан нь олон хүнд сэжиг төрүүлээд байна.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button